-Сүүлийн үед та МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар байр сууриа илэрхийлэхээ больчихлоо. Энэ бүхнээс тань болоод таныг “Албан тушаал аваад амаа таглуулчихаж” гэж намын гишүүд, дэмжигчид тань хардаад байх шиг байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Эрүүл мэндийн сайдын хувьд би хууль журмын дагуу ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль байдаг юм байна. Тэр хуулийн дагуу Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайд нар зөвшилцсөний үндсэн дээр хоригдож байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх ёстой юм. Энэ дагуу өмнөх сайд нарын хэрэгжүүлж байсан журам байдаг юм байна. Энэ журам нь хүний амьд явах, эрүүл байх эрхийг ноцтой зөрчсөн байгаа нь өнөөдөр ил болж байна. Тухайлбал, хүнд гэмт хэрэгтэн гэгдэж байгаа хүн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж болохгүй. “Эрүүл мэндийн асуудалтай учир эмчилгээ авах ёстой” гээд эмч нарын эцсийн дүгнэлт гарчихаад байхад нь прокурор түүнд нь хориг тавих эрхтэй байх жишээтэй. Тиймээс энэхүү журамд өөрчлөлт оруулах санал гаргаж өнгөрсөн сарын 26-нд Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Одоо Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвшөөрлийг хүлээж байна. Х.Тэмүүжин сайдыг саналаа өгсний дараа энэхүү журмыг шинэчилнэ. Журмыг шинэчилсний дараа хоригдлуудыг хүнд гэмт хэрэгтэн гэж ялгахгүйгээр амьд явах, эрүүл байх эрхээр нь хангах бололцоотой болох юм. Шинэ журам гарах юм бол манай яамны зүгээс Н.Энхбаяр дарга шиг байдалд орсон хүмүүсийн эрүүл мэндийн эрхийг нь хангахад бэлэн байгаа юм. Энэ журмын асуудал дээр бид гацчихаад Хууль зүйн сайдын зөвшөөрлийг хүлээгээд байгаа юм.
-Х.Тэмүүжин сайдад санал хүргүүлсэн гэлээ. Таныг Эрүүл мэндийн сайд болж байхад “Хууль зүйн дэд сайдтайгаа нийлж байгаад намынхаа даргыг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулах гэж байна” гэсэн хардлага гарч байсан. Дээрх саналыг энэ бүхний илрэл гэж ойлгож болох уу?
-Эрүүл мэндийн сайдын хувьд би Н.Энхбаяр гэдэг хүн байна уу, хэнбаяр гэдэг хүн байна уу асуудалд ижилхэн л байр сууринаас хандаж байгаа. Энэ ч үүднээсээ би шоронд хоригдож байгаа хүмүүсийн эрүүл байх эрхийг хэрхэн хангаж байгааг үнэлүүлэх ажлын хэсэг гаргаж байна. Удахгүй шоронгийн эмнэлгүүдээр явж, өөрийн биеэр танилцах гэж байна. Ер нь миний гаргаж байгаа шийвэрүүд дандаа амьдралын шаардлагаас урган гарч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Н.Энхбаяр даргад тохиолдож байгаа үйл ажиллагаа ч гэсэн томоохон анхааруулга болж байна. Монгол төрийн оролцоотойгоор шоронд ороод өвчин тусаад эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар байгаад тэндээ нас барсан хүмүүсийн жишээ цөөнгүй байдаг юм билээ. Ийм байж болохгүй шүү дээ. Хүн гэмт хэрэг хийгээд ял шийтгэлээ эдэлж байгаа юм чинь эрүүл байх эрхээ эдлэх ёстой. Энэ бүх бололцоог нь төр бүрдүүлж өгөх ёстой. Саяхан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд ажиллаад ирэхдээ надад нэг асуудал тавьж байсан. Тэнд ясны сүрьеэ туссан хүүхэд ясаа тайруулах дээрээ тулчихсан атлаа эмчлүүлэхгүй хоригдож байсан гэсэн. Н.Энхбаяр даргын асуудал нууцлагдмал байсан энэ бүхнийг илчилж байгаа л төдий зүйл. Түүнээс биш онцгойлон хандаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Харин энэ бүх асуудлыг шийдэхэд минь хурцалж өгч байгаа гэж хэлж болох байна.
-Тэгэхээр Х.Тэмүүжин сайд зөвшөөрчихвөл Н.Энхбаяр даргыг эмнэлэг рүү шилжүүлж болно гэсэн үг үү?
-Боломжтой. Хууль нь байна шүү дээ. “Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн II эмнэгэлт хэвтэж, эмчлүүлнэ” гээд заачихсан байгаа юм. Хорих анги болон Эрүүл мэндийн яамны эмч нар зөвлөлдөөд “Н.Энхбаяр гэдэг хүн цаашид нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай” гэдэг шийдвэрийг гаргачихсан шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүний эсийн задралын хурд маш их байгаа учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Тэгэхээр Хууль зүйн яамнаас зөвшөөрөл ирчихвэл энэ асуудал таны мэдлийнх болох нь ээ?
-Тийм. Энэ асуудал Эрүүл мэндийн яамны мэдлийнх болно гэсэн үг.
-Тэр эмчилгээг нь хорих ангийнх нь эмнэлэгт хийж болохгүй юм уу. Өөрөө болон ар гэрийнхэн нь тэнд эмчилгээ хийлгэхгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хорих ангид очоод эмнэлэгт нь эмчилгээ хийлгэхгүй гэдэг асуудал гаргасан юм билээ. Биеийнх нь бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх эмчилгээг зөвшөөрөөд бусад эмчилгээг зөвшөөрөхгүй байгаа юм гэсэн. Тухайлбал, эхо, рентгейнд харуулахыг зөвшөөрч байгаа ч тариур хэрэглэх зэрэг эмчилгээг хийлгэхгүй гэсэн хүсэлтийг гаргасан гэж байсан. Би хувьдаа үүнийг нь итгэл алдарсных юм болов уу гэж бодож байгаа. Энэ бол байдаг л асуудал шүү дээ. Энгийн эмнэлэгт ч гэсэн иймэрхүү асуудал гарч л байдаг. Энэ бол хувь хүнийх нь эрхийн асуудал гэж ойлгож байгаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эрүүл мэндийн яам болон II эмнэлгийн эмч нарт Н.Энхбаяр даргын эмчилгээг хорих ангид нь үргэлжлүүлэх шийдвэр хүргүүлсэн гэсэн?
-Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Тийм мэдэгдэл ирүүлээгүй байна. Ташаа мэдээлэл байх.
-Ингэхэд Н.Энхбаяр даргын өвчнийг нь Монголд эмчлэх боломжтой юм уу?
-Бид эсийн задралыг зогсоож чадахгүй.
-Тэгэхээр II эмнэлэг рүү шилжсэн ч ямар ч нэмэргүй юм биш үү?
-Хамгийн гол нь тэнд эмчилгээ, шинжилгээг нь хийх суурин аппарат байгаа юм. Нөгөөтэйгүүр, Н.Энхбаяр дарга тэнд л эмчилгээ хийлгэхийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэнд хэдийгээр аргацаах төдий эмчилгээ хийж байгаа ч тухай бүрт нь гарч байгаа хүндрэлүүдийг нь арилгаж байгаа. Тухайлбал, даралт нь буурвал тайвшруулах ч юм уу.
-Эмчилгээ нь цаашид аргацаахаа больчихвол гадаадад очиж эмчлүүлэх үү?
-Шаардлагатай бол гадагшаа эмчилгээнд явуулахыг үгүйсгэхгүй. Өөрөө ч гэсэн “Миний хэрэг цагаадна. Би гадагшаа эмчилгээнд явна” гэж ярьж байсан. Эмчилж байгаа эмч нь ч гэсэн эсийн задралыг нь зогсоож чадахгүй гэдгээ өөрт нь хэлсэн байна билээ. II эмнэлэгт очсоныхоо дараа 2.6 киллограм жин хаясан байна билээ. Энэ нь эсээ хаяад байна л гэсэн үг байхгүй юу.
-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос “МАХН-ын сайд нарыг ажлаа хүлээлгэж өг” гэсэн шийдвэрийг гаргахад та хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Тухайн үед би Монголд байгаагүй. Африкт вакцинжуулалтын талаарх олон улсын хуралд оролцож байсан юм. “Алианс” гэдэг олон улсын дархлаалжуулалтын байгууллагаас Монгол Улсыг дархлаажуулалтын хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлэгч орноор шалгаруулсан. Тухайн өргөмжлөлийг заавал Эрүүл мэндийн сайд нь гардаж авах ёстой гэдэг шаардлагыг тавьсан учир би тэр үед эзгүй байж таарсан юм. Ер нь би өөрийгөө сонирхлын зөрчилтэй гишүүн гэж үздэг учир Засгийн газрын асуудал хэлэлцэхэд байр сууриа илэрхийлдэггүй юм. Намайг ирсэн хойно “Энэ талаар ямар байр суурьтай байгаагаа хэл” гэсэн. Тухайн үед “Би ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй” гээд саналаа хэлээгүй. Учир нь ямар ч байдлаар байр сууриа илэрхийлсэн сонирхлын зөрчилтэй учир санал хэлэх нь тохиромжгүй гэж боддог учир иймэрхүү асуудалд оролцдоггүй.
-Саяхан Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярай сувилагчийн буруугаас болж түлэгдсэн тохиолдол гарсан. Үүнээс болоод эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд нэлээд унаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ийм хэрэг гарсанд салбарынхныхаа нэрийн өмнөөс би тухайн нярайн ар гэрийнхнээс хүлцэл өчиж байна. Би сайд болохдоо л “эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж нэг ч Монгол хүний эрүүл мэнд хохирох ёсгүй. Нэг ч Монгол хүн амь алдах ёсгүй” гэж хэлж байсан. Бид өчигдөр энэ тухай мэдмэгцээ яаралтай арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Хоёр удаа бие төлөөлөгчөө явуулж, эмч, ар гэрийнхэнтэй нь уулзуулсан. Одоогоор нярайг Улаанбаатарт авчирсэн. Холбогдох эмчилгээг яаралтай хийж байна.
-Хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?
-Тухайн үед ажиллаж байсан сувилагч, эмч, удирдах ажилтнуудыг ажлаас нь яаралтай халах тухай тушаал гаргасан. Халсан эсэхээ энэ сарын 10-ны дотор мэдэгдэх үүргийг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. Хариуцлага алдсан сувилагч н.Цэрэнлхамд эрүүгийн хэрэг үүсгэн аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Бусад ажилтнуудын хувьд дэлгэрэнгүй мэдээлэл алга. Энэ тухай удахгүй надад мэдэгдэх байх.
-Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа төрөх эмнэлгүүдэд эмч, сувилагчийн буруугаас болж эх, хүүхэд эндэх, эрсдэлд орох асуудал байнга давтагдаж байна. Энэ бүхэнд хэн хариуцлага хүлээх вэ. Цаашид асуудлыг хэрхэн шийдэх гэж байна?
Энэ бүхэн эрүүл мэндийн салбар босоо удирдлагагүй байгаатай холбоотой. Тухайлбал, орон нутагт эрүүл мэндийн нэгдлийн төсөв, ажилтнуудын орон тооны асуудлыг аймгийн Засаг дарга хариуцдаг. Энэ бүхнээс үүдэн мэргэжлийн бус хүмүүс эрүүл мэндийн салбарын удирдлагад ихээр ажиллах болж. Тиймээс бид ийм асуудлыг шийдэхийн тулд эрүүл мэндийн салбарыг босоо удирдлагад оруулахаар ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуультай хамтран эрүүл мэндийн салбарт гарч байгаа алдаа дутагдлуудыг хэрхэн мэдэх, мэдсэнийхээ дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг дээр судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин