ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй уулзан урд хөршид тоглоод ирсэн “Цөмөөхэй” балет болон шинэ ондоо үзэгчдэдээ дэлгэхээр зэхээд буй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө News.mn сайтын хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны эхний ярилцлагаа сайхан мэдээгээр эхлүүлж байгаадаа таатай байна. ДБЭТ 2012 онд БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-тай хэлэлцээр хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тяньжин хот “Grand Theater”-тай болоод хагас жил болж байгаа. Хэдийгээр тус театр одоогоор өөрсдийн гэсэн жүжигчидгүй байгаа ч энэ хагас жилийн дотор олон улсын хэмжээний сонгодог театруудын тоглолтуудыг гэрээ хэлэлцээр хийж, урин уран бүтээлийн эхний улирлаа эхлүүлсэн.
-Анх яаж энэ театрынхантай холбоо тогтоосон бэ?
-Биднийг Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхимийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай зуучлан холбож өгсөн. Тэрээр АНУ-д 20 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа Хятад үндэстэн. Түүнийг АНУ, БНХАУ хоёр улсын соёлын солилцоонд бол маш их үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үнэлдэг. Тэрээр БНХАУ-ын бүх симфони, оркесторыг удирдан тоглуулж байсан, Тяньжины “Grand Theater”-ын захиралтай өмнө нь цуг ажиллаж байсан гээд өөрийнхөө хүрээнд дотно хамтын ажиллагаатай байсан нь бидэнд аз болсон. Мэдээж олон улсын хэмжээнд баригдсан мэргэжлийн театр анхны нээлтийн тоглолтуудаа аль болох олон орны театруудаас урьж оролцуулахыг хичээсэн маш сонирхолтой менежмент хийж байгаа. Тиймээс тус театрынхан манайд хандсан. Арванхоёрдугаар сарын 24-26-нд тоглох боломжтой учир, зул сартай холбоотой ямарваа нэгэн уран бүтээл байна уу хэмээн санал асуусан. Мэдээж өнөөдөр хүн төрөлхттний сонгодог урлагт мэргэжлийн өндөр төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц сонгодог бүтээл бол П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балет. “Цөмөөхэй” Монголд “мэндлээд” 30 жил болж байгаа. Манай тайзнаа 1982 онд анх тоглосон энэхүү бүтээл маань өнөөдрийг хүртэл бидний урын санд байн тоглогдсоор ирсэн. Би өөрөө XX зуунаас эхлэн буюу 2000 оноос эхлэн “Шин жилийн шилдэг сонголт “Щелкунчик”” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил “Цөмөөхэй”-гээ театртаа тоглоогүй. Ер нь бол сүүлийн 11 жил дэлхийн бусад улс орны адил зул сараар “Щелкунчик”-ээр амьсгалдаг. Тиймээс манай театрын хувьд “Щелкунчик” бол зул сар, шинэ жилийн тоглолт гэдгээрээ хүмүүсийн сэтгэл зүйд бэлэн байсан.
-Тяньжины театрт зочилсон анхны сэтгэгдэл?
-Би өнгөрсөн наймдугаар сард Тяньжин хотын “Grand Theater” анх удаа очсон. Тяньжин хот бол далайд гарцгүй монголчуудын хувьд маш чухал хот. Монголын эдийн засаг, бизнесийн ертөнцийг Тяньжингүйгээр төсөөлөхөд хэцүү. Далайгаар дамжин Монголд ирдэг бизнесийн бүх ачаа Тяньжинээр дамждаг. Тяньжин Улаанбаатар хот ах дүүсийн барилдлагаа тунхаглаад энэ жил 20 жил болж байгаа юм. Ер нь ямарваа нэгэн улс орон, хот хоорондын харилцаа ард түмнийх нь эдийн засаг, найрамдал, улс төрийнх нь харилцааны хамгийн том гүүр нь соёл урлаг болдог. Үүнд нэн ялангуяа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлаг чухал. БНХАУ-д 150 хүний бүрэлдэхүүнтэй “Цөмөөхэй” балет тоглох том төслийг бид зориг гарган хамтдаа хэрэгжүүлж чадсан. Би өөрөө менежер хүний хувьд сэтгэл өндөр байгаа. Учир нь бид үүдээ нээгээд удаагүй шинэхэн театрт бүх тайз, хувцас, гэрлтүүлэгч, хувцасны нярав, нарийн бичиг, тайзны ажилтан, балетын гоцлоочид, бүжигчид гээд уран бүтээлд ямар хүн хэрэгтэй бүгдийг нь авч явсан. Энэ бол тийм ч амар байгаагүй. Ердөө л өнгөрсөн наймдугаар сард гэрээгээ хийсэн учраас бидэнд цаг бага байсан. Бид үндсэн ажлаа хийхийн хажуугаар хоёр сар бэлтгэлээ базаасан.
-“Щелкунчик” нэлээд амаргүй бүтдэг балет гэж дуулсан юм байна?
-“Щелкунчик”-ын бусад балетуудаас хамгийн хэцүү нь балетын ертөнцийн бүх насныхан, балетын урлагийнхан дөрөв, таван үеэрээ ордог. Зул сарын гэр бүлийн нэн ялангуяа хүүхдүүдийн амьдралыг харуулдаг учраас хөгжим, бүжгийн коллежийн сурагчид, ДБЭТ-ын дэргэдэх балетын студийн хүүхдүүд тоглодог. Энэ удаад ч бид хүүхдүүдээ авч явсан. Үүнд театрын уран бүтээлчдийн зүгээс зөвхөн сайн бүжиглэхээс гадна олон зүйлүүд шаардагдаж байсан.
-ДБЭТ-ын хувьд 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр буюу ийм том баг анх удаа гадны тайзнаа тоглосон байх аа, тийм үү?
-Монголын сонгодог урлаг ийм том бүрэлдэхүүнээр буюу яг дэлхий хүлээн зөвшөөрсөн цогц уран бүтээлийг гадны тайзнаа тавьсан анхных нь. Манай балетынхан өмнө нь буюу XX зуунд гадаадын оронд тоглолтуудаа хийж байсан. Гэхдээ хөгжимчдийн бүрэлдэхүүнгүйгээр хөгжмөө фонаграмаар тавьж байсан. Мөн Улаан-Үд, Казакстанд манай дуурийнхан үндэснийхээ дуурийг толилуулж байсан. Түүнээс яг ингээд тайз, гэрэл хувцас гээд тоглолтын бүх бүрэлдэхүүнээрээ гадаадад тоглож байгаа нь анх удаагийнх юм. Сайн уран бүтээлийг сайн тоглоход хамгийн амаргүй нь танихгүй тайз, үзэгчид байдаг. Тяньжины театр 1600 хүний суудалтай. Бид зул сарын баяраар буюу 24, 25, 26-нд гурван өдөр “Цөмөөхэй” балетаа тоглосон. Тэд биднийг маш сайн хүлээж авсан. Улс орны үзэгч болгон өөр байдаг. Монголчууд илүү сэтгэлийн хөөрөлтэй, өөрийгөө шууд шулуухан, хүчтэй илэрхийлдэг бол манай урд зүгийн үзэгч бол нэлээн хүлээцтэй, тайван хүлээж авдаг. Тэр бол тухайн улс орны соёлын өвөрмөц онцлогууд байдаг.
-Мэргэжлийн том театрт багаараа очиж ажиллах ямар байсан бэ?
-Үүнд, хамгийн чухал нь бид тэнд тоглолт хийхээс гадна маш том мастер класс болсон. Шинэ акустиктай театрт манай симфони хөгжим хоёр өөр удирдаач буюу Н.Туулайхүү, Жин Дун Цай нарын удирдлаган дор тоглосон. Мөн бүжигчид маань манай театрыг бодвол нэлээн том, шинэ тайзан дээр орон зайг мэдэрч тоглосон бол тайз, гэрлийн ажилчид маань тухайн театрын ажилчид шиг үйл ажиллагааг гартаа авч бүгдийг өөрсдөө хийсэн. Үүгээрээ ч манай уран бүтээлчид олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн юм байна гэдгийг харуулсан. Монголын уран бүтээлчид ямар ч мэргэжилнүүдээс илүү туршлага хуримтлуулсан гэдэг нь харагдаж байсан. Тус театр нь байгуулагдаад таван сар болж байгаа бол манайх 50 жилийн түүхтэй. Нэгдмэл нэгэн цул хүчин болж чадсан учраас бидний ажил сайн үр дүнд хүрсэн гэж бодож байгаа. Тэдний тайз нэлээд том байсан. Тиймээс бид 1982 онд Оросын агуу зураач Марозовын бүтээсэн тайзны зохиомжоо томсгосон. Гэхдээ яг тэр эртний эх хубилбарыг нь алдагдуулахгүй хийсэн нь манай зураачдын ур авьяасыг харуулсан. Тус театрт Оросын “Хунт нуур” балет, “Ромео Жульетта” ирж тоглосон юм билээ. Мөн том оркесторын концертууд их тоглогдсон. Гэхдээ манайх шиг бүх тайзаа Машагийнхаа орыг хүртэл аваад очсон газар байгаагүй. Бидэнд бэрхшээлтэй зүйл олон байсан ч түүнийг даван туулж, гурван тоглолтоо мэргэжлийн өндөр төвшинд нэг ч алдаагүй тоглон өндөр үнэлгээ авсан. Үүний үр дүнд “Grand Teatre” театрт 2013, 2014, 2015 онд жилд нэг удаа тоглох хамттын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
-Цаашид ямар бүтээлээ энэ театрт тоглох бол? Тэдний зүгээс ямар нэгэн санал тавьсан уу?
-Мэдээж тэдний эхний сонирхож байгаа зүйл бол Дж.Вердийн “Аида” дуурь. Тяньжины “Гранд” театрынхан биднийг ирэх есдүгээр сард ирж тоглооч ээ гэсэн саналыг тавьж байгаа. Бид өнөөдөр “Щелкунчик” балетыг 150 хүний бүрэлдэхүүнтэй авч явсан бол “Аида”-г тавихын тулд 300 хүнийг авч явна. Тэгэхээр үүнийг манай байгууллага ганцаараа хийж дийлэхгүй. Хамгийн түрүүнд “Цөмөөхэй” балетыг Тяньжины театрт тоглоход тусалсан ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд баярлалаа. Тэрээр биднийг өнгөрсөн наймдугаар сард Тяньжины театрт гэрээ хийгээд ирэхэд 40 сая төгрөгийн санхүүжилтийг олгож өгсөн. “MCS” групп, “Хүннү ресурс”, “МИАТ” ХХК , Улаанбаатар төмөр зам, “Кашмер” хаусынхан бидэнд дэмжлэг үзүүлсэн. Энэ удаа Тяньжины “Гранд” театр, Стэнфордын их сургуультай хамтран тоглолтоо зохион байгуулсан. “Аида” дуурийг тэнд тавихад найз нар маань туслана байх гэж бодож байгаа. Хэрвээ бидэнд Дж.Вердийн “Аида” дуурийг толилуулах санхүүжилт нь олдвол “Реквием”-ыг цуг тоглоно гэж бодож байгаа. Учир нь нэгэнт хүчирхэг найрал дууны байгаа авч явж байгаа тохиолдолд концертын тэр гоё зааланд нь “Реквием”-ыг зэрэг тоглуулах боломж бол нээгдэж байгаа.
-“Цөмөөхэй”-г тоглуулах энэ төсөл хэдэн төгрөгөөр бүтсэн бэ?
-Ерөнхийдөө энэ төсөлд 100 орчим сая төгрөг шаардагддсан. Бүгдийг нь олсон.
-Тэгвэл “Аида” дуурийг БНХАУ-ын театрын тайзнаа тавихад чамгүй хөрөнгө хэрэгтэй болох нь ээ?
-Гайгүй дээ, хоёроор л үржүүлчихье л дээ. Гайгүй шүү дээ. Манай Монгол Улсын эдийн засаг өсч байгаа, хүмүүсийн сонгодог урлагт хандах хандлага өндөр болж байгаа. Бидний мэргэжлийн төвшин сайжирч, гадаад харилцаа маань илүү өргөжиж байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учраас бид театртаа зөвхөн гадны уран бүтээлчдийг урин мундаг гэж хэлэх биш бид өөрсдөө өөрсдийгөө зоригтойгоор сурталчлахгүй бол бидний өмнөөс хэн бидний тухай ярьж, ажлыг маань хийхгүй шүү. Ямар ч байсан эхлэл нь маш сайн байсан. Цаашид улам сайжирна гэж бодож байгаа.
-“Цөмөөхэй” балетын нээлт, хаалтад олон хүндтэй зочид очсон гэсэн?
-Энэ тоглолтод маш их ач холбогдол өгсөн. БНХАУ- д Монгол Улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар манай нээлтийн үйл ажиллагаанд ирсэн. Бидэнд хүндэтгэл үзүүлж, Монголын соёл урлагийн ертөнцөд болж байгаа түүхт үйл ажиллагаанд бидэнтэй хамтдаа байсан. Төгсгөлийн буюу гурав дахь өдөр Монгол Улсад суугаа БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Xiaolong Wang ирсэн нь маш том хүндэтгэл гэж үзэж байгаа. Жилийн төгсгөл гээд маш их ажилтай, завгүй байсан ч хоёр эрхэм сайд хоёр улсын найрамдал, соёлын солилцоонд хамгийн том үүрэг гүйцэтгэж байгаа ажлуудын нэг гэж хүндэтгэл үзүүлж ирсэнд бид маш их талархаж байгаа. Мөн Тяньжин хотын өдөр тутмын сонин, сайт, "Нью-Йорк" сонины сурвалжлагч Sheilla M, “Tianjin Daily News” сонины эрхлэгч Han Xiao Jing нар болон Тяньжины балетын сургуулийн захирал ирсэн. Тяньжины балетын сургуулийнхан тоглолтын өмнө хүлээлгийн танхимд яг юуны тухай тоглох гэж байгаа гээд тухайн уран бүтээлийн талаар мэргэжлийн хүмүүс сонирхолтой яриа өрнүүлдэг нь бусад театруудаас онцлог санагдсан.
-Тун удахгүй АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг ДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур”-ыг “Winter star 2012” оддын хамт толилуулахаар товоо зарласан. Шинэ ондоо үзэгчдэдээ өөр ямар бэлгүүд задлахаар зэхээд байна?
-ДБЭТ Монголын үзэгчдэдээ шинэ оны бэлгээ задлахаар зэхээд байгаа. Энэ сарын 11, 12-нд Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нарын хамт “Хунт нуур” балетад тоглох бол 19-нд тайзнаа тоглох алдарт Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг АНУ-ын удирдаач дохин, 27-нд эгшиглэх Дж.Пуччинийн “Тоска” дуурьт Армяны шилдэг тенор Ованес Айвазян сопрано Б.Эрдэнэтуяатай дахин хоршино гээд олон сонирхолтой тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэнэ.
-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.