
За одоо шинэ жил яах вэ, өнгөрсөн. Нэг баярыг хотол олноороо нижгэр өнгөрүүллээ. Харин одоо зурагтаар ул боовны реклам, сар шинийн хямдрал энэ тэр гэсэн рекламнууд бөмбөгдөж өгнө. Аав, ээж, эмээ, өвөө нар он гаргасны маргааш нь цагаан сардаа бэлдэж “Алив хүүхээ ууцаа яах вэ, бэлгээ хэн бэлдэх вэ” гэж хүүхдүүддээ хуваарилаж үлдсэн хэдээ тэтгэвэр эсвэл нөгөө өдөржин дугаарлаж байж авдаг хэдэн төгрөгөө сэгсэрч байж нэг болгож байна. Арга ч үгүй дээ. Ганцхан сарын дараа л нөгөө цагаан сар маань боллоо. Зарим хүмүүс бүр шинэ жилийнх нь уур амьсгал арилаагүй байхад сар шинэтэйгээ золгох гэж байна. “Манай энэ баярууд арай л ойр ойрхон болох юм” хэмээн уурсах хүн ч олон. Ядарсан нэгэн нь энэ олон баярууддаа чирэгдэж, задарсан нэг нь энэ олон баярууддаа дурлах юм. За би гэж ядарсан задарсан, хоёрын тэг дундуур нь алхаж яваа хүн. Гэхдээ олон баяр тэмдэглэх сайхан шүү. Ядруухан ч гэсэн монголчууд баяр гэхээр нүд нь сэргээд чих нь сотойдог. Он гарчихсан хаврын баяруудын уур амьсгал эхэлж нэг үгээр баярын улирал эхлээд байна. Цагаан сар, Мартын найман, Валентин, Цэргийн баяр гээд дурьдаад байвал барагдахгүй биз. Энэ олон баярыг тойроод гарна гэж лав байхгүй. Дайраад л гарна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж монголчууд нэг баярлана. Цагаан сарын өмнө цалингаа авч монголчууд бөөн баярт автана. Бэлэг сэлтээ бэлдээд баяраа хүлээж бөөн бодолд автах нь тэр. Наймаачид барааныхаа үнийг нэмж нэг баярлана. Ер нь монголчууд нэлээд баярлана шүү. Баярлаж цэнгэх газрууд нь ч олон болохоор түүртээд байх юм огтхон ч байхгүй. Монголчуудын хайртай улирал гэж энэ үеийг хэлж болно. Удаан уулзалдаагүй хамаатан садангууд удахгүй учран золгох нь тэр. Мөн удахгүй хэдэн эмэгтэйчүүдийнх нь баяр болно. Эрх чөлөөг тунхагласан энэ олон баярууд битгий дуусаасай. Монголчууд ийм л болохоор баяруудад дурлаж дунд чөмгөөрөө жиргэцгээж байна. Дэлхий сөнөөгүй л юм чинь монголчууд баярласаар л байх болно. Хэзээ ч уйдахгүй хүмүүс гэж монголчуудыг хэлнэ биз. Баяр сайхаан сайхан. Бүр олон байхдаа дэндүү сайхан юм.
Э.БАЯСГАЛАНЗохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
