Үндэсний компаниудаа дэмжих бодлого бий

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Үндэсний компаниудаа дэмжих бодлого бий

Үндэсний компаниудаа дэмжих бодлого бий

Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд ил болгоод удаагүй байна. Хуулийн төслийг тойрсон янз бүрийн үнэлэлт, дүгнэлт ч эхнээсээ гарч эхлэв. Энэ үед хуулийн төслийг Боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч  Д.Мөнхтуяаг урьж, хуулийн шинэчилсэн найруулгыг тойрсон зарим асуудлаар ярилцлаа. 

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ямар хүмүүс ажилласан бэ? Таны хувьд Ажлын хэсэгт ямар үүрэг, оролцоотой байв?   

Анх Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн боловсруулах ажлын хэсэг 2010 онд Ашигт малтмалын газар дээр байгуулагдаж энэ хуулийг шинэчлэх талаар олон нийтийн санал авах, төслийн анхны хувилбарыг боловсруулах ажлууд хийгдэж эхэлсэн юм. Миний хувьд энэ хуулийн төсөл дээр тэр үеэс буюу 2010 оноос хойш ажиллаж байна.

2011 онд Ерөнхийлөгчийн захирамжаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах П.Цагаан даргаар ахлуулсан  Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан юм. Дотроо зөвлөх болон боловсруулах гэсэн хоёр дэд ажлын хэсэгтэй. Зөвлөх хэсэг нь тухайн үеийн УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын хориод хүнээс бүрдэж байлаа. Боловсруулах ажлын хэсгийг би ахалсан.  Үндсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй, салбарын 3 мэргэжилтэн, 4 хуульч.

Манай ажлын хэсэгт салбараа төлөөлж, голлох үүрэг гүйцэтгэсэн гурван туршлагатай мэргэжилтэн бий. Эрэл хайгуултай холбоотой асуудлыг ерөнхийд нь Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ, уулын ажил, олборлолт талыг Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн нар хариуцаж ажилласан. Ажлын хэсэг анх байгуулагдахад П.Цагаан дарга Боловсруулах ажлын хэсэгт орох хүмүүсээ өөрөө сонго, эцсийн үр дүнг чамаас нэхнэ гэсэн юм. Энэ хоёр хүнд би өөрөө санал тавьсан. Алдаагүй. Мөн одоо Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байгаа Жавхланболд байна. Эдгээр мэргэжилтэн маань бодлого талдаа ямар байхыг хэлж, зөвлөнө. Тэд аль нэг тал руу гуйвж дайвж, хэн нэгний эрх ашгийг хамгаалаагүй. Яг л геологийн, уул уурхайн салбарын эрх ашгийн төлөө ажилласан гэж би боддог.

Яг хуулийн төсөл бичих нь хуульчдын ажил шүү дээ. Энэ хуулийн төсөл дээр ажилласан манай хуульчдын багт надаас гадна Н.Тайван, Б.Лхамсүрэн, Г.Сурахбаяр гэсэн хуульчид ажилласан. Эд нар маань бас л салбартаа танигдсан сайн хуульчид. Гурван хуульчаас дөрвөн санал гарнагэж ярьдаг. Хуулийг аль болох хийдэлгүй зөв стандартаар боловсруулахын тулд бид олон цагийг хэлэлцэж, зөвлөлдөж, зарим асуудал дээр бүр санал хурааж ч үзсэн. Яг төслийг гардан бичих ажлыг би гүйцэтгэсэн болохоор хуулийн төсөлд орсон үг, үсэг, цэг, таслалын учрыг тайлбарлах үүрэгтэй байх. Үүний зэрэгцээ энэ том хуулийг дагаад 30-аад хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор төлөв гарсан. Энэ дагалдан гарах хуулийн өөрчлөлт дээр бид бас нэмээд 2 хуульч ажиллуулсан. Мөн хуулийн төслийн зарим бүлэгт тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтдийг урьж зөвлөгөө авсан. Тухайлбал уурхайн хаалтын эрх зүйн дэглэмийг тодорхойлоход ШУТИС-ийн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирал М.Дагва багш оролцож өөрийн судалгаан дээр үндэслэж бидэнд маш үнэтэй зөвлөгөө өгсөн нь төсөлд зохих ёсоор тусгагдсан байгаа.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван удаа авч үзсэн

Өмнөх хуулиудтай харьцуулбал энэ хуулийн гол концепци юуг өөрчлөхийг хүссэн бэ? Энэ талаар ерөнхий ойлголт өгөхгүй юү?

1997, 2006 оны хуулийг зарим хүн их муу, эсвэл зарим нь их сайн хууль гэж ярьдаг. Миний бодлоор, эдгээр хууль тухайн үеийнхээ уул уурхайн салбарын нөхцөл байдалд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн  хуулиуд. Магадгүй, илүү дээр байж болох байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг их муулаад баймааргүй санагддаг. Эдгээр хуулиудад сайн ч юм бий, муу ч зүйл олон бий. Одоогийн бидний боловсруулсан хууль ч тийм. Угаасаа хууль анхнаасаа төгс төгөлдөр байдаггүй. Бидний боловсруулсан хуулиас ч хэрэгжих явцад дутуу харсан, сайжруулмаар зүйлүүд гарч ирэх л байх.

Хүмүүс нэг асуултыг их асууж байна. Хаанахын хуулийг хуулаад биччихэв гэж. Манайд хууль хуулаад бичих нь түгээмэл учраас тэгж асууж байгаа байх. Үзэж судалсан хууль зөндөө бий. Мэдээж, хамгийн түрүүн Австралийн хуулийг харсан.  Австрали ганц хуультай улс биш. Муж болгон тусдаа хуультай. Дээр нь Канад болон бусад олон улсын хуулийг үзэж, судалсан.

Зарим хүмүүс, ялангуяа гадныхан Алжир, Ангол ч юм уу, бидэнтэй хөгжлийн ижил түвшний улс орнуудын хуулийг үзэх ёстой гэдэг л дээ. Бид тийм зарчим бариагүй. Уул уурхайтай холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өнөөдөр стандарт болчихлоо. Бид ч гэсэн дэлхийн стандарт руу явахыг хичээж байгаа учраас аль болох тэр мундаг гэгддэг улсуудын хууль ямар байдгийг харахыг зорьсон. Үнэнийг хэлэхэд, тэр дундаас алийг нь ч хуулаагүй. Бид анхны Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш туршлага сууж л байна шүү дээ. Юун дээр онов, юуг алдав. Гэрээн дээр л ярихад, гэрээтэй холбоотой асуудлууд бидэнд юуг сургамж болгов? Байгаль орчин, өөр бусад асуудал ч ялгаагүй. Тэр л туршлага, сургамж дээр тулгуурлаж алдаагаа засахыг оролдсон хууль. Бусад улсын хуулиас зарим тодорхой санаа, уул уурхайд стандарт болоод тогтсон хэм хэмжээг авсан зүйл мэдээж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ганц нэгхэн зүйл өөрчлөөгүй. Уул уурхайн салбарын хэмжээнд маш олон асуудлыг хөндөж байгаа. Шинээр гаргаж тавьж буй зүйл ч маш их. Өөрчилж байгаа нь ч олон бий.

Хууль санаачлагчийн хувьд Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг боловсруулах явцад байнга анхаарч, төсөлд орсон гол гол үзэл баримтлалын асуудлаар тодорхой чиглэлүүдийг өгсөөр ирсэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар төслийн үзэл баримтлалыг 2011 оноос хойш ҮАБЗөвлөл дээр 3 удаа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр нэг удаа ярилцаж төслийн үзэл баримтлалд тодорхой саналууд өгөгдөж төсөлд тусгагдсан. Хуулийн төсөлд орсон үзэл баримтлалын гол гол өөрчлөлтийг нэлээд хэдэн үндсэн чиглэлээр ярих хэрэгтэй байх.

 

Төрийн оролцоо тодорхой түвшинд яригдахаас аргагүй

Нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаан дахь төрийн оролцооны талаарх асуудал. Уул уурхай бол бизнесийн үйл ажиллагаа мөн. Гэхдээ онцлогтой. Онцлог нь юундаа байна вэ гэхээр энэ бизнесийн харилцааны гол объект буюу өмчлөлийн зүйл болох ашигт малтмал нь төрийн өмч байдаг. Энэ үүднээс өөрийн хөрөнгөөрөө бизнес эрхэлж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж байгаа бизнесийн үйл ажиллагаатай харьцуулбал уул уурхайн бизнест онцлог зохицуулалтууд бий. Тэр нь юуны өмнө төрийн оролцоогоор илэрнэ. Төрийн өмчлөлийн зүйл дээр тусгай эрх авч, үйл ажиллагаа эрхлээд эцсийн бүлэгт төрийн өмч нь хувийн өмчид шилжиж байгаа үйл ажиллагаа. Өөр ямар ч бизнест байдаггүй харилцаа энд үүсдэг учраас төрийн оролцоо тодорхой түвшинд яригдахаас аргагүй. 2006 оны хуулиар тодорхой ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож хуульчилсан. Шинэ хуулийн төслөөр уул уурхайн бизнест төр хувь эзэмших байдлаар хамтран оролцох эрхийг хязгаарласан. Стратегийн орд гэж шинээр зарлахгүй. Тэр дундаа төр 34 хувь, 51 хувийг эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл төр бизнесийн хамтрагч биш, харин төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналтаа тавих байдлаар уг харилцаанд орохоор тусгасан. 

Гэхдээ УИХ-ын тогтоолоор нэгэнт батлагдчихсан 15 ордын асуудал бий. Нэгэнт өмнө нь 15 ордыг нэр заан стратегийн ач холбогдолтой гэж заасан тул шинэ хуулиар шууд стратегийн орд гэж байхгүй гэчихвэл тэдгээр ордын асуудал зохицуулалтгүй үлдэнэ. Тиймээс уг 15 ордтой холбоотой тодорхой зохицуулалтыг оруулахаас аргагүй болсон. Хэрэв хуулийн энэ концепци хэвээр батлагдвал үүнээс хойш энэ 15 дээр нэмэхгүй, харин хасагдах байдлаар явна. Яваандаа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэж байхгүй болж, төр ашигт малтмалын ордод хувь эзэмших асуудал үгүй болно гэсэн үг.

Стратегийн ордоос хасах үндэслэл нь юу байх вэ? Хасагдах асуудал УИХ-аар орох уу?

Ямар ч үндэслэлээр хасч болно гэж үзсэн. Засгийн газар санал оруулж, УИХ шийднэ. Нэмэх гээгүй хасч байгаа учир элдэв нөхцөл шаардлага тавиагүй.

Хувийнхаа бодлыг хэлэхэд ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой гэж ангилсан зохицуулалт нь 2006 оны хуулиас гарсан маш хэцүү асуудлуудын нэг. Зовлонтой зохицуулалт, олигтой хэрэгждэг ч үгүй. Үндсэндээ 2006 оноос хойш Оюутолгой, Тавантолгойг эс тооцвол бусад орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоо болтол тогтоож чадахгүй байна. Авах ёстой л гээд байгаагаас авч чадсан юм үгүй. Таван жил өнгөрөөд байхад явахгүй байгаа нь амьдралд нийцэхгүй байна гэсэн үг.

 

Төрийн өмч гэдэг үгнээс айх хэрэггүй

Төрийн хувь эзэмшил үгүй болох нь хуулийн гол концепци гэлээ. Гэтэл хуулийн төслийг харахад эсрэгээр ойлгогдож байна. Төслийн өмнөтгөлд “Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж буй ашигт малтмал төрийн өмч мөн” хэмээн оруулснаас эхлээд төрийн оролцооны бүхэл бүтэн бүлэг байх жишээтэй. Мөн сонгон шалгаруулалт явуулна гэсэн  үг тусгай зөвшөөрлийн хэсэгт их олон байна. Ингэхдээ төрийн өмчит компанид сонгон шалгаруулалтгүй өгнө гэх жишээтэй?

Юуны өмнө төр хувь эзэмшиж оролцох, хувь эзэмшихгүйгээр оролцох 2-ыг салгаж ойлгох хэрэгтэй. Төр хувь эзэмшиж оролцох эрхийг нь хязгаарлаж байгаа гэдэг нь ерөөсөө энэ харилцаанд төрийн оролцоог хязгаарлана гэсэн үг биш. Төрийн өмч байгаа учраас төр оролцох нь гарцаагүй.

Ашигт малтмал төрийн өмч биш ард түмний өмч байх ёстой гэж ярих тохиолдол их байх юм. Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтаас болж  хүмүүс ашигт малтмал ард түмний өмч гэж ойлгоод байх шиг байна.

Гэтэл энэ нь тийм биш л дээ. Би цэвэр хууль зүйн асуудал ярья. Өмч гэдэг бол хууль зүйн цогц ойлголт. Өмч гэж аливаа эд юмыг дангаар нь хэлээд байгаа юм биш. Уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэн нэгэнд хадгалагдаж байж сая эд хөрөнгө өмчболдог. Өмчлөх эрхийг хэн хэрэгжүүлж байгаагаас хамаараад аливаа өмчийг төрийн өмч, орон нутгийн өмч, байгууллагын өмч, хувийн өмч гэх мэтээр ялгаж хууль тогтоомжоор зохицуулдаг. Өөрөөр хэлбэл өмчлөгч субъект нь тодорхой байж эрх үүрэг нь хуульчлагдана гэсэн үг. Гэтэл ард түмэн гэдэг нь эрх зүйн хувьд нэг субъект биш юм.

Ард түмэн гэж яг хэнийг хэлээд байна, та бид, магадгүй Монгол Улсын иргэний харъяалалтай бүх хүнийг хэлэх байх. Ашигт малтмал ингээд бүх хүний өмч юм бол та ч, би ч дуртай газраа хүрз бариад газар ухаж алт олвол өмчлөх эрхтэй болох нь. Нинжа чинь тэгвэл хууль ёсны өмчлөгчийн эрхээ эдэлж байгаа юм байна. Бүх хүний дундын өмч юм бол бүгдэд тийм эрх бий.

Ер нь бусад улс орны хуулийг аваад үзэхэд ард түмний өмч гэсэн хууль зүйн ойлголт байдаггүй. Дэлхий нийтэд байгалийн баялаг нь төрийн, эсвэл хааны өмч байдаг. Тэгэхээр би ард түмний өмч гэсэн энэ томъёоллыг уран сайхны хэллэг гэж ойлгодог.  Үндсэн хуулийн тэр заалт тунхаглалын шинжтэй, хуульд орохоороо зохицуулах чадвар байхгүй.Ард түмэн өмчийн эрхтэй байна гэдгийг хууль зүйн үүднээс тайлбарлах боломжгүй гэсэн үг л дээ. Хууль зүйн зохицуулалтад ороод ирэхээр ард түмэнд аливаа өмчийн эрх байгаа бол түүнийгээ төлөөлөх байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Тэр нь төр л байдаг. Харин төр нь сайн муу ажиллаж байгаа, УИХ, ЗГ, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч үүргээ хэрхэн биелүүлж байгаа зэрэг нь тусдаа асуудал. 

Энд би ашигт малтмалын өмчлөгч нь маргаангүй төр юм шүү гэж хэлэх гэсэн юм. Төр өмчлөгчийн хувиар бүх эрхийг эдэлнэ. Ингэхдээ төрөөс бусад этгээдэд эрхээ шилжүүлэх замаар байгалийн баялгийг ашиглуулахдаа түүнээс олсон орлого, ашгийг ард түмний сайн сайхны төлөө зарцуулах ёстой. Үндсэн концепци нь энэ юм.

Тиймээс төрийн өмч гэдэг үгнээс айх хэрэггүй. Газрын хэвлийд байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал бол төрийн өмч. Хүний гараар хөндөгдөөгүй эрдэс баялгийг хэлж байгаа хэрэг. Төрөөс тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр татвар хураамжаа төлөөд, үүргээ биелүүлээд, эрхийнхээ дагуу олборлоод гаргаад ирснийг олборлосон этгээдийн өмч гэж дэлхий нийтэд үздэг. Уул уурхайн хайгуул, олборлолтын салбарт явагдаж байгаа бизнесийн үндсэн агуулга нь энэ.

Төрийн оролцооны бүтэн бүлэг байгаа тухайд дээр хэлсэн нэгэнт төрийн өмчийн талаар ярьж байгаа учраас төрийн оролцоо бүх бүлэгт байгаа.

Уг нь сонгон шалгаруулалт бол энэ хуулийн үндсэн зарчим. Гэтэл төрийн өмчит компанид сонгон шалгаруулалтгүй олгоно гэхээр хүмүүс жаахан эмзэглээд байх шиг байна. Энэ заалтыг сүүлд нэмсэн юм. Бодитой асуудал гарч ирсэн учраас нэмсэн. Жишээлбэл, Багануур, Эрдэнэтийн нөөц дуусаад нөөцийг нэмэгдүүлье нэмж талбай өгье гэхээр тийм зохицуулалт байдаггүй. Уг нь эргэн тойронд нь хэний ч тусгай зөвшөөрөлд ороогүй сул талбайнууд байгаад байдаг. Гэтэл тэр талбайг шууд олгох хуулийн заалт байхгүй учраас Багануурт өгч чаддаггүй. Хуулийн дагуу заавал сонгон шалгаруулалтаар дамжих гээд байдаг. Гэтэл Багануур бол Улаанбаатарыг дулаацуулж байгаа ганц уурхай. Төр эргэн тойрны нөөцтэй талбайг нь Багануурт л өгөх сонирхолтой байна биз дээ. Сонгон шалгаруулалт явуулсан ч бодит амьдрал дээр бэлгэ тэмдгийн чанартай шалгаруулалт явуулаад л Багануурт өгөх байх. Заавал тэгэх хэрэг юу байна. Тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй талбай гэдэг нь хэний ч эзэмшилд байхгүй сул талбай гэсэн үг. Тэр сул талбайнаас төр өөрийн өмчит компанидаа сонгон шалгаруулалтгүйгээр олгож болно гэсэн санаа. Энд хэн нэгний эрх ашиг хөндөгдөхгүй. Хүний лицензийг булааж аваад төрийн өмчит компанид өгөх тухай асуудал яриагүй.            

Ирээдүйдээ чиглэсэн, олон улсын түвшний стандарт руу хандсан гээд хуулийн концепци их гоё байна. Гэхдээ Монголын маань өнөөдрийн нөхцөл ямар билээ. Улс төр ямар юм, эрх ашиг ямар юм, дараалал ямар юм гээд үзэхээр асуудал их бий. Тусгай дэглэм тогтоох зорилгоор Засгийн газар Стратегийн ордод Орд ашиглах гэрээ байгуулна гэж заасныг юү гэж тайлбарлах вэ? Хэрвээ хүсвэл Засгийн газар Орд ашиглах гэрээ байгуулна гэж байна. Ямар нөхцөлд гэрээ байгуулах үндэслэл нь тодорхойгүй, их ерөнхий заалттай юм?

Ер нь энэ төслийн бас нэг үндсэн концепци бол уул уурхайн үйл ажиллагааг гэрээгээр зохицуулахгүй, хуулиараа зохицуулах явдал. Хууль байсаар байтал хууль давж гэрээ байгуулаад байгаа нь буруу гэж үзсэн. Одоо бол 50 сая доллараас дээш хөрөнгө оруулсан л бол гэрээ байгуулах зохицуулалт байгаа. Хуулийн төсөлд орсон Орд ашиглах гэрээний зохицуулалт нь зөвхөн стратегийн гэж нэрлэгдээд байгаа 15 ордод л хамаарах юм. Гэхдээ заавал гэрээ байгуулна гээгүй Засгийн газар хүсвэл гэрээ байгуулж болно гэсэн агуулгаар орсон. Гэрээ байгуулаагүй бол хуулийн зохицуулалтаараа явна гэсэн үг.

Тусгай дэглэм гэдэг нь бусад ердийн журмаар явж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харьцуулахад, стратегийн 15 орд дээр арай өөр дэглэмээр явнаа гэж байгаа юм. Гэрээ байгуулж байна гэдэг нь тусгай дэглэм тогтоож байна гэсэн үг л дээ.

Төсөлд байгаа Орд ашиглах гэрээний талаарх зохицуулалт нь одоогийн байгаа Хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалтаас зарчмын хэдэн ялгаа бий. 1-рт энэ гэрээ зөвхөн хөрөнгө оруулахтай холбоотой асуудлыг зохицуулахгүй. Манай өнөөгийн хуулийн зохицуулалт нь ордыг ашиглахын тулд хөрөнгө оруулна, зөрүүлээд татвараа тогтворжуулна, эсвэл чөлөөлнө гэсэн ганцхан концепцоор явдаг. Одоо бол хөрөнгө оруулалтын биш орд ашиглах гэрээ байгуулна. Орд ашиглах нь цогц үйл ажиллагаа. Олборлолт, байгаль орчин, уурхайн хаалт, олон нийт, бүс нутгийн хөгжил гээд цогц асуудлыг гэрээгээр тохирно.

Гэрээ байгуулах үндсэн зарчмуудыг тодорхойлсон. Хэлцэл учраас талууд хоорондоо тохиролцох асуудлууд байна. Гэхдээ хуульд заасан зарчмын хүрээнд хуульд нийцүүлэн тохиролцоо хийнэ. Гэрээнд нийцүүлж хуулийг өөрчилж болохгүй. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ заавал тэд байна гэж заагаагүй.

 

Хууль эргэж үйлчилдэггүй зарчимтай

10 дугаар зүйл тэр чигтээ Оюутолгойн гэрээг гацаанаас гаргах гарц хайхад  зориулагдсан юм болов уу гэж анзаарлаа. Магадгүй ганц Оюутолгойд ч зориулаагүй, тэндээс үүдсэн алдааг засах заалтууд болов уу? Бас байгаль орчны чиглэлээр гарсан “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарцыг ч бий болгосон заалт байх шиг санагдсан?

Бидний Оюутолгой, Бороо дээр байгуулсан гэрээнээс  сургамж авахаар юм зөндөө гарлаа. Үндсэндээ юун дээр алдсанаа л засах гэж оролдсон. Мэдээж энэ хуулиар Оюутолгойн гэрээг
өөрчлөх боломжгүй. Хууль эргэж үйлчилдэггүй зарчимтай. Тэр утгаараа одоо байгуулагдсан байгаа гэрээн дээр бид асуудал ярихгүй. Алдаанаасаа сургамж авч дахин давтахгүй байх нь чухал юм.

Нэгдүгээрт, гэрээ байгуулах хугацааны асуудал дээр тодорхой зарчим тавьсан. Гэрээний хугацаа нь хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай адил байна. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь ТЭЗҮ-ээр тодорхойлогддог. Орд болгон дээр өөр өөр байна гэсэн үг. Жишээ нь “Оюутолгой” дээр анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 6 орчим жил байсан санагдаж байна. Гэрээг цаашид сунгаж болно, гэхдээ өөр нөхцлөөр.

Хоёрдугаарт, гэрээний нөхцөлд тодорхой зарчим тогтоосон. Гэрээний эхний хугацаанд хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа нөхөж олж авах баталгааг төр гаргана. Татвараа тогтворжуулна. Бусад хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлж болно. Харин анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэрээний хугацаа дуусч цаашид сунгах бол аливаа хөнгөлөлт чөлөөлөлтийн дэглэм үйлчлэхгүй. Бусад компаниудын адил татвар хураамжаа төлөөд явна гэсэн үг. Хөрөнгө оруулагчийн эхлээд оруулж ирсэн хөрөнгөд нь хүндэтгэлтэй хандаж, Монголын төр баталгаа өгнө. Оруулсан хөрөнгөө ямар нэгэн эрсдэлээс айлгүйгээр баталгаатай эргүүлэн нөхөж авна харин цаашдаа бизнесийн эрсдэлээ өөрөө даана гэсэн зарчим юм.  Энэ шударга зарчим мөн биз дээ. Оюутолгой ордод байгуулсан гэрээ шиг ордын нөөц дуустал 70 жил баталгаа өгч хамаг татвар хураамжаа царцааж болохгүй.

Гуравдугаарт, хуулиар тогтоосон татвар, төлбөр, хураамжийг гэрээгээр чөлөөлөөд байгаа. Энэ нь хуулийн зарчимд нийцэхгүй. Аливаа татвар, төлбөр, хураамжийг шинээр бий болгох аль эсвэл түүнээс чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулдаг зарчимтай. Зөвхөн хуулиар л нэмэгдэж, хасагдана. Гэтэл бид хуулиар тогтоосон төлбөр хураамжаас гэрээгээр чөлөөлөөд байна. Хуулиас дээгүүр гараад явчихаж байгаа биз. Тэгэхээр үүнийг хориглосон.

Мөн төлбөр хураамжийн хэмжээг тогтворжуулах асуудлыг гэрээгээр зохицуулахгүй гэсэн. Төлбөр, хураамж бол зорилгоороо татвараас өөр. Үйлчилгээ авсан эсхүл аливаа зүйлийг хэрэглэж ашигласны хариу төлбөр байдаг. Татвар бол өөр хэрэг. Татварын хувь хэмжээг хөдөлгөөнгүй царцааж болж байна. Харин төлбөр хураамжийн хэмжээг царцаах тухай асуудал байх ёсгүй. Хэн ч үйлчилгээ авсныхаа төлөө хураамж төлөх, эсхүл ус ашигласаныхаа төлөө бусдын адил төлбөр төлөх үүрэгтэй. 

Дөрөвдүгээрт, гэрээг өөрчлөх нөхцөлийн талаарх зарчим. Нэгэнт гарын үсэг зурсан бол 70 жил “бандан тас” гэж болохгүй л дээ. Хууль зүйн ойлголтоор бол хоёр тал өөрсдийн эрх ашгийг харилцан хамгаалахын тулд гэрээ байгуулдаг. Магадгүй гэрээ үйлчлэх явцад 5, 10 жилийн дараа ямар нэгэн асуудал гарсны улмаас нэг талын нөгөө гэрээгээр хамгаалахаар зорьсон эрх ашиг хамгаалагдаж чадахаа боливол тэр тал гэрээг өөрчлөх санал тавих эрхтэй. Үүнийг хуульчилсан. 

Ер нь уул уурхайн салбарт төрийн бодлого хүчтэй явдаг нь эргээд л нөгөө өмчлөлтэй холбоотой. Төрийн өмч учраас тэнд төрийн бодлого явна. Төрийн өмч учраас төр заавал менежментэд нь оролцоно. Эдийн засгийн талаасаа аль болох урт удаан хугацаанд тогтвортой орлогыг уул уурхайн үйлдвэрлэлээс олох сонирхол төрд бий. Тэр үүднээс жилд олборлох бүтээгдэхүүний дээд хэмжээг зааж өгөх эрх төрд байдаг. Үүнийг гэрээгээр тохирох ёстой. Гэтэл магадгүй, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа дээр ахиу олборлолт явуулъя гэж компани хүсэх юм бол түүнийг дагаад гэрээний бусад нөхцөлүүд өөрчлөгдөх үндэслэл болно. Энэ мэтээр хуулийн зүйл заалт болгоны цаана зөв стандарт тавихыг хичээсэн бодлого, санаа явж
байгаа.

Стратегийн ордын хувьцааны 10 хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжина гэдэг заалтыг хэрвээ хэрэгжүүлдэг бол хөрөнгийн зах зээлийн хөгжилд их тустай заалт гэж зах зээлийн мэргэжилтнүүд хардаг байсан. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд гарц нээж өгсөн заалт хасагдаа юу гэж харж байлаа?

Уг нь тийм шаардлага тавибал хөрөнгийн зах зээлийн хөгжилд сайнаар нөлөөлөх нь үнэн ч нэг асуудал бий. Тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгодог. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нээлттэй ч байж болно хаалттай ч байж болно гэсэн үг л дээ. Аж ахуйн нэгж заавал хувьцаа гаргаж дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах үүрэг оногдуулж болохгүй юм. Аж ахуйн нэгж нь ХХК байх уу ХК байх уу гэдэг нь цэвэр өөрийнх нь шийдэх асуудал юм.  Бизнесийн шийдвэр гаргадаг процесс руу төр хүчээр хуулиар орж болохгүй. Нэг бол анхнаасаа зөвхөн ХК-д тусгай зөвшөөрөл олгоно гэдэг ч юм уу, эсхүл нэгэнт хувьцаагаа арилждаг компаниудын хувьд хувьцааныхаа 10 хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан худалдана гэвэл арай логиктой болно.

 

Шаардлагатай бол илүү тодорхой заалт оруулахыг үгүйсгэхгүй

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниас энэ газрыг чинь улсын нөөцөд авлаа гээд авах нэг хэрэг. Яг олборлолтын түвшинд хүрсэн, асар их хөрөнгө оруулсан компаниас, уучлаарай үүнийг чинь улсын нөөцөд авлаа гэх үндэслэл нээлттэй байна. Энэ бүхнээс компаниуд болгоомжлох нь зүйн хэрэг?

Ордыг улсын нөөцөд авах тухай нэг заалт байгаа. Үүнд хүмүүс их эмзэглээд маш их зардал гаргаж хайгуул хийгээд арайхийж нэг орд болох нөөц олохоор төр булаагаад авчих юм байна гэж ойлгоод байх шиг байна. 

Энэ заалтыг оруулсан гол үзэл баримтлал нь уул уурхайн салбарт төрийн бодлого, төлөвлөлт оруулж ирэх зорилго юм. Жишээ нь манай говийн бүсэд магадгүй дахин нэг Тавантолгойтой дүйхүйц нүүрсний орд, эсхүл Оюутолгойтой адил хэмжээний алт, зэсийн орд нээгдвэл хуулийн энэ заалтыг ашиглан бодит зардлыг нь шударгаар нөхөн төлөөд ордыг улсын нөөцөд авч магадгүй 20 жилийн дараа ч юм уу олборлохоор хадгалж болох юм. Бидний хувьд олсон хүний олз гэх зарчмаар  хэдхэн жилийн дотор бүгдийг нь зэрэгцүүлээд ухаад дуусгах нь ашиггүй. Үндэсний эрх ашигт нийцэхгүй. Зүгээр булаагаад авах гээгүй, эсхүл чамаас аваад надад өгөх тухай яриагүй юм. Гаргасан зардал, мөнгийг нь төлөөд улсын нөөцөд авъя гэсэн. 

Энэ зохицуулалт дэлхий нийтэд цоо шинэ асуудал биш. Орост, Сибирьт байгалийн хийн том орд нээгээд л олборлолт явуулахгүйгээр хаасан тохиолдолд бий. Ерөөсөө л стратегийн бодлоготой холбоотой асуудал. Одоо Хөвсгөлд нээгдчихсэн том ордууд байна. Гэтэл Хөвсгөлийг уул уурхайн том олборлолтод өгөх үү гэдгийг өнөөдөр шийдэж чадаагүй. Байгаль орчинд хор хөнөөлтэй учраас олборлолт явуулахгүй гэвэл хайгуул хийсэн зардлыг нь шударгаар нөхөн төлөөд ордыг улсын нөөцөд авч болох юм. Магадгүй, байгаль орчинд хал багатай дэвшилтэт техник, технологи гарч ирвэл тэр үед нь олборлодог ч юм уу. Бодлогын үндэслэл энэ. 

1997 оны хуулиас хойш 6000 гаруй лиценз тараасан. Одоо 3000 гаруй болж хумигдаж байх шиг байна. Нэгэнт өгчихсөн лицензээ төр хурааж авна гээгүй шүү дээ. Гэхдээ төрийн бодлого байх ёстой. Өгчихсөн юм чинь дураар болог гэж болохгүй. Онцгой ач холбогдолтой, олборлолт явуулах нь үндэсний эрх ашигт нийцэхгүй байх гээд янз бүрийн тохиолдол байж болно. Тийм үед л гарц нээж өгсөн заалт. Түүнээс биш орд болгоны хайгуулын зардлыг төлөөд улс аваад байхгүй. Шаардлагатай гэж үзвэл, энд процессын шинжтэй илүү тодорхой заалт оруулж өгөхийг үгүйсгэх аргагүй.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад сонголт хийх үндэслэл юу байх нь их бүрхэг байна. Хамгийн их мөнгө өгсөн нь байх юм уу? Яг адилхан хэмжээнд болзол хангасан компаниас яаж сонголт хийх вэ?

Төсөлд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талаар зохицуулсан нэг бүлэг бий. Сонгон шалгаруулалтын үндсэн зарчим нь болзлыг хамгийн сайн хангаж байгаа нэг этгээд ялагч байх. Хэрхэн яаж шалгаруулах, ямар болзол тавих талаар сонгон шалгаруулалтын процессийн нарийн зохицуулалтууд төсөлд бий. Сонгон шалгаруулалт явуулах журам гаргах талаар ч заасан байгаа.

Хоёр оролцогч болзлыг тэнцүүхэн сайн хангаж байвал нэгийг нь сонгох эрх нь төрд байна. Энэ нь нөгөө л төр өөрийн өмчийг эзэмших ашиглах эрх олгож байгаа өмчлөгч гэдэг утгаараа хэнд нь өгөхөө мэдэх эрхтэй гэсэн сонгодог ойлголт. Та байраа түрээслүүлэхээр зар өгөөд хоёр хүн ирэхэд царайг нь ч юм уу, юуг нь ч юм харж байгаад нэгийг нь сонгох эрх байгаа биз дээ. Түүнтэй л адил.

Тэгвэл энэ нь арай дээр юм байна гээд сонгож байгаа төрийн сонголт тунгалаг байх ёстой. Энэ сонголтын шалгуур юү вэ гэсэн болгоомжлол компаниудад байна шүү дээ?

Мэдээж баримтлах шалгуур, нөхцөл болзол байлгүй яахав. Зарлагдаж байгаа талбай, тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаараад сонгон шалгаруулалтын нөхцөл болзол өөр өөр байж болно. Шууд зөвхөн ийм нөхцлөөр сонгон шалгаруулалт явуулна гэж хуульчлах нь бас сөрөг үр дагавар авчирна. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахдаа тухай бүр нөхцөл болзлоо урьдчилан зарладаг байх нь зөв юм гэж үзсэн.

Шийдвэр гаргаж байгаа процесс тунгалаг байх ёстой гэсэн таны саналтай би бүрэн санал нэг байна. Сонгон шалгаруулалтад ялагдсан этгээд яагаад шалгараагүйгээ мэдэх эрхтэй. Үүнийг харин төсөлд тодорхой тусгасан. Төрийн байгууллага сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулж зарлахдаа ялагдсан этгээдэд яагаад ялагдсан талаар тодорхой тайлбарлах үүргийг зааж өгсөн байгаа.  Хэрэв магадгүй сонголт хийсэн процесс хууль зөрчсөн, шударга бус байна гэж оролцогч үзвэл шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Тунгалаг байх талаас нь хэлэхэд, энэ хууль олон нийтэд мэдээлэл хүргэх талаасаа хамгийн нээлттэй. Магадгүй, манай бусад ямар ч хуулиас илүү мэдээллийг олон нийтэд өгөх, ил тод байх талаарх зарчмуудыг хамгийн сайн тусгасан, тэр талаар тусдаа зүйл болж орсон төсөл. Зүгээр нэг заагаад орхиогүй, ил тод байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн хараа хяналт, оролцоо үр дүнтэй хэрэгжих процессийг журамласан, хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэх талаар тодорхой заасан. 

Тусгай хэрэгцээний газар гэсэн ойлголт Газрын тухай хуульд бий. Харин нөөц газар гэсэн ойлголт Газрын тухай хуульд байдаггүй юм билээ?

Тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал нээлттэй. Харин тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын нөөц, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал одоогийн хуулийн зохицуулалтыг бодвол арай нарийвчилсан зохицуулалттай болсон байгаа. 1-рт тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авдаг орон нутгийн удирдлагын өнөөгийн эрхийг хязгаарласан. Тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон, хөрөнгө оруулсан хойно талбайг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг хохироодог, үүнээс дагалдаад авлига нэхдэг, авдаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль бус дарамтад өртөх явдал байна гэж үзээд орон нутгийн энэ эрхийг хязгаарласан юм. Хэрэв үнэхээр тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зайлшгүй шаардлага байна гэж үзвэл Засгийн газарт асуудал оруулж шийдвэрлүүлэх, Засгийн газар шийдвэр гаргахдаа нөхөн төлбөрийн асуудлыг хамтад нь шийддэг байх ерөнхий зохицуулалт орж байгаа. Жишээ нь магадгүй, хайгуулын явцад археологийн үнэт дурсгал олдож болно. Үүнийгээ бид хамгаална гэвэл орон  нутаг Засгийн газарт хүсэлтээ гаргаад, Засгийн газар үндэслэлтэй гэж үзвэл нөхөн төлбөрийн мөнгийг нь өгөөд тусгай хэрэгцээнд авах боломжийг нээж өгөх юм. Энд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хувиарлалтын асуудал хөндөгдөж байгаа. Үүнтэй холбогдоод Газрын тухай хуульд болон бусад хуульд нэлээд өөрчлөлт орохоор төсөл гарсан.

Улсын нөөцөд авах бол нөхөн төлбөр өгөхдөө бодит зардлыг тооцож өгнө гэж байна. Энэ нь өмнөх хуулиасаа илүү жижиг агуулгаар орж ирж байгаа юм биш үү. Одоогийн хууль бодит зардлыг өгөөд, хохирлыг барагдуулах арай том агуулгатай байсан уу, үгүй юу?

Энэ бол хууль зүйн ойлголт. Бодит зардал гэдэг нь гаргасан зардлыг нь төлнө, олох байсан орлого, ашгийг нь төлөхгүй гэсэн үг. Хохирол гэвэл илүү өргөн утгатай. Жишээлбэл, энэ ордыг олборлосон бол тэдэн долларын ашиг олох байсан гээд ярьж болно. Банкны хүүгээр яривал бодит зардал гэдэг нь зээлсэн мөнгө. Олох байсан орлого ашиг гэдэг нь түүний ирээдүйд олох байсан хүү болоод явчихна. Тэгэхээр та жишээ нь 12 дугаар сарын 25-ны байдлаар хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан бэ, яг тэр зардлыг чинь 100 хувь нөхөн олгоно. Харин та 12 дугаар сарын 25-наас хойш олборлолт явуулсан бол олох байсан ашгаа нэхэмжлэхгүй гэсэн үг.

Тусгай зөвшөөрөл авах процессыг маш энгийнээр тайлбарлаж өгөөч?

Шинэ хуулийн төслөөр юуны өмнө одоо түрүүлж өргөдөл өгөөд тусгай зөвшөөрөл авдаг асуудал байхгүй. Жил бүр Уул уурхайн яам эрэл хийх талбайгаа зарлана. Зарлагдсан талбай дээр л тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулна. Нэг ёсондоо бодлого орж ирж байгаа юм. Хаана тусгай зөвшөөрөл олгох, хаана эрэл, хайгуул хийлгэхээ төр мэддэг болно гэсэн үг.

Талбайг зарлахаас өмнө яам, жишээлбэл, Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт 250 га-д эрлийн талбай зарлах боломжтой гэж үзвэл эхлээд Адаацаг сум руу эрлийн талбай зарлах гэж байгаа тухай, та нар зөвшөөрч байна уу, саналаа өг гэсэн албан бичиг явуулах юм. Сумын ИТХ хуралдаад талбай зарлахыг дэмжсэн, эсвэл татгалзсан хариугаа мэдэгдэнэ. Орон нутаг зөвшөөрөөгүй бол тухайн талбай тэр жилээс эхлээд 4 жилийн хугацаанд сонгон шалгаруулалтанд зарлагдахгүй. Тусгай зөвшөөрөл олгогдохгүй гэсэн үг. Дөрвөн жилийн дараа магадгүй ахин асууж болох юм. Зөвшөөрөхгүй бол дахиад л дөрвөн жилээр санал авахгүй. Компани өөрөө орон нутагт очоод, танай энд тусгай зөвшөөрөл авах гэсэн юм гэж ярих шаардлагагүй. Төрийн байгууллага нь өөрөө нутгийн удирдах байгууллагатайгаа харьцаад болно болохгүйгээ эхлээд шийднэ гэсэн үг.

Хэрвээ орон нутаг дэмжсэн бол тэр талбайг зарлана. Зарласан талбайд өргөдөл ирүүлсэн компаниудаас нэгийг нь сонгон шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгоно. Эрлийн хугацаа дөрвөн жил. Эрэл дуусаад, цааш нөөцийн нарийвчилсан хайгуулын ажил хийх хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Эрэл дуусаад хайгуул, хайгуул дуусаад олборлолтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн саналыг асуухгүй, шууд тусгай зөвшөөрөл нь олгогдоод явна. Хамгийн эхний буюу анхдагч эрхийг орон нутагт өгч байгаа юм. Харин тусгай зөвшөөрөл авсан компаниуд орон нутагтай гэрээ байгуулна.

 

Эхний хэдэн жилд хэцүү үр дүн авчирч болзошгүй

Орон нутагтай заавал гэрээ байгуулна гэхээр тэд дуртай зүйлээ нэхэж гэрээ байгуулах асуудлыг гацаах асуудал байж болох уу? Эсхүл бүгд эсэргүүцээд уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломжгүй болох ч юм уу.

Одоо бол, орон нутаг жинхэнэ утгаараа уул уурхайн үйл ажиллагааны үр шимийг хүртэж чадахгүй байна. Компани төсөвт баахан мөнгө төлөөд л байдаг. Эсвэл Засаг даргын Тамгын газарт нь элдэв дэмжлэг хандив мөнгө өгөөд байдаг. Яг иргэд уул уурхайн үйл ажиллагааны үр шимийг хүртэж чаддаггүй. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааг иргэд нийтлэг байдлаар эсэргүүцэх хандлага бий болчихлоо. Манай аймагт байгаа бүх лицензийг цуцлаад өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Яагаад ийм байдалд хүрчихэв. Үүнээс гарах ямар арга зам байна вэ. Уул уурхай зөв хөгжвөл орон нутагт, иргэдийн амьдралд хэрэгтэй юм байна гэдэгт яаж итгүүлэх вэ. Уул уурхайн компаниуд л үйл ажиллагаагаараа харуулж байж иргэд итгэнэ үү гэхээс дарга нар очоод хэрэгтэй юм шүү гэж мянга давтаад ямар ч нэмэргүй. Салбарын нэр хүнд олон нийтийн дунд ингэж унасан нь мэдээж хууль тогтоомжийн буруу, муу зохицуулалтын үр дагавар. Бас нэг шалтгаан нь уул уурхайн үйлдвэрлэгчидтэй ч бас холбоотой.

Төвөөс баахан тусгай зөвшөөрөл олгоод байдаг. Нөгөө уул уурхайн компани техник хэрэгслээ ачаад очиход нутгийн ард иргэд нь чулуу мод бариад оруулахгүй гээд нутгийнхаа хил дээр зогсож байдаг. Зарчмаараа бол төр эрхээ өгөөд, төлбөр хураамжийг нь авсан бол тухайн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах үүрэгтэй. Гэтэл тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь тийм үүрэггүй, хувийн компанийн асуудалд оролцохгүй, өөрсдөө учраа ол гэдэг. Компаниуд аргаа барахдаа хамгаалалтын алба хөлсөлдөг. Ингээд л
хооронд нь тэмцэлдүүлээд байдаг. 

Ийм байдлыг яаж зогсоох вэ. Хамгийн зөв арга бол иргэдэд өөрсдөд нь шийдвэр гаргах анхдагч эрхийг өгөх. Бидний олсон гарц энэ. Эхний хэдэн жилдээ хэцүү үр дүн авчирч магадгүй. Ихэнх нь үгүй гэж мэднэ. Гол нь иргэд өөрсдийн амьдран суугаа газар ямар үйл ажиллагаа явуулахаа шийдвэрлэх эрхтэй байх зарчим бий болж байгаа юм.

Хэдэн жилийн дараа энэ байдал арай зөөлөрч мэдэх л юм. Зөвшөөрсөн хажуугийн сум нүдэн дээр нь өөрчлөгдөн хөгжөөд өөр болоод ирвэл эсэргүүцсэн сумын иргэд дөрвөн жилийн дараа зөвшөөрөл өгөх сонирхолтой болж бодол нь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.  Тусгай зөвшөөрөл авсан компаниуд нь нийгмийн хариуцлагатай байж, олборлосон талбайгаа ном журмаар нь нөхөн сэргээгээд, орон нутагтай байгуулсан гэрээгээ үнэнчээр биелүүлээд явбал хүссэн хүсээгүй татгалзаад байгаа аймаг, сумын иргэд нутаг дэвсгэр дээрээ уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх цаг ирнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. 

Гэрээний хувьд орон нутаг бүр дур дураараа хийхгүй. Сангийн яам загвар гэрээг баталж, ямар асуудлаар гэрээ хийх талаар нэгдсэн зохицуулалтад орно. Магадгүй хийж гүйцэтгэхээр тохиролцож болох ажлын жагсаалт гаргаж болох юм. Ийм ийм асуудлаар компаниуд орон нутагтай тохиролцоо хийнэ. Хөрөнгийн зарцуулалт ийм ийм зүйл рүү чиглэнэ гэсэн үндсэн чиглэл гарч ирнэ гэсэн үг. Засаг даргад жиип авч өгөхгүй.

Нэгэнт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөд тусгай зөвшөөрөл олгогдсон бол орон нутгийн зүгээс компанийн үйл ажиллагаанд учруулдаг дарамтыг аль болох багасгах талаар нэлээд хэдэн зохицуулалт оруулсан. Тухайлбал, гэрээнд заагаагүй аливаа асуудлаар компани орон нутгийн өмнө ямар ч үүрэг хүлээхгүй. Гэрээнд заагдаагүй аливаа хандив, хөрөнгө оруулалт, өргөл барьц, уралдаан тэмцээний зардал гэх мэт элдэв юм нэхэхийг хориглосон. Тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулахад орон нутгаас ямар ч дарамт ирэх ёсгүй, орон нутгаас хараат байхгүй. Гэрээг байгуулах асуудал л байгаа.

Эрлийн тусгай зөвшөөрөл авсан компани олборлогч компани шиг их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж хомс. Эрлийн зөвшөөрөл эзэмших дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн хүссэн хэмжээний бүтээн байгуулалт хийж, хажуугийн сумынханд илт анзаарагдах өөрчлөлтийг бий болгож чадах уу?

Тийм учраас хоёр төрлийн гэрээ хийхээр төсөлд тусгасан юм. Эрэл хайгуулын явцад Хамтран ажиллах гэрээ байгуулна. Эрэл хайгуул асар их зардалтай. Үйлдвэрлэл явуулж ашиг олдоггүй учраас мэдээж их зардал гаргаж чадахгүй. Тиймээс орон нутагтай Хамтран ажиллах гэрээ байгуулахаар тусгасан байгаа. Гэрээний загвар мөн л Сангийн яамнаас батлагдана. Дураараа гэрээ хийж дуртай юмаа нэхэхгүй гэсэн үг.

Харин олборлолт өөр. Олборлолтын үед Орон нутаг хөгжүүлэх гэрээ хийнэ. Илүү их зардал гаргана. Бид гэрээнд зарцуулсан хөрөнгийг татвар ногдуулах орлогоос хасъя гэсэн санал гаргаад явж байгаа. Давхар татвар төлөх нь компанийн орон нутагт хөрөнгө зарцуулах сонирхолыг бууруулж болох талтай. Энэ зардлыг татвар ногдох орлогоос хасчихвал гэрээнд хөрөнгө зарцуулах сонирхол арай шударга болно шүү дээ. Гэхдээ энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн асуудал биш. Татварын хуульд өөрчлөлт оруулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  хуульд энэ зардлыг татвар ногдох орлогоос хасахаар оруулах ёстой. Яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна.

Бусад улс орнуудад гарсан хачин хачин тохиолдол байдаг л даа. Олборлогч компаниар маш их мөнгө гаргуулж бухын тулаан зохион байгуулдаг хачин чамин том ордон бариулсан байдаг. Тэнд жилд ганц л удаа бухын тулалдаан болдог. Бусад үед ямар ч ашиглалтгүй. Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудын хүссэнийг хийгээд өгдөг. Үнэн чанартаа тэр нь ихэнхдээ иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд бодит нөлөө үзүүлж чадахгүй зүйлүүд байдаг. Тиймээс хөрөнгийг үр ашигтай, зөв хөрөнгө оруулалт руу татахын тулд Сангийн яамнаас гэрээний загвар баталж байгаа юм.

Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг дөрвөн жилээр олгож байгаа нь бага тоо биш үү?

Эрэл дөрвөн жил, хайгуул таван жил. Нийлээд есөн жил. Өнөөгийн хуулийн хугацаа шүү дээ. Үүнийг л хоёр хуваасан.

Эрдсийн бирж шинээр байгуулж, үнийг тогтооно гэжээ. Биржийн үнээр явдаг ашигт малтмал ч бий. Хэлцлээр явдаг нь ч бий. Энэ тохиолдолд Монголд байгуулсан Эрдсийн биржийн үнэ хэр бодитой байж чадах вэ? Хоёрын хооронд бантан болчихгүй биз. Эрхзүйн зохицуулалт байхгүй учраас Бирж нь хэзээ ч байгуулагдах юм?

Монгол улс маш том олборлогч орон боллоо. Бараг ашигт малтмалын төрөл болгоноор олборлолт явуулж байна. Олборлогч улс үнийн зохицуулалт дээр өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Бид Хятадын төрөөс барьж байгаа үнээр л ашигт малтмалын үнээ тогтоож байгаа. Нэг ёсондоо хятадууд хэдээр авна гэнэ, тэр үнээр л өгдөг. Мэдээж хэрэг, манай том хөрш, гол худалдан авагч үнийн бодлогод оролцолгүй яахав. Гэхдээ бид бас оролцмоор байна. Төслийн энэ заалт нь үнийн бодлогод оролцох оролдлого хийж байгаа хэрэг. Эрдэс баялгийн түүхий эдийн биржийн тухай асуудал одоо л яригдаж байгаа юм биш. Нэлээд хэдэн жилийн өмнөөс ийм биржтэй болъё гэж ярьж эхэлсэн. Ганц Хятад руу ч биш, өөр бусад орон руу экспорт хийхийн тулд ярих л ёстой. 

Биржийн асуудал Ашигт малтмалын хуулиар зохицуулагдахгүй, тусдаа хуулиар зохицуулагдана. Бирж байгуулах эрх зүйн үндэслэлийг л Ашигт малтмалын тухай хуулиар тавьж өгч байгаа хэрэг. Бид Уул уурхайн яамныханд хуулийн төслийн танилцуулга хийхдээ, бусад улс орны хуулийг судлаад яавал бирж үр ашигтай явах вэ гэдэг талаар хуулийн төсөл боловсруулах ажил хийх шаардлагатай байгааг хэлсэн. Ерөнхийдөө судалгааны ажлууд хийгдэж байгаа болов уу. Мэдээж хууль гарна. Дагалдах журмууд гарна.  Би эдийн засгийн хүн биш учраас яаж хуульчилбал биржийн үйл ажиллагаа сайн явахыг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бодлого нь ядаж дотооддоо үнэ тогтоох биржтэй байх нь зөв гэж гарч байгаа. Одоо хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж байгуулж байна. Монгол малтай орон учраас хөдөө аж ахуйн түүхий эдээ биржээр дамжуулж, заръя гэж байна. Зарчим нь л үүнтэй адилхан.

 

Хуулиар давуу эрх олгож, үндэсний компаниудаа дэмжих бодлого бий

Энэ хууль Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай зөрчилдөх тал бий юү? Хэрвээ УИХ-аас зөвшөөрөх юм бол аж ахуйн нэгжийн 49-ээс дээш хувьд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжууд нээлттэй байгаа. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд “Үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн бөгөөд компанийн дүрмийн сангийн 75-аас доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн дүрмийн сангийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй” гэж байгаа нь зөрчилтэй заалт мөн үү?

Одоогийн хуулиар төр 34 хувийг, 51 хувийг эзэмшинэ гэж заасан. Хуулийн төсөл дээр төр эзэмшихгүйгээр, бизнесийн зарчмаар хамтран ажиллах, хувь эзэмших эрхийг үндэсний компаниудад хуульчилж өгсөн. Зарчмын том ялгаа байгаа биз дээ. Тэр 34 хувийг төр биш, иргэн Дорж компани байгуулаад эзэмшиж болох нь. Эрдэс баялаг бол хэмжээтэй нөөц. Нар салхины эрчим хүч шиг ундарч байдаг зүйл биш. Хэмжээтэй нөөц эрт орой хэзээ нэг цагт дуусна. Тэр үед бид юутай үлдэх вэ гэдэг асуудал чухал. Монгол улс үнэхээр уул уурхайн түүхий  эдээр баян олборлогч орон юм бол дэлхийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл дээр ажиллах чадвартай, чадамжтай үндэсний боловсон хүчин, компаниудыг босгох хэрэгтэй байна. Тэр нь төр аливаа ордын 70 хувийг эзэмшсэнээс илүү Монголд хэрэгтэй, ашиг болж үлдэх зүйл юм.Энэ бодлогын үүднээс л үндэсний компаниудыг оруулах гэж түлхэж байгаа хэрэг.

Зарим хүмүүс төслийн энэ заалт гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж ялгаварлах байдал үүсгэнэ гэж байна. Сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэхгүй. Яг одоо хувь нийлүүлээд орох мөнгөтэй монгол компани хаана байгаа юм, хамтарч ажиллах боломжтой хүний нөөцтэй менежментэй компани алга ч гэдэг юм уу асуудлууд гарах байх. 

Ингэж төрийн бодлогоор үндэсний компаниудыг дэмжиж уул уурхайн салбарт оруулахгүй бол манай компаниуд 50-100 жил үйл ажиллагаа явуулсан компаниудтай яаж уул уурхайн салбарт өрсөлдөх билээ. “Рио Тинто”-той яаж өрсөлдөх вэ. Байг гэхэд 40-50-иад жил үйл ажиллагаа явуулсан Канад, Австрали, Норвегийн компанитай яаж өрсөлдөх юм.

Хэргийн гол нь иргэн Доржид мөнгө байхгүйдээ л байгаа шүү дээ? 

Өрсөлдөж чадахгүй, чадваргүй байгаа нь Монголын компаниуд муудаа биш. Манай замнаж ирсэн түүхэн замнал, улс төр, нийгэм, эдийн засгийн систем нь Монгол Улсад үндэсний компани байгуулагдаж, зах зээлийн зарчмаар ажиллах боломжийг хуулиар хаасан тийм цаг үе саяхан хүртэл тогтож байлаа.   

Мөнгөгүй байгаа нь Доржийн буруу биш. Мөнгөтэй болох боломжийг нь тухайн үеийн систем, бодлогоор хуулиар хаасанд хамаг учир байгаа юм. Гадны компани мөнгөтэй учраас олборлох ёстой. Монголын компани мөнгөгүй учраас хойшоо бай гэхгүй гадны мөнгөтэй туршлагатай компаниуд наад мөнгө олдог туршлага, менежментээ, технологио, ур чадвараа манай компаниудтай хуваалцахыг л хуулиар шаардаж байна. Тэгж чадахгүй гэвэл тусгай зөвшөөрөл өгөхгүй гэж байгаа хэрэг. Шударга бус гэхэд ч хаашаа юм, жаахан хүч хэрэглэх гэж байгаа арга  л даа. Гэхдээ 100 хувь бизнесийн зарчмаар гээд тавьчихвал бид хоолыг нь хийж, үйлчилж тэд цайны мөнгө шиддэг байдал энэ хэвээрээ үлдэнэ. Бид хуулиар давуу эрх олгож үндэсний компаниудаа босгож ирэх гэж байна. Хэнд ч ойлгомжтой асуудал.

Тэгвэл гадныхан надад мөнгө өгөөд, компаниа оруулаад ирэх үүд хаалга нээлттэй шүү дээ?  

Магадгүй. Наад асуудлыг чинь бид бас ажлын хэсэг дээр ярьж л байсан. Сөрөг үр дагавар гарах л байх. Монголын компанитай хамтарсан нэрийн дор нэг нөхөрт хэдэн төгрөг өгөөд явах тохиролцоо хийгдэхийг үгүйсгэхгүй. Иргэний эрх зүйд ийм тохиролцоог дүр үзүүлсэн хэлцэл гэж томъёолдог бөгөөд хууль зүйн хувьд хүчингүй гэж үздэг. Ийм гэрээ байгуулсан бол хоёр талд хоёуланд нь эрсдэл ирнэ. Дийлэнх тохиолдолд жинхэнэ зорилгод үр дүнгээ өгнө гэдэгт бид итгэж байгаа.

