хамгийн хүчирхэг лигийн од тоглогчид болох Коби Брайнт, Леброн Жеймс нар
тэргүүлж байна. NBA-ын Бүх оддын тоглолтод оролцох санал асуулгад сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигийн од тоглогчид болох Коби Брайнт, Леброн Жеймс нар тэргүүлж байна. NBA-ээс өчигдөр Бүх оддын тоглолтын санал асуулгын гуравдугаар шатны талаарх мэдээллийг танилцуулжээ. Одоогоор нийт дөрвөн тоглогч тус тус нэг саяас дээш тооны санал аваад байгаа гэнэ.
Нийт саналын тоогоор “ЛА Лейкерс”-ийн тоглогч Коби Брайнт тэргүүлж байгаа бол “Майами Хит”-ийн Леброн Жеймс удаалж байна. Санал асуулгын эхний шатанд Жеймс саналын тоогоор илүү байсан бол хоёрдугаар шатанд Кобигийн саналын тоо давжээ. Өдгөө Брайнт 1,177,456 санал, харин Жеймс 1,151,304 хүний санал цуглуулаад байна. Мөн “Оклахома Сити Тандер”-ын Кевин Дюрант (1,088,797), “Нью-Йорк Никс”-ийн Кармэло Энтони (1,054,099) нар нэг саяас дээш тооны саналтай болжээ. Тэдний араас Двейн Уейд (Маймаи Хит), Двайт Ховард (ЛА Лейкерс) нар бичигдэж байна.
Одоогоор гарааны бүрэлдэхүүнд багтаад буй тоглогчдыг танилцуулбал,
Дорно бүс: Ражон Рондо /Селтикс/, Двейн Уейд /Хит/, Леброн Жеймс /Хит/, Кармэло Энтони /Никс/, Кевин Гарнетт /Селтикс/
Өрнө бүс: Крис Пол /Клипперс/, Коби Брайнт /Лейкерс/, Кевин Дюрант /Тандер/, Блейк Гриффин /Клипперс/, Двайт Ховард /Лейкерс/
NBA-ын 62 дахь удаагийн Бүх оддын тоглолт ирэх хоёрдугаар сарын 17-нд “Хьюстон Рокетс”-ын үндсэн талбай болох “Тоёота центр”-т болно. Сагсан бөмбөгийн ертөнцөд олны анхаарлыг зүй ёсоор татдаг Бүх оддын тоглолтод оролцох шилдгүүд энэ сарын 14-нд эцсийн байдлаар тодрох юм.