-Мазаалай баавгай хамгаалал ямар түвшинд байна вэ. 2006 оноос эхлэн зарим шийдвэр гарч эхэлсэн гэдэг?
-Өнгөрсөн хугацаанд Мазаалай баавгайн тоо толгой цөөрч, устах аюул ойрхон байна гэсэн анхааруулгыг эрдэмтэд өгсөөр байсан. Салбарын тухайн үеийн удирдлагууд анхаарч шийдвэр гаргаж байсан юм билээ. Тухайлбал, 2005 оноос хамтарсан судалгааны баг ажиллаж, мазаалайн тоо толгой, хүйс, биологи, экологи болон ангилал зүйг судалж, 15 баавгайд сансрын болон радио дохиололт хүзүүвч зүүсэн. Мазаалайд хүний сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор Шар хулстын баянбүрдийн дундуурх авто замд хаалт хийж, чиглэлийг өөрчилж байсан юм байна. Мөн Говийн их дархан цаазат газарт 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мазаалай өсгөн үржүүлэх цэг байгуулсан. Сүүлд байршил нь оновчгүй болсон тул тэнд Мазаалай аваачиж өсгөн үржүүлэхэд тохиромжгүй гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Нөгөө талаар Мазаалайг судалдаг, үржүүлдэг мэргэжилтнээ бэлтгэх асуудал хоцорч яваа юм байна лээ. Тиймээс Мазаалай үржүүлэх ажил олигтой яваагүй бололтой. Тиймээс үүнийг судалгааны байр болгох чигтэй байгаа. Мазаалайн тоо, толгой, шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, үржил, Мазаалайд заналхийлж байгаа нөлөөлөл зэрэг судлагдаагүй үлдсэн зүйлүүд бий. Эдгээрийг судлахад ашиглана.
-Ажлаа авснаасаа хойш мазаалай хамгаалал чиглэлээр ямар ажил эхлүүлэв?
-Энэ оны есдүгээр сард ажлаа аваад аравдугаар сард Мазаалай баавгайг судалдаг, сонирхдог талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Одоогоор найман эм, 14 эр мазаалай нийтдээ 22 толгой Мазаалай бий гэсэн судалгаа байгаа. Мазаалайн хүйсийн харьцаа алдагдсан, үржил доголдсон гэсэн дүн байдаг. Уулзалтаар цаашдын гарцын талаар ярилцаж, бүгд дорвитой ажил эхлүүлэх цаг болсон гэдэгт санал нэгдсэн. Тиймээс 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн анхны хурлаар Мазаалай баавгайн асуудлыг хэлэлцсэн. Хурлаар хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан. Юуны түрүүнд 2013 оны нэгдүгээр сард 15-20 тонн нэмэлт тэжээлийг худалдан авч Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэгт Мазаалай баавгайг ичээнээс гарах үед нь нэмэлт тэжээлийн цэгийг тогтвортой ажиллуулах боллоо. Мөн тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, иддэг ургамлыг нь тарималжуулахаар болсон. Энэ сараас эхлэн төрийн бус байгууллагынхантай хамтран орон нутагт тэжээлийн цех байгуулна.
-Мазаалайн генетикийн судалгааг олон жилийн өмнөөс эхлүүлсэн. Энэ ажил хэзээ дуусах вэ?
-Ангилалзүйн тал дээр мазаалай өөрөө бие даасан зүйл үү, хүрэн баавгайн зүйл үү гэдэгт маргаантай байдаг юм билээ. Тиймээс ангилал зүйн маргааныг таслахын тулд мазаалайн генетикийн судалгааг хийсэн байгаа юм. Хэрэв хүрэн баавгайнаас тусдаа биеэ даасан зүйл бол олон улсын байгууллагын анхааралд ордог юм байна.
-Судалгааны дүн юу гэж гарсан юм бэ?
-Түвд баавгайн салбар зүйл гэсэн урьдчилсан судалгааны дүн гарсан байдаг. Энэ судалгаа одоо хүртэл дуусаагүй ирэх гурван жилийн турш ШУА-ийн Биологийн хүрээлэнд судлана гэсэн яриа явж байна. Өмнөх жилүүдэд гарсан шийдвэр болон хийгдсэн ажлууд Мазаалай хамгааллын талаар дорвитой арга хэмжээ авахад суурь болж байна гэж үзэж байгаа.
-Мазаалайн генийн санг хамгаалах чиглэлээр ямар ажил хийгдэх вэ?
-Мазаалайн генийн санг хамгаалах чиглэгдсэн ажлыг судалж байна. Одоогоор Мазаалайн бамбаруушийг амьтны хүрээлэнд өгөхөөр судлаж байгаа. Манай улсад ийм туршлага байхгүй учраас бамбаруушийг тэжээгээд гаршуулж, үржилд оруулж чадах газар сонгоно гэдэг их чухал юм байна. Иймээс Хятадын Панда үржүүлсэн туршлагыг ч харах хэрэгтэй гэж үзэж байгаа. Лабораторийн нөхцөлд хэрхэн үржүүлсэн зэрэг туршлагаас судалж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллахыг Хятадын Байгаль орчны дэд сайдыг манай оронд ирэхэд нь санал болгосон. Мөн Аляскийн Хар баавгайд үр хөврөл шилжүүлэн суулган үржүүлсэн туршлагатай Өмнөд Солонгосын талтай уулзаж, Мазаалайн үр хөврөлийг шилжүүлэн суулгах талаар судалгааны санал тавьсан. Мөн муугаар ярихад Мазаалай байгальд устаж алга болбол генийн нөөцийг хадгалж үлдэх нь чухал.
-Генийн нөөцийг хадгалж үлдээх талаар ямар байгууллагатай хамтарч ажиллах вэ?
-Мазаалай баавгайн генийн нөөцийг хадгалж буй Сандиегогийн их сургуулийн генобанкийн лабораторт Монгол судлаачдыг генетикийн судалгааны чиглэлээр мэргэшүүлэн ажиллуулж гэрээ хэлцэл байгуулах нь зөв гэж шийдсэн. Мөн ангилал зүйн маргаантай асуудлыг 2013 онд багтаан шийдвэрлэх, Мазаалай баавгайн генийн нөөцийг тодорхой нөхцөлтэйгээр хадгалуулах, ашиглуулах гэрээг албажуулах юм.
-Монголд амьтны хүрээлэн байгуулах боломж бий юу. Амьтны хүрээлэнтэй болбол өөрсдөө ховордсон амьтдаа хамгаалж, өсгөн үржүүлэхэд нь анхаарч болмоор?
-Говийн Их дархан цаазат газрын эко системд тохирсон нэн ховор амьтдын үндэсний хүрээлэн байгуулах боломжийг судлахаар болсон. Амьтдыг торонд хориод хүмүүст үзүүлээд байх биш, байгалийн зүй тогтлоороо өсч үрждэг, бусад ан амьтантай хүрээлэн байгуулах судалгааны ажлыг 2013 онд эхлүүлнэ. Эко системийг түшиглэсэн хүрээлэн байгуулагдвал эргээд тухайн амьтныг өсгөн үржүүлэх, хамгаалахад шаардагдах санхүүжилт босгох болон аялал жуулчлалын чиглэлийн ач холбогдолтой. Энэ онд Мазаалай баавгайн талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхээр ажиллана. Тиймээс Сайдын тушаалаар Мазаалай баавгайтай холбоотой бүхий л асуудлыг зохицуулах үүрэг бүхий олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулагдан орон тооны нарийн бичигтэй ч болно. Ажлын хэсгийг би ахалж ажиллах юм. Мөн хандивын данс бий болгох зэргээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэх юм.
-Мазаалайг хамгаалах талаар танай яамны энэ санаачилгыг Ерөнхийлөгч, Засгийн газар хэр дэмжиж байгаа вэ. Ажлын уялдаа холбоо байна уу?
-Ангилал зүйгээс хамаарахгүйгээр Мазаалай хэмээх өөр нэртэй баавгай Монголд байгаа нь чухал. Тусдаа салбар зүйл байна уу одоо чухал биш. Мазаалайг хамгаалах нь Монголын төрийн ажил. Энэ бол бидний үүрэг. Тахийг бид харсаар байгаад алдсан. Үүн шиг хувь заяаг давтаж болохгүй.