Энэ онд Сирийн дайныг эцэслэх боломжгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Энэ онд Сирийн дайныг эцэслэх боломжгүй гэнэ

Оны өмнө Сирийн удирдагч Башар Аль Ассад “Эрх чөлөө, шударга явдлын төлөө Сирийн арми эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн хэлж билээ. Түүний хэлсэн үг 2013 онд Сирийн дайн дажин дуусгавар болохгүй гэдгийг нэг талаараа баталж буй. Үүний нэг нотолгоо болж он солигдохын өмнө Сирийн арми төмөр чингэлэгтэй химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг босогчид хэмээж байгаа.

Үүнийг дагаад эрх баригч Башар Аль Ассадын хүчийг эсэргүүцсэн Сирийн ард иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Тэд уур бухимдлаар Сирийн ирээдүйг шийдэх цаг биш, эрх баригчид бууж өгөх ёстой гэсэн нийтлэг байр суурийг барууны хэвлэлүүдэд мэдэгдсээр байгаа юм. Арабын хувьсгал гарснаас хойш өдийг хүртэл буун дуу зогсохгүй, байлдаан үргэлжилсээр байгаа цорын ганц орон Сири болоод байгаа. Тэр ч утгаараа НҮБ-аас өнгөрсөн оны эхний улиралд яаралтай энхийг сахиулах явган цэргийн салаа, хүчний бие бүрэлдэхүүнийг Сирийн газар нутаг руу оруулсан. Эсэргүүцлийн жагсаалаас эхэлсэн Сирийн хувьсгал өдгөө олон улсын хооронд үүсээд буй маш том асуудал болж хувирсан. Эхлээд нөхцөл байдал иргэний дайны өнгө аястай байсан бол сүүлдээ АНУ тэргүүтэй барууны орнуудын нөлөөнд орж  эхэлсэн. Тиймдээ ч өнөөдөр дэлхийн томоохон байгууллагууд болон их гүрнүүдийн анхаарлын төвд яах аргагүй Сирийн энх тайвны асуудал ороод байгаа.

Хамгийн сүүлийн үеийн мэдээл­лээс Сирийн Алепо хотын нисэх буудлыг түр хугацаагаар хаажээ. .Алепо хот бол Сирийн стратегийн чухал бүс. Тус улсын хоёр дахь том хот бөгөөд эдийн засгийн гол гарцуудын нэг. Нисэх буудлыг хаах болсон шалтгаан нь дэлбэрэлттэй холбоотой. Нисэх буудлын ойролцоо гарсан дэлбэрэлт нь Засгийн газрын цэргүүдийн эсрэг босогчдын үйлдсэн ээлжит зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг “Аль Жазира” агентлаг онцолсон юм. Тиймээс нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Сирийн “Чөлөөт арми” буюу босогчид энэ онд хэд хэдэн удаа Алепо болон Дамаскийн олон улсын нисэх буудлын ойролцоо халдлага үйлдсэн. Гэвч амь үрэгдсэн хүн байхгүй гэдгийг албаны эх сурвалжууд цохон тэмдэглэсээр. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Сирийн дайн байлдааны үеэр 45 мянган хүн амь насаа алдсан тоо гарсан. Харин НҮБ-ын оны эцсийн байдлаар судалгаагаар амь үрэгдэгсдийн тоо 60 мянга давжээ. 

Ажиглагчдын үзэж байгаагаар Сирийн зүүн болон баруун хэсэг үзэл бодлоороо хуваагдсан иргэд маш их олширч байгааг шүүмжилжээ. Босогчид болон Сирийн армийнхны хоорондын тэмцлээс гадна иргэд хоорондоо үзэл бодлоороо хуваагдах болсон нь хямралыг улам хүндрүүлж буйг Их Британийн олон улсын нийгэм судлалын шинжээчид “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Хэрэв иргэний дайн бүрэн утгаараа Сирид үүсвэл АНУ тэргүүтэй барууны орнууд болон “БРИКС”-ийн орнууд зайлшгүй Сирийн асуудалд гүн хутгалдахаас өөр аргагүйд хүрэх аж.  

Сирид нөхцөл байдал өнөөдөр ч хүнд хэвээр байна. Хэдэн зуун мянган хүн эх нутгаасаа хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэсэн, хилийн зурвасаас гадагш гарах шаардлагатай 500 мянган хүн байна. Тэр ч бүү хэл, дөрвөн сая гаруй иргэд дүрвэгсдийн хуаранд өдөр хоногийг өнгөрөөж байна. Хамгийн аймшигтай нь Сирийн булан тохой бүрт гэмт хэрэг, хүчирхийлэл, дээрэм тонуул газар авсаар байгаа юм. Үнэхээр тус улсын иргэд тайван амьдрах орчин хаа ч байхгүй болсон. Дүрвэгсдийн хуаран орчимд их хэмжээний хүн цугларсны улмаас халдварт өвчин, ханиад томуу салахгүй байгаа бөгөөд НҮБ-аас эрүүл мэндийн эм тариа хүргэхэд хүндрэлтэй байгаа гэдгийг НҮБ-ийн төлөөлөгчид өмнө нь онцолж байсан.

Товчхондоо, Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэснийг ямар ч нотолгоо баримтаар батлаа­гүй. Тиймээс дэлхий нийтийн өмнө Башар Аль Ассад нүүр бардам, өөрийн байр сууринд өдийг хүртэл бат зогссоор байгаа гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн. Харин Сирийн чөлөөлөх арми буюу сөрөг хүчний цэргүүд маш сайн зэвсэгтэй болсон. Дэлхий нийтийн өмнө “Яагаад гэнэт” гэсэн асуулт урган гарч ирсэн. Үүнд босогчид “Эзэлсэн хотуудын, армийн болон цэргийн баазуудад байсан зэр зэвсэг” хэмээн тайлбарласаар байгаа. Гэвч үнэнийг хэн ч баталж чадахгүй хэвээр байна. Сирийн армид зэвсэг болон төмөр нийлүүлж байгаа гүрнүүд тодорхой болсон. Харин Сирийн армид зэвсэглэлийн тал дээр Иран, төмөр нийлүүлэхэд Катар, Саудийн Араб, Турк ихээхэн дэмжлэг үзүүлж байсан бол бэлэн зэвсэг хаагуур дамжин Сирийн хилээр нэвтэрч буйг НҮБ давхар хянаж байгаа билээ.

Хамгийн хачирхалтай нь Сирийг чөлөөлөх дайнд Туркийн курд, хезболла зэрэг гадны үндэстнүүд тусалж, хүч хавсарч байгаа гэх таамаглал бий. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нави Пиллэй “Сирийн асуудал, дайн 2013 онд шийдвэрлэгдэж дуусахгүй болж байх шиг байна. Учир нь НҮБ болон олон улсын зүгээс тус улсад цэрэг нэмж оруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад санал дутаж байна. Зарим орон санал зөрөлдөж байгаа нь нууц биш” хэмээжээ. Хамгийн гол нь Сирийн таван  сая гаруй оршин суугчид яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдсэн. НҮБ-ын дүрвэгсдийн хэлтэсийн гаргасан судалгаагаар 540 мянга гаруй сиричүүд Иордан, Ливан, Турк болон Африкийн умард орнуудад дүрвэсэн аж. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол 2013 онд дүрвэгсдийн тоо гурав дахин нэмэгдэх бөгөөд, амиа алдагсдын тоо 150 мянга хол гарна гэдгийг ажиглагчид таамаглажээ.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж