Хот тохижилтынхоны амь нас хямдхан болжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Хот тохижилтынхоны амь нас хямдхан болжээ

Идэр есийн жавар та­чиг­на­сан нэгдүгээр сар гар­лаа. Амралтын өдрөөр гэр­тээ хари­хаар гуравдугаар эмнэл­гийн ой­ролцоо алхаж явав. Сая­­хан орсон цас олны хөлд да­раг­дан дагтаршиж явган хү­ний зам гэж бараг л мөсөн гул­гуурийн талбай шиг бол­чих­жээ. Болгоомжтой явах­гүй бол савж уначих гээд хэ­­цүү юм. Явган хүний за­маар “Хот тохижилтынхон энэ замаа байнга цэвэрлээд байж болдоггүй л юм байх даа” хэмээн бухимдаж яв­тал хажууханд нэг залуу чан­га чанга хашгирах дуу сон­сог­дов. Төв зам дээр “Ланд круй­зер 80” маркийн авто ма­ши­ны жолооч замын цас цэ­вэр­лэ­дэг нэгэн залууг заг­наж гарч байна. Жолооч цас цэ­вэр­лэгчийг “Муу тэнэг чинь за­маас зайлаад өгөөч. Машины ур­дуур орж гай болох гээ юу” гээд түлхэж унагачихаад яваад өглөө.

Залуу ч босч хувцас хунараа гөвсөн болчихоод замын хажуугийн цасыг цэвэрлэж ажилдаа эргэн оров. Би түүн рүү очлоо. “Сайн байна уу. Саяны залуу таныг яасан гэж ингэж зандраад байгаа юм бэ” гэвэл “Яах юу байх вэ дээ. Дээрэлхэж байгаа нь л энэ юм байлгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд цасаа цэвэрлээд явж байхад өөрөө ирж шүргэчихээд дээр нь зодох шахлаа. Угаасаа зарим жолооч бидэнтэй их дээрэнгүй харьцдаг. Уг нь бид энэ хүмүүсийн тав тухтай байдлын төлөө бүхэл өдөржин даарч хөрөн цас цэвэрлэж байна шүү дээ” хэмээн ярив.

Намуухан дуутай, намхавтар нуруу, бор царайтай гуч эргэм насны энэ эрийг Д.Батбаяр гэдэг. Тэр хот тохижилтын компанид ажилд ороод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. “Таныг саяны жолооч дайрчих шахлаа. Цас цэвэрлэгч нар зам тээврийн осолд өртөх тохиолдол их гарч байна уу” гэж асуувал “Миний мэдэхээр өнгөрсөн онд манай бригадаас хоёр гурван хүн машинд мөргүүлсэн. Нэг охин одоо ч нуруу нь өвдөөд ажлаа хийж чадахгүй байгаа. Бас надтай цуг ажилладаг залуу маань сар гаруйн өмнө автобусанд мөргүүлээд одоо нэг гарынхаа хоёр хурууг хөдөлгөж чадахгүй байгаа. Түүнийг замын хажуугийн цас цэвэрлээд байж байхад нэг автобус шахаж орж ирээд мөргөчихсөн байсан. Тэгээд мөргөсөн жолооч нь “Би замын тусгаарлах шон мөргөх гээд байсан юм. Хэрвээ мөргөчихвөл надад торгууль тавина гэж хэлээд явчихсан байна билээ. Найз маань дугаарыг нь харж чадаагүй болохоор хохироод л үлдсэн” гэв.

Юу гэсэн үг вэ. Эрдэнэт хүний амь нас зам дээр тавьсан тусгаарлах шонгоос хямдхан болсон хэрэг үү. Цас цэвэрлэгч ч гэсэн хүн шүү дээ. Аль эсвэл зарим хүний нүдээр тэд хүн гэж харагддаггүй юм болов уу. Түүнтэй өдрийн талыг өнгөрүүлэхдээ өдөржин цас цэвэрлэж байгаа энэ хүмүүсийн хөдөлмөрийг хэн ч анзаардаггүй, хэн ч үнэлдэггүй гэдгийг өөрийн биеэр анзаарсан юм. Замын хажуугаар байгаа хогийг цэвэрлэж цэвэрлэж эргээд харахад бөөн хог тарьчихсан л байж байна. Өдөржин махийсан хэрнээ хийсэн нэргүй дээр нь цалин багатай болохоор үнэндээ тэдэнд ажиллах урам байдаггүй аж. Биднийг тэнд цас цэвэрлэж байхад бригадын дарга гэж нэг өндөр туранхай залуу ирээд ажлаа хийхгүй байна. Өнөөдрийн чинь цалинг өгөхгүй энэ тэр гээд л сүрдүүлж гарлаа. Уг нь ажиллаад л цэвэрлээд л байсан юмсан. Хэний ч нүдэнд өртдөггүй хэрнээ хүн бүхэнд тустай энэ ажил уг нь жаахан үнэлэмж өндөртэй баймаар санагдав. Хэрвээ хот тохижилтынхон байдаггүй, хэн нэг нь хотын замын цасыг цэвэрлэдэггүй байвал юу болох вэ гээд бодвол уг нь тэдний ажил үнэхээр чухал юм. Гэтэл тэднийг хийснийг үнэлэхгүй хэрнээ хийгээгүйг нь буруушаах хүн олон аж. Хотын зам талбай хальтиргаа ихтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэ халтиргааг арилгах гэж өдөржин зүтгэж байгаа хүмүүс бий. Даанч зарим үед тэд энэ бүхний өмнө хүчин мөхөсддөг юм байна.

Өвлийн хүйтэнд өглөөний 07.00-18.00 цагийн хооронд ихэнхдээ илүү цагаар  гадаа хөлдүү зам дээр ажиллана гэдэг хэн бүхний хүсэх ажил биш аж. Д.Батбаяртай ярилцангаа ажлаас нь хамжилцах санаатай замын хажуугаар дагтаршсан цасыг ховхолж гарлаа. Эхэндээ их л урамтай байсан боловч хэсэг хугацааны дараа гар хөл хөлдөх дөхөж хүрзээ ч барьж чадахааргүй шахам болов. “За ах минь энэ ч барахгүй ажил байна. Таны үдийн цайны завсарлага дөхөж байна уу. Хоёулаа дулаан газар орж жаахан хууч хөөрөх үү” гэвэл “Аргагүй. Чамшиг ийм нимгэн хувцастай хүн байтугай хамаг байдгаараа баглачихаад явж байгаа би хүртэл даараад заримдаа осгочих дөхдөг юм” гэлээ. Д.Батбаяр Баянгол дүүргийн зургаадугаар бригадад харьяалагддаг. Тэд 12.00-14.00 цагийн хооронд түр амсхийдэг аж. Д.Батбаярын өглөөний ажил дуусч эхнэртэйгээ хамт амрах байр руугаа явлаа. Би ч бас дагаад байранд нь очлоо. Бид явсаар нэг угсармал есөн давхар барилгын хонгил руу оров. Бригадын зарим нөхөд нь ч ажлаа дуусгаад амрахаар иржээ. Тэнд эндээ өдрийн хоолоо хийж идээд хэсэг амсхийж байгаад орой ажилдаа гардаг аж. Өдрийн хоолоо идсний дараа Д.Батбаярын эхнэр М.Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.

-Нөхөртэйгөө хамт хот тохижил­тын компанид ажилладаг юм байна. Та хоёрын цалин амьдралд хэр хүрэлцээтэй байна вэ?

-Цалин хангалттай хүрэлцэхгүй байна. Гэхдээ яах вэ хоёулаа хамжаад болгож л байна.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Хоёр хүүхэдтэйгээ, бас миний хэдэн дүү хамт амьдардаг.

-Бүсгүй хүн битгий хэл эрэгтэй хүн ч халширмаар ажил юм?

-Тийм. Үнэхээр халширмаар ажил. Анх зам дээр ажиллахад машин ирж мөргөчих гээд байгаа юм шиг санагдаад их л айдаг байсан. Одоо бол сурчихсан байна.

-Өвлийн хүйтэнд өдөржин гадаа зогсоод байхаар нуруу бөөр өвдөхөөс эхлээд асуудал гарах л байх даа?

-Тийм. Одоо ч бие өвдөөд л байдаг юм. Гэхдээ ажиллахгүй бол хоёр хүүхдийг маань хэн тэжээх билээ.

-Хүйтэнд өмсөх дулаан хувцас, гутлыг нь ажлаас өгдөг үү?

-Саяхан хувцас өгсөн. Дулаан хувцастай болохоор ажиллахад хүр­тэл амар байна. Гутал өнгөрсөн жил өгсөн гэсэн. Энэ жил өгөөгүй.

-Өөр ажил хайж үзэв үү. Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?

-Цэвэрлэгч гээд л олдсныг нь л хийдэг байсан. Одоо ч өөр ажил олоход хэцүү л дээ.

-Өдөржин ажилтай байхаар хүүх­дүүдийг нь хэн хардаг вэ?

-Хүүхдүүдээ цэцэрлэгт явуулдаг. Ажил ихтэй болохоор цэцэрлэгт нь хүргэх, авах гэж хэцүү байдаг юм.

-Амралтын өдөр байдаг уу. Хэд­дэх өдөр амарч байна вэ?

-Долоо хоногт амралтын нэг л өдөр байдаг. Хагас сайн, гурав дахь өдрийн нэгэнд нь амардаг.

-Нэг хүн өдөрт ямар талбай цэвэрлэдэг юм бэ?

-Дөрвөн нуух цэвэрлэх ёстой.

-Нуух гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Замын хажуугийн дагтаршсан цастай хэсгийг нуух гэж байгаа юм. Тэгэхээр нэг хүн замын хоёр урсгалын дөрвөн нуухыг цэвэрлэнэ.

-Хэр урт зайг цэвэрлэдэг вэ?

-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ цэвэрлэдэг талбайд маань гэрлийн 12 шон байдаг юм.

-Гудамж талбай ялангуяа явган хүний зам их халтиргаатай байна. Үүнийг ч гэсэн та нар цэвэрлэх ёстой биз дээ. Эсвэл өөр хүмүүс хийдэг юм уу?

-Бид нар цэвэрлэдэг. Гэхдээ зарим үед амждаггүй юм. Төв замаа цэвэрлэсээр байгаад өдрийг авдаг. Дээр нь саяхан цас орсон болохоор цохиж амжаагүй байгаа юм. Өнөөдөр эсвэл маргаашнаас цохиж арилгах байх. Ер нь бид бригадын мастер хаана ажилла гэнэ тэр газар нь л ажилладаг.

-Ажлын хүнд нөхцөлтэй, дээр нь цалин багатай. Цалингаа нэмүүлэх талаар удирдлагадаа хандаж үзсэн үү?

-Удахгүй нэмнэ л гэсэн. Хэзээ хэдэн төгрөг нэмэхийг нь мэдээгүй л байна.

-Ажлаа хийж байгаад осолд орох тохиолдол цөөнгүй байдаг гэсэн. Осол орвол танай компаниас нөхөн олговор өгдөг үү?

-Тийм юм байхгүй. Машинд мөргүүлбэл өөрийнх нь хохь болоод л үлдэнэ.

Н.САНЖААСҮРЭН\

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж