Монголын спортын салбарт өнгөлж яваа энэ хамт олон өнгөрсөн оны амжилтаараа Монголын шилдгийн шилдэг спорт холбоодын нэгээр шалгарч, шинэ оны босгон дээр “Бөртэ чоно” гардсан. Мөн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг олимпийн хоёр медальтан төрүүлсэн гавьяагаа үнэлүүлж, “Бөртэ чоно” ёслолоос шилдгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон юм. Түүнийг спортын сэдвээр дагнан бичдэг сурвалжлагч, сэтгүүлч нарын саналаар шалгаруулсан билээ.
Тэгвэл, Азийн боксын холбооноос ч мөн МОБХ-ны үйл ажиллагаа үнэлж, шилдгээр нэрлэсэн байна. Тодруулбал, шинэ оны босгон дээр тивийн шилдгүүдийг, ингэхдээ шилдэг тамирчин, дасгалжуулагч, холбоо, албаны хүмүүсээс гадна өнгөрч буй 2012 онд зохион байгуулсан тивийн тэмцээнүүдээс шилдгийг нь шалгаруулжээ. Үүнд Азийн боксын холбооны дэмжлэгтэйгээр Монголын олимпийн боксын холбооноос Улаанбаатар хотноо зохион байгуулсан Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулалтын өндөр төвшинд, олон улсын жишиг, стандартад нийцэхүйц хэмжээнд байсныг үнэлсэн аж. Азийн боксын холбооноос ажлын хэсэг томилж, шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд энэ комиссыг Азийн боксын холбооны ерөнхийлөгч Гофур Рахимов ахалж, Удирдах зөвлөлийн бүх гишүүдийг хамруулсан байна. Шилдгүүдийн шагналыг ирэх дөрөвдүгээр сарын 10-16-нд Филиппинд болох Азийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний үеэр, эсвэл мөн сард болох /тов одоогоор тодорхойгүй/ Азийн өсвөрийн аваргын үеэр гардуулах ажээ.
Азийн боксын холбооны 2012 оны шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг тамирчин (эрэгтэй): Серик Сапиев /Казахстан/
Шилдэг тамирчин (эмэгтэй): Рен Цанцан /Хятад/
Шилдэг залуу тамирчин: Ахмалбек Косимов /Узбекистан/
Шилдэг шүүгч: Баходир Жуманиязов /Узбекистан/
Шилдэг дасгалжуулагч: Хирокүни Мото /Япон/
Шилдэг техникийн ажилтан: Ньева Ембулдения /Шри Ланка/
Шилдэг холбоо: Казахстаны боксын холбоо
Шилдэг ерөнхийлөгч: Акира Ямане /Японы боксын холбооны ерөнхийлөгч/
Шилдэг генсек: Эдгар Пиксон /Филиппиний боксын холбооны ЕНБД/
Шилдэг тэмцээн: ASBC Asian Confederation Women"s Boxing Championships Ulaanbaatar 2012
Дэлхийн цувралд тоглож буй Азийн шилдэг тамирчин: Руслан Мурсатаев /Казахстан/
Шинийг санаачлагч: Эхсан Рузбахани /Ирэн/