Хоёр том нам ямар хаврыг хүсээд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Хоёр том нам ямар хаврыг хүсээд байна вэ?

2012 оны тавдугаар сард бол­сон УИХ-ын сонгууль, арван­нэг­дүгээр сарын 21-нд болсон аймаг, сум орон нутгийн сонгуулийн мар­гаан жил дамжиж, өнөөд­рийг хүртэл тасраагүй үргэлжилсээр. Он дамнан, бү­тэн жил үргэлжилсэн сандал сууд­лын маргаан хэзээ нэг мөр ший­дэгдэж, суудалдаа заларсан за­саг ноёд нь ард түмнийхээ тө­лөө ажиллах юм, бүү мэд.
Дөр­вөн жил нутгийн өөрөө удирдах байгууллагыг даргалах аймаг, сумдын Засаг дарга нар эхнээсээ тодорхой болж эхлээд байгаа ч асуудал дагуулсан аймаг, дүүрэг нэг биш нэлээд хэд үлдчихээд байгаа нь ард түм­ний дургүйцлийг төрүүлж бай­на. Засаг ноёд хаана байна, зуд турхан болоод хэцүүдлээ гэх гомдол хаа сайгүй л дуул­даж эхэллээ. Ард түмний хий­сэн сонголт өнгөрсөн орон нут­гийн сонгуулиар төвөгтэй бай­сан гэж дүгнэхэд буруудах зүйл­гүй.

Учир нь УИХ-ын сон­гуулиар нэг намыг хэтэрхий их тахин шүтэхгүйгээр олон на­мын төлөөлөлтэй байх сон­голт хийснээ энэ удаагийн орон нутгийн сонгуулиар дахин ба­тал­гаажуулсан. Орон нутгийн сон­гуульд 12:9 харьцаа буюу 21 аймгийн 12-т нь АН, есд нь МАН ялалт байгуулсан. Харин нийслэлийн есөн дүүргийн тавд нь АН, дөрөвт нь МАН ялалт байгуулсан мэдээлэл байсан. Гэтэл хууль зөрчсөн томилгоо, хувиа хичээсэн үйлдэл, ард түм­ний сонголтыг уландаа гиш­гэлээ гэсэн авгай хүүхнийх шиг хэрүүлийг нь харахад ард түм­ний хийсэн сонголт эцсийн дүн­дээ юуг баталгаажуулсныг хэлж мэ­дэхгүй юм.

СЕХ нь худлаа мэдээлэл өгчихөөгүй юм бол сандал суудлаа хуваа­рилж аваад аль хэдийнэ аймаг орон нутгаа төвхнүүлэх ажилдаа орчихсон байх хугацаа өнгөрсөн. Гэтэл маргаан дуусаагүй бололтой. Зарим нэг нь жижигхэн албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэлдэж эцэс сүүлд нь гутал шидэлцэж, сандлаар нэгийгээ “нүүлгэв”. Орон нутгийн сонгуу­лийн маргаан Бага­нуур дүүрэгт одоог хүр­тэл үргэлжилсээр байгаа нь энэ юм. Тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар АН-ын М.Гончигжавыг За­саг даргаар томилохоор бол­сон.

Гэтэл хуучин Засаг дар­га Ц.Сандаг-Очир тамгаа шилжүү­лэх­гүй байгаагаас болоод хоёр намын хооронд маргаан эхэл­жээ. Эхлээд АН-ын ги­шүүдээс гутлаар бэлэг авсан Ар­дын намынхан эргүүлээд “сан­дал­­даж” хариуг нь барилаа. Тамга тэмдгээ булаацалдсан хоёр намын гишүүдийн айх ичи­хээ умартсан, аргаа барсан үйлдэл ард түмний доог тохуу болж,  дараагийн бичлэгийг нь тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Сандал, гутлаар эхэл­сэн суудлын төлөөх “цусгүй дайн” эцэс сүүлд нь хэн нэгнийгээ гэмтээж, эрүүл мэндээр нь хохироож өндөр­лөх вий дээ, хотын дарга аа. Энэ бүх заваарсан хэрүүл маргаан  дарга мяндагтан, албан тушаалтнуудад огтхон ч хамаагүй юм шиг таг дуугүй явсаар. Сонгинохайрхан дүүр­гийн хэдэн иргэд нь шинэ дар­гаа эсэргүүцэж, туг далбаа намируулж, өлсгөлөн зарлах тухай яриад явж байсан санагдана.

Тамгаа авч зугтсан, намын гишүүнээ АН-ыг дэмжлээ гэсэн шалтгаанаар намаас нь хөөсөн, цэрэг цагдаагаар далайлгаж аймгийн намын даргын суудлын төлөө зүтгэсэн гээд хөдөө орон нутгийн ажилтан, албан хаагчид, намын гишүүд, сэхээтний төлөөллүүд  хөгөө хөлдөө чирч байна. Ичих айхаа умартан, эргүү тэнэгээрээ дуудуулж явна даа, төрийн албанд тангараг өргөсөн сэхээтнүүд маань. Эмгэнэлтэй, өрөвдөлтэй ч юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг аймаг, орон нутгийн удирдлагуудтай сар бүрийн эхний долоо хоногт хийдэг цахим хурлаа өчигдөр хийж, эрч хүчтэй ажиллахыг сануулж, ажилд нь амжилт хүссэн.

Гэхдээ зуд турхан нүүрлэж, амьдрал нь хэцүүдчихээд байгаа Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай гэсэн зургаан аймаг, нэг биш нэлээд хэдэн дүүрэгт эрхэм сайдын ерөөсөн ажлын амжилт огтхон ч хамаагүй болчихоод байна. Ерөнхий сайд томилогдохгүй хүлээлт үүсгээд байгаа Засаг дарга нарын томилгооны асууд­лаар байр сууриа илэр­хийлэхдээ “Улстөржсөн шалтгаан байхгүй, хууль зөрчиж хуралдсан болон Иргэдийн хурал нь хуралдаагүй байгаатай холбоотой. Мар­гаан­тай асуудлаа цэгцэлж, хууль дүрмээ барьж ажиллах ёстой” гэд­гийг дуулгасан. Энэ асуудал Ерөнхий сайдын хэлсэнчлэн улс төрийн зорилго агуулаагүй байлаа ч хамгийн чухал нь иргэдийн эрх ашиг хохирчихоод байна.

Аймгуудад өвөлжилт хүндэрч, хүндхэн нөхцөл байдалд орчихоод байгаагаа зарлаж эхлээд байхад бүхэл бүтэн зургаан аймаг удирдан чиглүүлэх дарга, заавар зөвлөгөө өгч, залж чиглүүлэх толгойгүй, эх захаа алдчихаад байгаа нь дуугүй суугаад өнгөрөх асуудал биш. Яг ямар асуудлаас болоод томилогдоод ирсэн Засаг дарга нар Ерөнхий сайд таны таашаалд нийцэхгүй байгааг зоригтойхон хэлчихвэл яасан юм бэ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг улс төрийн өнцгөөр дүгнэсэн зарим нэг хүмүүс АН-ыг бойкот хийж байна гэж дүгнэж байна лээ. МАН-ынхан манай намын хүн болохоор батламжлахгүй байна гэж байна.

Гээндээ ч, гоондоо  бий биз. Ийм асуудлаар улс төр хийгээд явмааргүй юм. Энэ нь мэдээж иргэдэд буруу ойлголт өгч, улс төрийн зорилгоор дарамталж байгаа мэт харагдана. Ардын намын удирдлагуудын хэлж байгаагаар бүх зүйл Ерөнхий сайдаас болсон гэнэ. Зарим аймаг хоёр, гурван удаа хурлаа хийж, Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч баталж өгөхгүй байгаа нь хүч түрэмгийлэн бүх шатны удирдлагыг өөрийн намдаа авах гэсэн явуургүй санаа гэж үзсэн байгаа юм гэсэн.

Хуулиар бол Ерөнхий сайд нэг удаа буцааж болдог ч хоёр, гурав буцаадаг явдал байж боломгүй үйлдэл юм байх. Үнэхээр л улс төрийн шалтгаанаар ингэж хандаад байгаа бол эрх баригчид, сөрөг хүчний хэдэн дарга нарын бус эгэл жирийн ард түмний амьдрал хэцүүхэн сорилтын өмнө ирчихээд байгааг дуулгая. Үүрэг гүйцэтгэж байгаа гэх нэртэй, хатуухан хэлэхэд суудлын бөглөөснүүд аймаг, орон нутгаа үг хэлгүйхэн удирдаад байгаа юм алга л байна.

Зургаан аймгийн иргэд Засаг даргагүй шинэ оноо угтаж, төрийн албан хаагчид нь албан ёсны даргатай болохоо хүлээн гиюүрч суугаа. Энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй биз дээ. Авлига авсан, хууль зөрчсөн элдэв үйлдэл гаргаад байгаа нөхдүүдийн нэрийг зоригтойхон зарлаад, хүний нам гэж ялгаварлаад байлгүй хууль зөрчөөгүй дарга нарыг томилмоор байна, Ерөнхий сайд, хотын дарга аа.

Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр хэн хэн нь буруутай. Барьцаа шантааж, ёсзүйгүй характер АН-ынханд ч байгаа. Хэн дуртайгаа хурган даргын суудалд суулгачихаад төсвийн мөнгөнөөс хумсалж, аавын хаалга татдаг бичигдээгүй хууль Ардын намынханд нь бий. Алдаатай шийдвэр гаргачих гээд байгаа юм бол арай дөнгүүр нэгнийг хурган даргаар томилчихож болохгүй байгаа юм уу.

Хүйтний эрч чангарч, идэр есийн хүйтэн эхэлчихлээ. Шинэчлэлийг шат шатанд хэрэгжүүлэх том ажил харганы ноос түүж эсгий зулахтай адилхан болчихоод байна. Эвээ олоод ажиллахгүй бол эрдэнэт мал сүргээ зуданд алдах аюултай нүүр тулчихаад байгаа эгэл жирийн иргэд хохирсоор байна шүү, найзуудаа. Хавар хоосон хашаа, өлсгөлөн ард түмэнтэй үлдэхгүй гэж байгаа бол хаа хаанаа онцгой анхаарах цаг болжээ.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж