Өвөлжилт хүндэрч, малчидтай холбоо тасарч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрч, малчидтай холбоо тасарч байна

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас  12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрчээ. Өвөлжилт хүндэрсэн нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газртаа 60-130 см зузаан нягтарч  цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх төлөвтэй байгаа ажээ. Тодруулбал өнгөрсөн сарын 31-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цастай байгаагаас Увс аймгийн Малчин, Хяргас, Наран­булаг, Баруун туруун, Сагил, Зүүнговь сумын нутгаар шөнөдөө жиндүү хонож, цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см, нягт нь 0,14-0,37 г/см3 хүрснээс мал бэлчээрлэх боломжгүй болоод байгаа аж.  Цаашид цас нэмж орж хүйтэрвэл Увс аймгийн Түргэн, Зүүнхангай, Тэс, Тариалан, Давст, Өндөрхангай, Тариалан сумуудад өвөлжилт хүндэрч болзошгүй  байгаа юм. Мөн  Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өн­дөр, Эрдэнэбулган, Цагаан-Уул, Өвөр­хангай аймгийн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Өлзийт, Зүйл, Баян-Өндөр, Нарийнтээл сумдад цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см байгаа юм. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл, Сонгино, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Түдэвтэй, Идэр, Баянтэс, Баян­хайр­хан, Тэс, Цагаанчулуут, Завхан­мандал, Отгон, Баянхонгорын Эрдэ­нэ­цогт, Шаргалжуут, Говь-Ал­тайн Гуулин, Архангайн Хотонт, Хашаат, Түвшрүүлэх, Булганы Тэшиг, Хангал, Булган, Могод, Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгийн Хүдэр, Зэлтэр, Төв айм­гийн Угтаалцайдам, Сэргэлэн, Хэн­­тийн Гурванбаян, Дорнодын Халх­­гол, Сэргэлэн, Сүхбаатарын Эрдэ­нэ­­цагаан, Дундговийн Адаа­цаг сумдын нутгаар цас их орсноос мал бэлчээрлэх боломжгүй бол­жээ. Хэрвээ цаашид цас нэмж орвол  Завханы Яруу, Алдархаан, Баян-Өлгийн Даян, Дөчинжил, Баян­хон­горын Галуут, Говь-Алтайн Есөн­­булаг, Ховдын Чандмань, Үенч, Алтай, Байтаг, Хөвсгөлийн Улаа­н-Уул, Тариалан, Цагааннуур, Арбулаг, Түнэл, Хатгал, Цэцэрлэг, Рашаант, Их-Уул, Архангайн Цэцэр­лэг, Жаргалант, Хайрхан, Чулуут, Өндөр-Улаан, Булганы Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Баян-Агт, Бүрэгхангай, Хутаг, Бугат, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Орхон айм­гийн Баян-Өндөр, Жаргалант, Төв аймгийн Жаргалант, Бүрэн, Өндөр­ширээт, Эрдэнэсант, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Цээл, Борнуур, Арга­лант, Баянчандмань, Мааньт, Заа­мар, Лүн Сэлэнгийн Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Хушаат, Цагаан­нуур, Орхонтуул, Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Орхон, Шарынгол, Хонгор, Хэнтийн Дадал, Батширээт, Цэнхэрмандал, Баян-Адарга, Норивлин, Батноров, Өмнө­дэлгэр, Баян-Овоо, Дорнодын Онон, Чулуунхороот, Цагаан-Овоо, Чой­балсан, Булган, Хөлөнбуйр, Баяндун, Баянтүмэн, Гурванзагал, Сүхбаатарын Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Онгон, Наран, Дарьганга Дундговийн Цагаандэлгэр, Луус сумдын зарим нутгаар 10-19 см зузаан цастай байгаагаас малын бэлчээрлэлт хүндрэхээр байгаа аж. Ганц малын бэлчээр ч гэлтгүй зам, даваа хаагдаж 3000 гаруй малчид эмнэлгийн туслалцаа авах боломжгүй байдалд хүрсэн байна. Мөн сумдын эмнэлгүүд 2-3-хан хоногийн эмийн нөөцтэй байгаа аж.
Өвжилтийн нөхцөл байдалтай уяалдуулан Улсын онцгой комисс, Засгийн газар холбогдох арга хэмжээг авч байгаа. Нэлээд хэд хоногийн өмнө хөдөө орон нутгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу хөдөө орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан бөгөөп Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өвжилт хүндэрсэн дээрх аймгуудаас Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад улсын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг худалдан борлуулах шийдвэр гарсан. Ямартай ч өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад ямар арга хэмжээ авч байгаа  талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодруулахад “Онцгой байдлын ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн гэсэн аймгуудад үнэлгээ хийхээр газар дээр ажиллаж байгаа. Хараахан эцсийн дүгнэлт  гараагүй байна. Бид бүх аймгийн хөдөө аж ахуйн газартай холбогдож мэдээлэл авахаас гадна Онцгой байдлын ерөнхий газрын  ажлын хэсэгтэй холбоотой ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрсэн ч аймгуудын өвсний нөөц дуусаагүй байгаа. Гэхдээ улсын нөөцөнд байгаа өвс тэжээлийг хуваарилж өгөөч ээ хүсэлт ирж байгаа. Жишээлбэл Төв аймгийн 100 мод хотод 300 тонн өвс, 150 тонн тэжээлийг улсын нөөцөд нэмж байршуулах, Архангай аймгаас мөн адил нэмж байршуулаач гэсэн хүсэлтүүд ирсэн. Мөн Хөвсгөл аймаг зургаан сумандаа хүн эмнэлгийн машины автопаркийг шинэчилж өгөхийг хүссэн. Иймд яамнаас ажлын хэсэг гарч маргааш (өнөөдөр) хөдөө гэж байгаа. Тэгэхээр ажлын хэсэг газар дээр нь үнэлгээ хийсний дараа Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх учраас одоохондоо тийм арга хэмжээ авна гэж хэлэх боломжгүй” гэсэн юм. Ямартай ч уржигдрын байдлаар Архангай, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт нийтдээ 600-гаад толгой мал хорогдсон байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Харин бусад аймгуудад мал хорогдсон зүйл байхгүй байгаа аж.

Өнгөрсөн арав хоногтой өнгөрсөн саруудыг харьцуулбал цасны зузаан нэмэгдэж, хүчтэй цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрчээ. Үүний улмаас 15 аймгийн 55 суманд мал бэлчээрлэх боломжгүй байгаа аж. Цаашид цасны зузаан нэмэгдэж нягтарч хатуурвал 17 аймгийн 91 суманд малын бэлчээрлэлт хүндрэхээр байгаа юм.

 Баян-Өлгийн Улаанхус, Буянт, Баянхонгорын Шаргалжуут, Говь-Алтайн Дарив, Завханы Отгон, Булнай, Завханмандал, Түдэв­тэй, Цагаанхайрхан, Увсын Баруун­туруун, Хөвсгөлийн Хатгал, Бүрэн­тогтох, Тариалан, Өвөрхангайн Уянга, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр сумдад нийт 6713 толгой мал хорогдсон байна. Өнгөрсөн оны аравхоёрдугаар сард орсон цасны хэмжээ Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өмнөговийн зарим сумдын нутгаар 6-10 мм, их орсон газраа 11-22 мм буюу нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 30 орчим хувьд  нь бага цас оржээ.

Ж.БАТТУУЛ

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж