![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/b7fd2f5e67939275/e4fdea4937f626ccbig.jpg)
Долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойшхи чуулганд Засгийн газраас мэдээлэл хийдэг. Энэ хүрээнд УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Гэхдээ энэхүү мэдээллийг хийхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Засгийн газрын цагийг эхлүүлэх боломжгүй байгааг мэдэгдлээ. Үүнийгээ хоёр үндэслэлээр тайлбарласан. Нэгдүгээрт, УИХ-ын үдээс өмнөх хуралдаан ирцгүйгээс болж хуралдаагүй. Хоёрдугаарт, Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийх бол, тухайн асуудлаа долоо хоногийн өмнө цөөнхийн бүлэгт мэдэгдэж, мэдээллээ хүргүүлэх ёстой байсан. Гэвч энэ тухай мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлэгт ирүүлээгүй. Үүнээс болж МАН-ын бүлэг хариу илтгэл бэлтгэх бололцоо олгосонгүй” гэсэн юм.
УИХ-ын даргын зүгээс “УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд Ардын намын бүлгийн гишүүд бүгд орж ирсэн ч ирцэндээ ороогүй. Шалтгаан байгаа бол түүнийгээ мэдэгдэх ёстой. Засгийн газрын цагийн хувьд гишүүдийн ирц хамаарахгүй учраас Ерөнхий сайд мэдээллээ хийх бололцоо нээлттэй” хэмээн мэдэгдсэнээр Засгийн газрын цаг үргэлжилж байна.
Г.ДАРЬ