Одоо олборлолт явуулж байгаа компани хууль батлагдсаны дараа хуульд заасны дагуу л Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулаад явна биз дээ?

Тэгнэ. Тэр бол хууль буцаж үйлчилж байгаа хэрэг биш. Ер нь энэ хуулийн төсөл батлагдвал дагаж мөрдөх журмын тухай хууль гарах байх. Түүгээр одоо үйлчилж байгаа Ашиглалтын зөвшөөрөлтэй компаниуд олборлолт, боловсруулалтын зөвшөөрөл рүү яаж шилжих, хуулийн зарим заалтуудтай нийцүүлэхийн тулд тодорхой хугацаа заах гэх мэтчилэн маш олон асуудлыг журамлах ёстой.

Хайгуулын тусгай зөвшөөрөл есөн жилээр олгогдож байгаа. Хайгуулынхаа ажлын төгсгөл шатанд ороод байгаа компаниуд хайгуулын зөвшөөрлөөрөө үлдэх байх гэж бодож байна. Сүүлийн хоёр жил лиценз олгоогүй гээд бодохоор бүгд Х лиценз руу орох байх. Харин дөнгөж хоёр жилийн өмнө лиценз авсан компаниуд эрэл рүү орж магадгүй. Гэхдээ шууд ингэж хэлэхэд хэцүү л дээ. Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа зохицуулагдах байх.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайд бол олборлолт явуулж байгаа компаниуд Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болно. Ашигт малтмалын боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг Боловсруулалтын тусгай зөвшөөрөл авахыг шаардана. 

Нөхөн сэргээлтийн ажлын барьцааг 100 хувь урьдчилаад хийнэ гэхээр асар их зардал биз дээ?

Тухайн жилд хийж гүйцэтгэх нөхөн сэргээлтийн ажлын зардал гэж ойлгоорой. Урьдчилан байршуулах мөнгөн хөрөнгө нь тухайн жилд хийж гүйцэтгэх нөхөн сэргээлтийн ажлын зардлын 100 хувьтай тэнцүү.

Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал гэвэл мэдээж асар их тоо гарна. Зарим хүмүүс үүнийг 100 хувь нэхсэн гэж ойлгоод байгаа юм байна лээ. Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө жил бүр гарах ёстой. Жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийгдэх ёстой. Манайд эхлээд бүгдийг нь ухаж, нөөцөө авч дууссаны дараа нөхөн сэргээлт хийх тухай бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Нөхөн сэргээлт бол олборлолтын ажил эхлэхэд зэрэгцээд л хийгдэж байдаг. Олборлоод дуусахад нөхөн сэргээлт хамт дуусч байх ёстой. Тухайн жилд ямар хэмжээний нөхөн сэргээлтийн ажил хийх гэж байгаа тэр зардлаа тусгай дансанд байршуулна. Жил болгон нөхөн сэргээлтийнхээ ажлыг төлөвлөгөөнийхөө дагуу хийсэн эсэхээ хүлээлгэж өгөөд явна. Хамгийн сүүлд уурхай хаагдахад нөхөн сэргээлтийн ажлыг 100 хувь хийж дууссанаа комисст хүлээлгэж өгнө.

Дөрвөн тусгай зөвшөөрөл байна. Гэтэл дээр нь үйл ажиллагааны гурван зөвшөөрөл байх хэрэгтэй гэж үү?

Дөрвөн төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор төсөлд тусгасан нь үнэн. Харин тэр гурван үйл ажиллагааны зөвшөөрөл гэж буруу ойлгоод байх шиг байна.

Би жишээн дээр тайлбарлая. Олборлолтын тусгай зөвшөөрөл авсан этгээдэд тусгай зөвшөөрлийг олгосноос хойш олборлолтын ТЭЗҮ, олборлолтын ажлын болон нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө батлуулах, уурхайгаа барих, орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулах, даатгуулах гэх мэт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх тодорхой хугацаа олгож байгаа юм. Эдгээр үүргийг биелүүлээгүй бол олборлолтын ажил эхлэх эрхгүй. Энэ үүргүүдээ бүрэн биелүүлээд олборлолтын ажил эхлэх зөвшөөрлөө авна. Үүнийг ажил гүйцэтгэх зөвшөөрөл гэсэн зохицуулалтаар төсөлд оруулсан юм.

Одоогийн зохицуулалт нь ямар байна вэ гэхээр нөөцөө батлуулсан компанид шууд А зөвшөөрөл өгдөггүй. 2 жилийн хугацаатай Ашиглалтын өмнөх гэрээ байгуулж байгаа. Энэ 2 жилийн хугацаанд ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, эрх олгогдоогүй мөртлөө уурхай барь, ТЭЗҮ гарга гээд баахан зүйл нэхээд байдаг.  

Тусгай зөвшөөрөл гэдэг бол эрх. Энэ бол зүгээр нэг гэрчилгээ биш. Энэ эрхийг хадгалахын тулд хайгуул олборлолтын ажилд хөрөнгө оруулахыг хуулиар шаарддаг учраас үүнийг тодорхой хөрөнгөөр баталгаажсан эрх гэж үздэг. Уул уурхайн үйл ажиллагаанд хувийн хөрөнгө оруулалт орохыг зөвшөөрдөг ямар ч улс энэ лиценц буюу тусгай зөвшөөрлийг худалдах, барьцаалахыг хориглодоггүй. Хөрөнгийн эрх гэж үздэг учраас тэр. Манай улс ч үнэндээ хориглож чадаагүй. Тусгай зөвшөөрлийг шилжүүлээд байгаа гэдэг нь үнэн чанартаа бол эрх л зарагдаж байгаа юм. Энэ хуулийн төслөөр тусгай зөвшөөрлийг зөвхөн эрх шилжүүлэх гэрээ хэлцлээр шилжүүлэх гэсэн шаардлага тавьсан байгаа. Гэрээгээр худалдсан үнийн дүнгээ мэдүүлээд татвар хураамжаа төлөөд явах нь аль аль талдаа ойлгомжтой амар юм.

Австрали, Канадын хуульд тусгай зөвшөөрөл олгосны дараа тодорхой хугацааны дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрөнгө гаргаж хуульд заасан шаардлагуудыг биеүүлэхийг заасан байдаг. Тусгай зөвшөөрөл өөрөө үнэлэгддэг учир баталгаа болж байгаа юм.  Бид ч бас энэ зарчмыг баримталсан. Эхлээд бүх зүйлийг нь хийлгэж байж олборлолтын тусгай зөвшөөрөл өгөх нь зүйтэй гэсэн санал салбарын яамнаас гарч байсан. Гэхдээ тайлбар хийж хэлэлцсэний эцэст тэд хүлээн зөвшөөрсөн. Нөөцөө батлуулаад болзлоо хангасан л бол олборлолтын тусгай зөвшөөрлийг шууд олгоно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч магадгүй уурхайгаа барих явцдаа санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарвал тусгай зөвшөөрлөө барьцаалаад хөрөнгө оруулалт олж болох юм. Бүр барахгүй нь гэвэл магадгүй чаддаг хүнд нь шилжүүлэх боломжтой. Олборлолт явуулахад бэлэн боллоо гэвэл ажил гүйцэтгэх зөвшөөрлөө авах тухай хүсэлтээ гаргана. 

Ажил гүйцэтгэх зөвшөөрөл нь нөгөө талаар тусгай зөвшөөрөлд гал хамгаалагч болох зохицуулалтууд бий. Компани үйл ажиллагааныхаа явцад магадгүй тайлан тооцоогоо хугацаанд нь өгөхгүй, нөхөн сэргээлтийн ажлаа хугацаанд нь хийхгүй байх гээд ямар нэгэн зөрчил гаргахад тусгай зөвшөөрөл цуцлагдах тухай эхлээд яригдахгүй, ажил гүйцэтгэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх юм. Өөрөөр хэлбэл зөрчил л гаргавал тусгай зөвшөөрөл цуцлагдах тухай хөндөхгүй. Төсөлд тусгаснаар зургаан сарын дотор гаргасан зөрчлөө арилгаад ажил гүйцэтгэх зөвшөөрлөө сэргээлгэх боломжтой. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл нь цуцлагдахгүй зөвхөн түдгэлзүүлж болохоор заасан бөгөөд хэрвээ хугацаандаа зөрчлөө арилгаагүй бол дараагийн шатанд тусгай зөвшөөрөл цуцлагдах тухай асуудал яригдана. Энэ талаасаа тусгай зөвшөөрөл илүү баталгаажиж байгаа юм. 

Даатгуулах үүрэг гээд заажээ. Заавал даатгалд хамрагдсан байх ёстой юм байна?  

Аливаа үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн хариуцлагын даатгал гэж байдаг. Хуульчид бидэнд ч бий. Сэтгүүлчдэд ч байх ёстой гэж боддог. Мэргэжлийн алдаа гаргаад бусдад хохирол учруулсан бол яах вэ? Уул уурхайн үйл ажиллагаа даатгагдаагүй бол огт зөвшөөрөгдөх ёсгүй салбар. Даатгалтай байхыг шаардахаас өөр арга байхгүй. Жишээ нь, хайгуулын нэг компани хайгуулын ажил хийх явцдаа осол гаргаж асар их хэмжээний түлш солярка асгаж, байгаль орчинд хохирол учруулсан хэрэг гарлаа гэж бодъё. Хохирлыг нөхөн төлүүлж, түлшээр бохирлогдсон газрын хөрсийг цэвэрлүүлэх гэтэл компанид тийм хэмжээний хохирлыг барагдуулах хөрөнгө мөнгө алга. Даатгал бол ийм эрсдэлийг хариуцна.

Тиймээс гадаадын болон дотоодын байх нь хамаагүй заавал даатгуулах үүрэг оногдуулж байгаа юм. Хохирол гарвал эрсдэл үүрэх гуравдагч этгээдийн баталгаа хэрэгтэй. Хэрэв даатгуулж чадахгүй компани бол үнэнийг хэлэхэд уул уурхай руу орох хэрэггүй л дээ. Энэ талаасаа даатгуулах шаардлага нь санхүүгийн боломж бололцоог илтгэх бас нэг стандарт болох юм.  

Энэ хууль батлагдвал гадны компаниуд л уул уурхайд ажиллах юм байна, Монголын компани бол нөхцөл шаардлагыг нь хангаж дийлэхгүй зэрэг яриа сонстож л байна. Энэ хуулийн үзэл баримтлалаар ганц нэг трактортой энд тэндэхийн жалганд алт ухаад байгаа жижиг компаниуд байвал тэдгээрийн хувьд ажиллах боломж үгүй болох байх л даа. Хувийн бодлоо хэлэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого уул уурхайд зохихгүй. Технологитой, техниктэй, мөнгөтэй, эсхүл мөнгө босгох чадвартай, хариуцлагатай, боловсон хүчинтэй гээд ажилласан шиг ажиллаад үүрэг хариуцлагаа үүрсэн шиг үүрээд явах чадвартай  компаниуд нь уул уурхайд ажиллая. Уул уурхайн жижиг компаниуд нэгдэж, нийлэх байдлаар томрох үйл явцад харин төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх нь зүйтэй болов уу. Олборлолтод  төрийн хяналтыг оруулах нь зүй ёсны хэрэг.     

Эрэл, хайгуулын лицензийн төлбөр, хайгуулын ажлын доод хэмжээ, нөөцийн төлбөр роялти зэргийг ямар зарчмаар тогтоосон юм бэ?

Үүнийг уг нь цэвэр геологи, уул уурхайн мэргэжлийн талаас нь тайлбар хийвэл илүү тодорхой болох байсан байх. Гэхдээ би энгийн үгээр төслийн холбогдох заалтыг тодруулъя. Эрэл бол их том талбайд хийгддэг, газрын хэвлийг хөнддөггүй, эрдэсийн хуримтлалын байршил, найрлага зэргийг геологи, геофизикийн аргаар судалдаг цогц үйл ажиллагаа. Эрлийн ажлын үр дүнд цаашид өрөмдлөг хийж нарийвчлан судлах  шаардлагатай тодорхой хуримтлал байна гэж үзвэл тухайн хуримтлал бүхий хэсэгт хайгуулын ажил хийнэ. Тийм учраас эрлийн талбай том, хайгуулынх арай бага хэмжээтэй байхаар төсөлд тусгагдсан. Үүнийгээ дагаад эрлийн ажлын зардлын доод хэмжээ, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс га тутамдаа бага байхаар тусгагдсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувьд өнөөгийн зарчмаас арай өөрөөр тооцохоор төсөлд оруулсан байгаа. Одоо тусгай зөвшөөрөлтэй талбайн га тутамд газрын төлбөр гэж авч байгаа. Тэгснээ хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гээд  га тутмаар тооцдог, нөөц ашигласны төлбөр гээд тонн тутамд тооцдог. Дээрээс нь тусгай зөвшөөрлийн төлбөр гээд га тутмаар нь авч байгаа.

Хууль зүйн агуулгаараа бол тусгай зөвшөөрлийн төлбөр нь улсын тэмдэгтийн хураамж юм. Төрөөс эрх олгосныхоо төлөө авч байгаа хураамж. 1 га авсан хүнд нэг тамга, 200 га авсан хүнд 200 тамга дардаггүй биз дээ. Нэг л удаа олгодог учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг га-аар үржүүлж авахаа больё гэсэн санаа. Энэ төсөлд тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар оногдуулж, тусгай зөвшөөрлийн төрлөөс нь хамааруулан тогтоох буюу эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтад тус бүр нэг ижил хэмжээний төлбөр авахаар заасан байгаа. Ингэж хуульчлах нь харьцангуй шударга юм болов уу гэж бодож байгаа. Мэдээж, улсын төсөвт өмнө ордог байсан орлого тодорхой хэмжээгээр буурах байх. Энэ утгаар нь хууль тогтоогч хэрхэн хүлээж авахыг хэлж мэдэхгүй юм.

Мөн нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан нь буруу юм гэж үзсэн. Аливаа төлбөр, хураамж бол Татварын ерөнхий хуульд зааснаар татварын нэг төрөл. Иймд татварын хуулиар хувь хэмжээг тогтоох нь зөв байх л даа.

Харин нөөц ашигласны төлбөр оногдуулах зарчмыг энэ хуулийн төслөөр тодорхойлсон байгаа. Зарчим нь ч одоогийн хуулиас өөр болсон. Өнөөгийн хуулиар нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа үндсэн зарчим нь борлуулсан болон борлуулахаар ачуулсан ашигт малтмалын тонн  тутмаас нөөц ашигласны төлбөрийн тооцож байгаа. Газар дээрээ үлдсэн нь цэвэр
хаягдал. Жишээ нь Тавантолгойгоос олборлож байгаа нүүрсний калор ихтэйг нь буюу 4200 хүрсэнийг нь хятад руу зардаг, түүнээс доош 3500 орчим калоритойг нь ялгаж үлдээгээд тэр нь ил овоолгон дээрээ өөрөө дотроосоо шатаад байж байх жишээтэй. Гэтэл үүнийг Улаанбаатарт ачаад ирвэл манай цахилгаан станцад хэрэглэх боломжтой нүүрс байдаг. Та бүхэн ч бараг мэдэж байгаа байх. Зурагтаар ч гарч л байсан. Олборлогч үүнийг борлуулаагүй, борлуулахаар ачуулаагүй тул энэ ил гаргаад хаясан, өөрөө шатаад байж байгаа нүүрсэнд ямар ч төлбөр төлдөггүй. Гэтэл энэ бол байгалийн үл нөхөгдөх баялаг. Нэг талаас ингэж сорчлон ашиглаж болохгүй, нөгөө талаас төрийн өмч болох газрын хэвлийн баялгийг олборлох эрх авсан этгээд олборлож байгаа хэмжээнээсээ төрд төлбөр төлөх ёстой. Төлбөрөө төлснийхөө дараа худалдана уу, бэлэглэнэ үү, газар дээр нь шатаана уу өөрөө мэдэх байх л даа.

Нөгөө талаар анх ТЭЗҮ батлуулахдаа олборлох нөөц гэж нэг тооцоо гаргадаг. Энэ тооцоо, нөөцийн хэмжээ маш чухал. Олборлолтын тусгай зөвшөөрлийг хэдэн жилээр олгох вэ, нөхөн сэргээлт, уурхайн хаалт зэргийг тооцоолоход чухал суурь болно. Мөн тэр нөөцийн хэмжээгээр төлбөр авах юм байна гэж урьдчилан тооцох боломж төрд бий болдог. Нөөцийн төлбөр тооцох зарчмыг нөөцийн хэмжээтэй уяж байгаа нь нэг талаас байгалийн үл нөхөгдөх баялгийг сорчлон олборлуулахгүй гэсэн бодлого, нөгөө талаас олборлолтын үйл ажиллагаанд төрийн хяналтыг оруулж байгаа зүй ёсны хэрэг гэж ойлгож байгаа.   

Манай улсын бодлого боловсруулах чиглэл рүүгээ нэлээд хандаж байна. Төмрийн хүдэр ч бай, нүүрс ч бай түүхийгээр нь биш аль болох баяжуулж гаргахыг зорьж байна.Тиймээс боловсруулалтын тусгай зөвшөөрлийг шууд өгөх гарц байж болоогүй юм уу? Хуулийн төслийг харахад аль алинаар нь гаргаж болно гэсэн санаа байна уу даа?

Үнэнийг хэлэхэд, олборлогчийг заавал боловсруулаад гарга  гэж шахах нь хууль зүйн утгаараа түвэгтэй. Нөөц нь хэр юм, боловсруулахад ашигтай эсэх, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх гээд олон талт асуудал. Бусад улс орны туршлагыг харахад боловсруулах асуудал Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаггүй. Ашигт малтмалын хуулиар эрэл, хайгуул, олборлолт, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг л зохицуулна. Цаашилбал, газрын тосны хувьд дамжуулах хоолой зэрэг асуудлыг зохицуулахын тулд тээвэрлэлтийн ганц нэг асуудал орж ирэх нь бий.

Боловсруулалт нь аж үйлдвэрийн салбартаа багтдаг. Тусгай зөвшөөрөл, түүнийг олгох, хяналт тавих гээд холбогдох стандартууд нь бүгд тусдаа. Бид энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа боловсруулалтыг гаргая, зөвхөн олборлолтоор дуусгая гэсэн ч манайд боловсруулалтыг зохицуулдаг хууль тогтоомж одоогоор алга.

Одоогийн хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрлийг олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах гээд бүгдэд нь өгөхөөр заачихсан. Тэгэхээр олборлолт явуулдаггүй зөвхөн боловсруулдаг үйлдвэрүүд А зөвшөөрөл авахаар болчихож байгаа юм. Боловсруулах үйл ажиллагааг дангаар нь явуулъя гээд очвол А зөвшөөрөл авах, А зөвшөөрөл авъя гэвэл уурхай барих, олборлолтын ТЭЗҮ-г шаарддаг. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд одоо үнэн чанартаа ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр, зохицуулалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.

Үүнийг тусгай зөвшөөрөлд оруулъя гэвэл зайлшгүй боловсруулалтын тусгай зөвшөөрөл гэж тусад нь гаргах шаардлагатай болсон юм. Боловсруулах гэж буй ашигт малтмалын төрөл, хэмжээнээсээ шалтгаалаад тусгай зөвшөөрлийн хугацаа нь өөр өөр байхаар нээлттэй орхисон. Нарийн зохицуулья гэхээр үнэнийг хэлэхэд боловсруулах үйлдвэр бидэнд төдийлөн танил биш. Маш нарийн стандартууд байдаг. Шилжилтийн энэ хугацаанд боловсруулалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хууль дотроо байгаад яваандаа Хүнд үйлдвэрийн хууль гээд гараад ирвэл боловсруулалт салах байх.

Толгой компани болоод түүний хамааралтай этгээд өөрийнхөө дийлэнх хувьцааг зарах хэлцлээс манайхан татвар авъя гэж байгаа. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд ч оруулж өгсөн. Үүнийг Ашигт малтмалын тухай хуультай ямар нэгэн байдлаар холбож өгсөн үү?

Тусгай зөвшөөрлийг Батын нэр дээр өгсөн байтал Доржийн нэр дээр шилжүүлэх бол тэр хэлцэл хүссэн хүсээгүй Ашигт малтмалын газраар орж бүртгэгдэж байж тусгай зөвшөөрөл шилжинэ. Ингэж шилжихэд гэрээ болоод хэлцлийн үнийн дүн, татвар төлсөн баримтыг шаардах нь тодорхой. Үүний зэрэгцээ энэ төслөөр оруулж байгаа бас нэг зарчмын өөрчлөлт бол өмнө нь тусгай зөвшөөрлийг нэг компанийн нэр дээр өгдөг, тэр компанийн нэр тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэгддэг байсан бол одоо тухайн компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын гишүүд овог нэрээрээ тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэгдэх болсон явдал юм. Үүнтэй холбоотой нэлээд нарийн зохицуулалтууд төсөлд бий. Уул уурхайн үйл ажиллагааны эцсийн хариуцлагыг тухайн компанаас гадна тодорхой хүмүүс хүлээх зарчим. Үүгээр компани зарагдаад байхад бүртгэл дээр нэр нь хэвээрээ байгаад байдаг явдал байхгүй болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дээр байх “толгой” компани өөрийн хувийг зарах асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

Энэ асуудал Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах асуудал биш л дээ. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухайхууль, Компанийн хууль, Татварын хуулийн зохицуулалтад хамаарах байх. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал бүрийг татаж авчраад Ашигт малтмалын хуульд оруулаад байж болохгүй шүү дээ. 

Хуулийн төсөл эрх зүйн талаасаа сайн байж болох юм. Гэхдээ уул уурхайгаа эдийн засгийн талаас нь тодорхойлсон зүйл байна уу? 

Би эдийн засагч хүн биш учраас мэргэжлийн үүднээс тодорхой дүгнэлт санал хэлмээргүй байна. Ер нь уул уурхайн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, эзлэх байр суурь гээд яривал манайх үндсэндээ уул уурхайн үйлдвэрлэгч олборлогч орон юм гэж тодорхойлвол их зөрсөн болохгүй байх.  Геологийн судалгааны хувьд Монгол бараг судлагдаагүй улсын тоонд ордог. Цаашид ч асар их нөөц илрэх потенциалтай. Хэрэглэгч нь хажууд, газар зүйн байрлалын хувьд олборлогч орны хувьд таатай. Ийм нөхцөлд уул уурхай хөгжих маш ирээдүйтэй, тэр утгаараа ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа.

Манайд уул уурхайн салбар бизнесийн харилцаанд ороод 20 хүрэхгүй жил болж байна. Дөнгөж л эхэлж явна. Манай улс цаашид уул уурхайгаар л амьдарна гэж би хувьдаа боддоггүй. Уул уурхайгаагаас олж байгаа орлого бол богино хугацааных. Энэ хөрөнгийг зөв, үр ашигтай зарцуулж, олдож байгаа энэ боломжийг хөгжлийн тодорхой дээд шатанд хүрэхэд зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгүүлэх л чухал юм.

Уул уурхайд дөрөөлөн хөгжсөн улс орнуудын хууль тогтоомжийг судалж, дотоодын хуулийг тэдгээрийн стандартад дөхүүлэхээр суурийг нь тавихаар оролдож байна. Өнгөрсөн 20-д жилд уул уурхайд хууль тогтоомжийн янз бүрийн туршилтууд хийлээ. Алдсан ч их байна,оносон юм ч бий байх. Бусад улс орнуудын хуулийг өөрийнхтэйгөө харьцуулахаар манайд уул уурхайн компаниудын үйл ажиллагаа ерөнхийдөө хяналтгүй явж ирсэн юм уу гэж ажиглагддаг. Энэ хуулийн төслөөр хяналтын механизмыг нэлээд түлхүү оруулж өгсөн. Эрхийг нь өгнө, үүрэг хүлээлгэнэ. Үүргээ биелүүлэхгүй бол биелүүлээгүй тохиолдол бүрт хариуцлага тооцно. Зарим хүмүүсийн хандлагаас харахад төр хянах гэж байна, их оролцох нь гээд төслийг шүүмжлэх хандлага ажиглагдаж л байна. Зөвхөн Монголын төр хянаад оролцох гээд байгаа юм биш. Австралийн хууль энэ тэртэй харьцуулах юм бол манай энэ хууль бараадахгүй зөөлөн хууль. Австрали бол уул уурхайд өндөр шаардлага тавьдаг, хатуу хуультай орон. Захиргааны эрх мэдлийг өндөр түвшинд хуульчилсан. Төр өмчөө мэднэ гэсэн ганц л тайлбар ойлгогдоод байдаг юм. 

Уул уурхайд байгаа олон санаа зовоосон асуудлуудын нэг нь нинжа гэх, тэдгээртэй холбогдсон асуудлууд байдаг. Үүнийг зохицуулах талаар ямар бодлого тусгагдсан бол?

Энэ хуулийн төсөлд нинжатай холбоотой асуудлыг нэг мөр цэгцлэх бодлогын зохицуулалт орсон байгаа. Олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ заавал авах тухай заалт байгаа. Хаанаас олборлож, хаана хагас боловсруулсан болоод хэнээс худалдаж авсан талаар.

Хоёр жилийн өмнө шулуун гэдсэндээ алт хийсэн солонгосчуудыг манай хил гаалийнхан барьж байсан шүү дээ. Тэр алтыг хайлуулж тийм хэвэнд оруулах нь дарханы л хийх ажил. Хуучин бол сорьцын лаборатори, хайлуулдаг газар нь ганц хоёрхон, хяналт хамгаалалттай байлаа. Одоо бол бүх л алт мөнгөний дарханд ийм боломж байна. Гэхдээ хуулиар энэ боломжийг хаах гээгүй. Харин шаардлага гараад шалгахад тэр хайлуулсан, хэвэнд оруулсан алт нь гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой. Үүнийг шаардаж авах үүргийг харин тэр дарханд оногдуулсан. Хэрэв гарал үүслийн гэрчилгээгүй алтыг хайлуулж, хэвэнд цутгасан бол хариуцлага хүлээлгэнэ. Гарал үүслийн гэрчилгээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон, боловсруулсан ашигт малтмал, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах, хадгалах, дамжуулах, тээвэрлэх зэрэг асуудлыг бүгдийг нь Эрүүгийн хууль руу оруулж байгаа.

Нинжагийн хууль бус үйлдвэрлэлд бэлэн хэрэглэгч байгаа учраас л цэцэглээд байгаа юм. Хэрэглэгч нь мөнгөтэй, жийптэй, газар дээр нь очоод л бэлэн мөнгөөр худалдаад авчихдаг. Ямар ч татвар төлдөггүй, бүртгэл ч байдаггүй. Цагдаа хуулийн байгууллага хоёр мянган нинжатай биш тэр алтыг нь бэлэн худалдаж аваад, цааш нь дамжуулж зараад ашиг олоод байгаа хэдэн хүнтэй л хөөцөлдөж хариуцлага тооц гэсэн гаргалгааг энэ төслөөр оруулж байна. Газар дээрээс нь худалдаж авдаг хүмүүс нь байхгүй болчихвол нинжа-ын гэх хууль бус үйлдвэрлэл багасна гэдэгт итгэлтэй байгаа.

Өөр бусад энд дурдмаар ямар өөрчлөлтүүд байна вэ?

Тусгай зөвшөөрлийн бүртгэл, кадастрын асуудлууд. Нэлээд томоохон зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсон. Судлаад үзэхэд ашигт малтмалтай холбоотой хэрэг маргааны 70-80 хувь нь дандаа кадастрын үйл ажиллагаатай холбоотой маргаанууд байдаг. Гарч байгаа гомдол маргааны мөн чанарыг судалсны үндсэн дээр хуулийн хийдэл, оновчгүй зохицуулалтыг өөрчилж бүртгэл, кадастрыг нэлээд цэгцэлсэн. Төслийг сайн судалж үзвэл тодорхой харагдах байх.

Ерөнхийлөгч төслийг олон нийтээр маш сайн хэлэлцүүлэхийг эрмэлзэж байна

Хуулийн төслийг өргөн барих ажил нэлээд сунжрах нь ээ?

Төслийг УИХ-д хэзээ өргөн барихыг хууль санаачлагч шийднэ. Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг олон нийтээр маш сайн хэлэлцүүлж аль болох олон хүний санал бодлыг нь сонсох хатуу чиглэл өгсөн. Ашигт малтмалын хууль бол маш олон эрх зүйн харилцаанд оролцдог том хууль.  Ерөнхийлөгч санаачлан Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ажлыг эхлүүлж энэ хуулийн төслийг боловсруулахад бүтэн хоёр жил зарцууллаа. Олон талын судалгаа хийж, олон ч удаа өөрчилж байж одоо хэлэлцүүлэгт гаргаж байна. Тиймээс хурдхан өргөн бариад батлуулчихъя гэж бодохгүй байгаа байх. Төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын веб хуудас дээр байршуулсан байгаа. Гадна дотны хөрөнгө оруулагчид бүгдээрээ үзээд саналаа өгөөсэй гэсэндээ англи хэл дээр хүртэл орчуулсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2013 оны нэгдүгээр сарын хорьдоор эхний хэлэлцүүлгийг хийх талаар Ажлын хэсэгт чиглэл өгсөн байгаа. Эхний хэлэлцүүлгийг хуулийг ил гаргаснаас хойш сарын дараа хийж байгаа нь хуулийн төслийг сайн уншиж судлаг гэсэнтэй холбоотой. Тамгын газраас нэг биш хэд хэдэн хэлэлцүүлэг хийе гэж төлөвлөсөн байна лээ. Хэлэлцүүлгийн үеэр олон санал гарч таарна. Бид саналууд дээр нэг бүрчлэн ажиллаж боломжтой гэж үзсэн саналуудыг төсөлд тусгах, харин тусгагдаагүй саналуудыг  яагаад тусгаагүй талаараа эргэж тайлбарлах хэлэлцүүлгийг ч дахин хийхээр төлөвлөж байна. Одоо ч хуулийн төсөлд өгөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээн авч байгаа.

Шинэ Засгийн газар байгуулагдаад ажил нь үндсэндээ аравдугаар сард л жигдэрлээ. Сайд томилогдонгуут бид хамгийн түрүүнд Уул уурхайн яаманд төслөө өгсөн. Сарын дараа хуулийн төсөлд 36 зүйлтэй санал өгсөн. Бид тухайн саналыг зүйл болгон дээр нь судалж хэлэлцээд 18 саналыг тусгасан. 10-аад санал нь давхардсан, 8 саналыг төсөлд тусгах боломжгүй гэж үзсэн. Эргээд энэ талаараа яамны ажлын хэсэгт нэг бүрчлэн тайлбарласан. Бүгд ойлгож, сэтгэл хангалуун үлдсэн. Ийм л зарчмаар асуудлаа ярья гэж төлөвлөж байна. 

Өнгөрсөн 2011 оны 4 сард Ерөнхийлөгчийн Тамгын газар Ашигт малтмалын асуудлаар хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Түүн дээр гарсан бүх саналыг бүртгэн тэмдэглэж авсан. Тэнд гарсан саналуудаас 80 гаруй хувь нь төсөлд ямар нэг  байдлаар тусгагдсан. 

Энд нэг хэлмээр зүйл бол санал авах үйл ажиллагаанд үйлдвэрлэгчид их идэвхигүй оролцдог байдал анзаарагдаад байх юм билээ. Бараг 70-80 хувь нь олон нийт, иргэний нийгэм, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОНБ-ынхан байдаг.  Хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдийн дуу хоолой дутагдалтай санагдсан. Гарын таван хуруунд багтах цөөн хэдэн компани санал өгч байсан. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци гэхэд төсөл боловсрогдох эхний шатанд манайх хууль өөрчлөхийг дэмжихгүй байгаагээд санал өгөхгүй байх жишээтэй. Харин сүүлд хуулийн төсөлд тусгуулах саналаа Тамгын газарт ирүүлсэн байна лээ. Тэдний өгсөн саналын ихэнх нь хуулийн төсөлд орсон.

Уул уурхайн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас ирүүлсэн саналуудын зарим нь яагаад хуулийн төсөлд багтаагүйг тайлбарлах боломжтой юу?

Боломжтой. Ямар учир шалтгаантайгаар тухайн саналыг оруулсан болон оруулаагүйгээ тайлбарлахад бэлэн байна. Яг үнэндээ одоо болох хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагуудыг идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Бид зарчмыг шударгаар тавьж эхлүүлье гэж л оролдсон. Мэдээж зарим нэг тал дээр алдсан зүйл гарч магадгүй. Бидний олж хараагүйг олон нийт, үйлдвэрлэгчид олж хараад засаад өгвөл маш сайн байна. Хуулийг өргөн барих хүртэл сайжруулах санаа оноо байвал нээлттэй. Өмнө нь хууль ийм процессоор явж батлагдаж байсан эсэхийг мэдэхгүй юм. Бид анхнаас нь энэ хууль дээр нэлээд өөр сэтгэлгээгээр явсан. Төсөл гараагүй байхад л бид үзэл баримтлалаа эхлээд танилцуулж байсан. 

Ийм стандартаар явж байгаа эхний хууль байж магадгүй?

Магадгүй л юм. Эхлэл тавигдсан бол сайн л байна. Энэ удаад бид хуулийн төсөл боловсруулахад бас нэг шинэ стандарт гаргах гэж оролдож байгаа юм. Дараа дараагийн хуулиуд манай энэ хуулиас жишиг авч хуулийн төсөл гэдэг чинь нэг иймэрхүү процессоор бичигддэг гэдэг ч юм уу, ер нь хэлбэр, зүй тогтлын хувьд ийм байх нь зөв юм байна гэсэн стандарт тогтвол бидний ажлын бас нэг амжилт тэр болох байх.  

Ярилцсан Н. Ариунтуяа,  Л. Болормаа, С. Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж