УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүд “хурлаа тасалснаас” болж хойшиллоо. УИХ-ын чуулганы энэ өдрийн ээлжит хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн хууль, тогтоолын төслүүд буцаах тухай, “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай”, Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. Гэтэл өнөөдрийн хуралдааны ирц 48,6 хувьтай л байжээ.
Бүрдэх гэж багагүй цаг хугацаа алдсан парламент үе үе хуралдахгүй байх, улсын ажлыг хойшлуулах үзэгдэл удаа дараа гардаг болж. Гэхдээ энэ ангид хичээлдээ идэвхитэй ирдэг олон гишүүд бий. Тухайлбал, өнөөдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намын нөхдөө дагуулан идэвхитэй сууж байлаа. Энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцохоор Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, А.Бакей, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Батхүү, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, З.Энхболд, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, С.Сономпил, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон, С.Дэмбэрэл, С.Оюун, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн ирсэн байв. Ямар ч чуулганд таслалгүй ирдэг нь ИЗНН, мөн бие даагчид. ИЗНН-ын хувьд хоёр гишүүнтэй, харин гурван бие даагч “хичээлээ” таслах нь тун ховор.
Одоогоор УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, М.Зоригт, Д.Эрдэнэбат нар УИХ-ын даргаас чөлөө авсан бол гишүүн Л.Болд, Л.Эрдэнэчимэг, С.Батболд, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй гэдгээ мэдэгдсэн байна. Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын томилолтоор хилийн чанадад яваа. Харин УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаадад яваа парламентын гишүүн Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, орон нутагт яваа Д.Бат-Эрдэнэ, ирэх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн Б.Болор болон ямар ч шалтгаангүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирээгүй Су.Батболд, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, Д.Батцогт нарын гишүүн хуралдааныг тасалсан байна.
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэх гэж танхимын нөхдөө багагүй хугацаанд хүлээсэн боловч нэгэнт гишүүд ирэхгүй гэсэн учраас ирэх пүрэв гариг хүртэл хойшлуулсан юм. Төрийн албан хаагчид ажлаа тасалбал цалин хасах, арга хэмжээ авах тогтолцоо олон бий. Улс орны бодлогыг чиглүүлж, хууль баталдаг эрхмүүд ажилдаа хойрго хандаж, чуулганы хуралдааныг хойшлуулах нь хэр зүйтэй юм бол доо. Хоёр гишүүнээ орхиж шинэ оноо угтсан ч энэ ондоо “эвлэж”, ирцээ бүрдүүлж, чуулганы хуралдааныг хойшлуулахгүй байхыг УИХ-ын даргын зүгээс сануулсан. Ямартай ч гишүүд ажлаа тасалж, томилолтоор хилийн чанадад явснаас энэ удаагийн чуулганы хуралдаан долоо хоногоор хойшиллоо. Дараагийн удаа 76-р ангийн “дарга” нь ч, ангийн нөхөд нь хуралдаа идэвхитэй байхгүй бол олон хуулийн төсөл, улс орны бодлог урагшлахгүй нь бололтой шүү. Энэ гишүүд ард түмний итгэлийг хүлээж энэ танхимд сууж байгаа гэдгээ мэддэг л байгаа даа.