Элчин сайд тэргүүтэй зочид Баянхонгорт зочлов

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Элчин сайд тэргүүтэй зочид Баянхонгорт зочлов

Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр
сарын нэгэнд Баянхонгор аймгаас төрж гарсан салбар, салбарын нэр хүнд бүхий
таван эрхэм Хонгор нутагтаа ажлын айлчлал хийхээр ирсэн юм. Гурван өдрийн турш
үргэлжилсэн тэдний энэхүү ажлын айлчлалаас нутаг орныхоо хөгжлийн төлөө
санаачлага идэвхитэй хамтран холбоотой ажиллах, аймгийн хот төлөвлөлтийг 2013
онд багтаан хийхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үр дүнг орон нутгийн удирдлага хүлээж байна.

Монгол улсаас Япон улсад суугаа онц
бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баянхонгор аймгийн Хүндэт иргэн С.Хүрэлбаатар,
Монгол Улсын төрийн соёрхолт гавъяат жүжигчин  Д.Сосорбарам, Монгол Улсын Төрийн соёрхолт,
Түүхийн ухааны доктор О.Батсайхан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан “Морин
хуур” наадмын тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч, Хилийн музейн эрхлэгч
Т.Ганболд, Монгол улсын Зөвлөх инженер М.Амаржаргал нар нэгдүгээр сарын 01-ний
өдөр Баянхонгор аймгийн төвд хүрэлцэн ирэв. Тэд ирсэн даруйдаа “Эрдэнэмандал” хайрханд
очиж, аймгийн төвийн ерөнхий байдалтай танилцлаа.

Улаанбаатар хотоос 620 км алс Түйн
голын хөвөөнөө Дуурсахын хөндийд  Баянхонгор
хот оршдог. Хотын баруун хэсэгт байрладаг Хөх толгой буюу “Эрдэнэмандал”
хайрханы оройд нутгийн шүтээн бэлгэдэл “Баянхонгор бурхан”-ы дүрийг залсан
байдаг. Галуут сумын нутаг дахь Хонгор хайрханы эзэн савдаг  “Баянхонгор бурхан” нь  аймгийнхаа  уул ус, газар нутаг, хүн ардыг ивээж,
хамгаалдаг гэх домог бий. 1995 оны зургаадугаар сард тухайн үеийн аймгийн удирдлагууд
Баянхонгор орны эзэн савдаг гэж үздэг дээрхи бурханыг нутгийн шүтээн бэлгэдэл
болгох шийдвэрээ гаргажээ. “Эрдэнэмандал” хайрхан нь аймгийн төв дэх хамгийн
өндөрлөг газар тул нутгийн зон олон цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө
гарган, ургах нарыг харах гэж зорин очдогоос гадна эндээс хотын ерөнхий байдал
бүхлээрээ харагддаг онцлогтой.

Хүндэт зочид ажлын айлчлалынхаа хоёр
дахь өдөр нь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Зөвлөлийн гишүүдтэй уулзаж,
ажил хэргийн ярилцлага хийлээ.  Уулзалтын
эхэнд Баянхонгор аймаг ойрын жилүүдэд хүрэхээр төлөвлөж байгаа бүтээн
байгуулалтын тухай “Хөгжлийг хөдөөгөөс” танилцуулгыг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан
тайлбарласан юм. Орон нутгийн сонгуулийн үр дүнд Баянхонгор аймагт Ардчилсан
нам ялж, шинээр сонгогдсон удирдлагууд Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр
ажиллаж эхлээд сар гаруй болж байна. Зөвхөн 2013 онд аймгийн төсвөө 100 гаруй
тэрбум төгрөгөөр батлуулж чадсан нь тэдний эхний амжилт гэж болно. Үүний 44
тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт буюу бодит бүтэн байгуулалтад зарцуулагдана.

Тухайлбал, Баянлиг, Бууцагаан сумдад
тус бүр 10 тэрбум төгрөгөөр 820 хүүхдийн багтаамжтай сургууль, дотуур байр, 28
ортой эмнэлэг, 180 хүүхдийн цэцэрлэг, 200 хүний багтаамж бүхий соёлын төв,
сумын захиргааны барилга зэргийг барьж Шинэ сумын төв болгох юм. Ингэхдээ өртөг
бага, эрчим хүчний хэмнэлттэй, бат бөх, цаг хугацаа бага шаарддаг Канад
технологийг ашиглана.

Гэр хорооллыг орон сууцжуулахад
түлхүү анхаарч 2020 он гэхэд Баянхонгор хот төдийгүй сумын төвийн иргэд тохилог
амины орон сууцтай болох томоохон зорилтыг ч эхлүүлж байгаа. Энэ онд инженерийн
шугам сүлжээнд холбох ажилд 3,5 тэрбум төгрөг зарцуулна. Одоогоор аймгийн
төвийн долоон мянга гаруй гэр хорооллын айл өрх түлш мод зэрэг хэрэгцээндээ
жилд гурван тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл инженерийн
шугам сүлжээнд холбогдсоноор нэг тэрбум хүрэхгүй төгрөг болж буурахыг албаны эх
сурвалж хэлж байгаа.

Цар хүрээ, ач холбогдолын хувьд
өндөрт тооцогдох бүтээн байгуулалтын нэг бол Баянхонгор хотод 2013 онд
байгуулагдах Дулааны станц юм. Шаардагдах 15 тэрбум төгрөгийг аймгийн
удирдлагууд өнгөрөгч оны 12 дугаар сард Улаанбаатар хотод очиж холбогдох албаны
хүмүүстэй уулзаж, “хөөцөлдсөн“-ий дүнд шийдүүлжээ.

Энэ уулзалтын үеэр “Хонгор нутагтаа
ажлын айлчлал хийж байгаа бидний таван хүн бол энд төрж өссөн нутгийн хүүхдүүд.
Тэр ч утгаараа аймгийнхаа хөгжлийн тухайд сэтгэл тавьж, өөрсдийн  чадах зүйлээр хувь нэмэр оруулахыг эрхэмлэнэ.
Шинээр сонгогдсон аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы зүгээс Японы хамтын
ажиллагааны нийгэмлэг “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газраар дамжуулан
Баянхонгор аймгийн хот төлөвлөлтийг ойрын хугацаанд хийлгүүлэх тухай хүсэлтээ
ирүүлээд байгаа. Монгол Улсын Засгийн Газраас 2013 онд тус байгууллагаар таван
аймгийн хот төлөвлөлтийг хийлгэхээр болсон. Эхний ээлжинд хот төлөвлөлтөө
хийлгэх эдгээр аймгийн нэгэнд Баянхонгорыг сонгуулахад миний зүгээс ихээхэн
хичээх болно. Түүнчлэн Япон улсын Ойта муж Баянхонгор аймгийн хамтын ажиллагааг
сэргээн, идэвхижүүлэх тал дээр ахиц гаргахад чармайн ажиллана” гэдгээ Монгол
улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар
илэрхийлэв.

Харин Төрийн соёрхолт гавъяат
жүжигчин Д.Сосорбарам “Бид зориуд шинэ оны ажлын эхний өдөр аймгийн Засаг дарга
болон Засаг даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байна. Хэдийгээр ардчилал ялж,
ардчилсан нам төр барьж байгаа ч Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд
шүүмжлэлтэй хандах зүйл олон бий. Баянхонгор аймгийн Засаг даргаар сонгогдсон
Д.Жаргалсайханы хувьд залуу хүн, гэвч алдах эрх байхгүй. Нутгийн олны итгэлийг
дааж, шударга дайчин ажиллаарай. Ялангуяа намчирхах байдал гарган чадвар
мэдлэгтэй хүмүүсээ хоморголон халахгүй байхыг 
захимаар байна. Миний хувьд дарга болж байгаа хүнд баяр хүргэдэггүй,
зөвхөн амжилт хүсдэг” гээд ном, тэмдэглэлийн дурсгасан юм. Дараа нь ХДТеатрт
болсон аймгийн сүлд дуу “Баянхонгор миний нутаг”-ийг залах ёслолын арга
хэмжээнд төлөөлөгчид оролцлоо. Үгийг Д.Сосорбарам, Д.Ганбат нар, аяыг Т.Ганболд
зохиосон энэхүү дууны үгийг  крилл,
уйгаржин бичгээр бичсэн хувийг С.Лувсанвандангийн нэрэмжит аймгийн ХДТеатр
болон Нутгийн Удирдлагын ордонд тус бүр хүндэтгэн байрлуулах ажээ. Зохиогдсон
цагаас өнөөдрийг хүртэл дуулж, олны хүртээл болгосоор байгаа Төрийн соёрхолт
гавъяат жүжигчин Д.Сосорбарам тайзнаа “Баянхонгор миний нутаг”-аа эгшиглүүлэхэд,
арга хэмжээнд оролцож байгаа бүхий л иргэд босож аймгийн сүлд дуугаа
хүндэтгэлээ.

Энэ үеэр Монгол улсаас Япон улсад
суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баянхонгор аймгийн Хүндэт иргэн
С.Хүрэлбаатарыг Баянхонгор аймгийн “Өргөмжит зөвлөх”-өөр томилж, батламжийг
аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан гардууллаа. Мөн Монгол Улсын төрийн соёрхолт
гавъяат жүжигчин  Д.Сосорбарам, Монгол
Улсын Төрийн соёрхолт, Түүхийн ухааны доктор О.Батсайхан нарыг Баянхонгор
аймгийн “Хүндэт иргэн” болгон өргөмжлөв.

Монгол улсаас Япон улсад суугаа онц
бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид дараагаар нь “Соого
Сейко” бүрэн дунд сургуульд зочлон, ажил байдалтай нь танилцав. Тус сургууль нь
2006 онд Ойта- Монголын Найрамдлын нийгэмлэгийн гишүүд,  Япон улсын Ойта мужын “Соого Сейко” группын
анд нөхдийн хандиваар байгуулагджээ. “Энэ хичээлийн жилд манай сургууль 482
сурагч, 40 гаруй багштай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Анх
бага сургуулийн хэв шинжтэйгээр байгуулагдсан  бол одоо математик, бүтээлч сэтгэлгээний
гүнзгийрүүлсэн, урлаг урлалын төрөлжсөн, япон хэлний нэмэлт сургалттай бүрэн
дунд сургууль болон өргөжсөн” гэж  тус
сургуулийн захирал С.Оюунбилэг яриандаа онцолсон.

Дараагаар нь аймгийн төвийн
нэгдүгээр сургууль буюу “Номундалай” цогцолборт хүрэлцэн очиж, анги танхимаар
орохын зэрэгцээ сурагч хүүхдүүдтэй халуун дотно яриа өрнүүлэв. Дашрамд
сонирхуулахад Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
С.Хүрэлбаатар,Төрийн соёрхолт гавъяат жүжигчин Д.Сосорбарам нар тус сургуульд суралцаж
 байжээ. Аймгийн түүхийн музей болон
байгалийн музейг үзэж сонирхсон   төлөөлөгчид дараагаар нь орон нутгийн
“Хонгор”, “Баянхонгор” телевиз болон “Баянхонгор таймс” сонинд ярилцлага өглөө.

Хонгор нутаг дахь айлчлалынхаа гурав
дахь өдрийн өглөө буюу нэгдүгээр сарын гурванд Монгол улсаас Япон улсад суугаа
онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид аймгийн
ИТХ-ын дарга Д.Ширмэн болон, Хурлын тэргүүлэгчдийн урилгаар уулзалт, ярилцлага
хийлээ.

Энэ өдөр аймгийн ХДТеатрт цугласан Ерөнхий
боловсролын сургууль болон МСҮТ-ийн сурагчдад Монгол улсын Төрийн соёрхолт
гавъяат жүжигчин Д.Сосорбарам лекц уншлаа. Дараа нь “Монгол улсын
XX зууны эхэн үеийн
түүхийн нөхцөл байдал” сэдэвт лекцээ хүрэлцэн ирсэн иргэдэд зориулж Монгол
улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор О.Батсайхан хүргэв. Хөтөлбөрийн
дагуу төлөөлөгчид Баянхонгор хотод үйл ажиллагаа явуулдаг “Өлзийт” МСҮТөвд энэ
өдөр зочилсон. Энэ төвийн хамт олон гадаад харилцаагаа хөгжүүлэн Япон улсын
хэсэг эрдэмтэдтэй хамтран, төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Үүгээр Монгол улсаас
Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар тэргүүтэй
төлөөлөгчдийн Баянхонгор аймгийн төвд ажиллах албаны хуваарь өндөрлөж, нэгдүгээр
сарын дөрөвний өдөр Улаанбаатар хотыг зорилоо.

Б.БАТГЭРЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж