Сурагчдын өвлийн амралтад зориулсан телевизийн хөтөлбөрийг 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өдөр тутмын сонин болон телевизийн хөтөлбөрийг нийтэлдэг сонин, сэтгүүлүүдэд долоо хоног бүр нийтэлнэ.
Сайд Л.Гантөмөрийн гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амрах бол хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 1 дүгээр сарын 28-наас эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2 дугаар сарын 4-нөөс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013 оны 2 дугаар сарын 4-нөөс эхэлнэ. Хөдөөгийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл “Цагаан сар”-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.
Хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буй Боловсрол суваг телевиз, Монгол масс медиа группийн хамт олонд Боловсрол, шинжлэх ухааны яам Монголын нийт хүүхэд, эцэг эх, багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.