“Олонх ирцээ бүрдүүлбэл хуралдаанд орно”

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

“Олонх ирцээ бүрдүүлбэл хуралдаанд орно”

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 12.00 цагийн орчимд УИХ-ын дарга тус хуралдааныг цуцалсан юм. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр Бид УИХ-ын үйл ажиллагааг ёс журам, хуулийн дагуу явуулъя гэж  хичээж байна. Өнөө өглөө манай бүлэг хуралдаад, чуулганы хуралдаанд өндөр ирцтэй оролцох, хуулийн дагуу санал хурааж байх талаар ярилцсан. Тиймээс энэ ажлыг бид өөрсдөөсөө эхлүүлэх ёстой  гэж үзэж байна. Зарим нэгэн хуралдаан дээр ирц хүрэхгүй,  үүний улмаас ирээгүй байгаа гишүүдийн өмнөөс кнопыг нь дарж санал өгдөг үзэгдэл байнга гарах болсон. Төрийн ажлыг ингэж авч явж болохгүй, хуулинд ч ийм заалт байхгүй. Байхгүй байгаа гишүүний оронд кноп дарж санал өгнө гэдэг хууль зөрчиж байгаа хэрэг.  Ирцийг ирсэн хүн нь бүртгүүлээд чуулганаа хуралдуулах нь хамгийн зөв гарц.  Манай бүлгийн гишүүд хуралдаанд оролцоход бэлэн байгаа. Одоо олонх ирцээ бүрдүүлэх юм бол бид хуралдаандаа оролцож, асуудлуудыг хэлэлцэнэ. Гэтэл гадаадад явсан М.Батчимэг, С.Баярцогт хоёр гишүүнийг ирсэн гэж бүртгэсэн байна.  Ингэж дутуу ирцийг бүрэн юм шиг бүрдүүлээд, өмнөөс нь кноп дардаг байж боломгүй байна. Тиймээс бид чуулганыг хуулийн дагуу хуралдуулах ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна” гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж