Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дахиад л гацаанд орлоо. Ноцтой улстөржиж хуралдаан тасалдуулах шалтгаан байхгүй, парламентын хоёр гишүүнээс бусад нь бүрдэж 74-үүлээ болоод байхад сөрөг хүчин болсон МАН-ын бүлгийн гишүүдийн нүдэнд “ирц” гэсэн шалтаг торж чуулган гацаах ээлжит “тоглоом”-оороо сонгов.

Хэрэв олонхийн бүлэг ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлэг хуралдаанд орох юм гэнэ. Хэзээ парламентад ийм нээнтэг байсан юм. Аль газрын хууль тогтоох байгууллагын хуульд “Олонхи болсон хүчин ирцээ бүрдүүлсний дараа цөөнх хуралдаанд орно” гэсэн онигоотой заалт байдаг юм.

Сонгогчдоос сурталчилгааныхаа үеэр “Та нарынхаа төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрч морь, нохой мэт зүтгэнэ” гэж царай алдаж, хормойгоо дэвсч саналыг нь гуйж гувшиж авчихаад сэнтийдээ залрахаараа “Олонхи болсон нөхөд ирцээ гүйцээхээрээ биднийг дуудаарай” гэчихээд сууж байгааг юу гэж тайлбарлах вэ. Ийм марзан шалтаг Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд дуулдаагүй. Гадаадад ажлаар явсан гишүүн М.Батчимэг, С.Баярцогт нарыг ирснээр бүртгэсэн нь сөрөг хүчний гэдэнг хөдөлгөсөн бололтой. Гэхдээ л ингэлээ гэж чуулган гацааж суухаар хуралдаандаа оролцоод олонхи ирцээ бүрдүүлэх хэрэгтэйг шаардаад сууж байвал өөрсдийнх нь нэр төрд ч нэмэртэй л хэрэг.

Нэгэнт МАН-ын бүлэг албан ёсоор бүрдэж УИХ-д дэд даргатай болсон тул сөрөг хүчний үүргээ хэвлэлийн бага хурлын өрөөнөөс бус чуулганы танхимдаа илэрхийлэх ёстой.

Гэтэл МАН-ын бүлгийн өнөөдрийн байр сууринаас харахад 1996-2000 онд ардчилагчид засаг барьж байхад МАХН буюу өдгөөгийн МАН-ын гаргаж байсан ааш аягийг харуулж байна. Тэр үед 26 гишүүнтэй МАХН-ын цөөнхийн бүлгийн гишүүд өчүүхэн өө сэв алдалгүй олонхио нээнтэглэж ажил хийлгэлгүй УИХ, төрийн ажлыг гацаадаг байсан юм. Бүтэн гурван сараар ч төрийн машин гацаанд суусан үе байсан.

Одоо МАН тэр түүхээ давтаж шалтаг болгон дээр дөрөөлж төр гацаах гээд байна уу гэж харагдах гээд байна. Гэхдээ одоо 1996 биш 2013 он, ХХ зуун биш ХХI зуун л даа. Парламентат ёс тогтоод 23 дахь жил рүүгээ орлоо. Нялхсын өвчтэй үеийн наадам өнөөдөр зохихоо больжээ. Монголын хууль тогтоох байгууллага аль хэдийнэ эрийн цээнд хүрчихсэн. Насанд хүрчихээд чулуун гэр бариад наадаж суугаа залуу шиг харагдаад байна.

Хэлэх хэлэлцэх зүйл байвал чуулганы танхимынхаа үүдийг буйдангаар дараад биш, үүдээ нээж танхимдаа ороод хэлэлц л дээ. Чуулганы ирц гүйцээх үүрэг, хариуцлага олонхид төдийгүй цөөнхөд хамгаас илүү хамаатай гэдгийг эрхэм гишүүдэд сануулалтгүй биз ээ. Болохгүй бүтэхгүйг шүүмжилж, төрийг гацаалгүй ажиллуулж байг гэж төр барих эрхээс тань сонгогчид завсарлага өгч сөрөг хүчин болгосон шүү гэдгийг МАН-ынхан анхаарах цаг болжээ.

Сөрөг хүчин гэдэг эрх барихаас илүү хариуцлага гэдгийг МАН-ынхан сэхээрэх ёстой. Нөгөө Сүүдрийн Засгийн газар байгуулаад ташуурдаад байна гэсэн яалаа. Тэр ажлаа хий л дээ, ядахдаа, МАН-ын бүлгийн гишүүд ээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж