Жерар Депардьё Оросын иргэншилтэй болов

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Жерар Депардьё Оросын иргэншилтэй болов

Францын нэрт жүжигчин Жерар Депардьё өнгөрсөн онд Францын иргэншлээс татгалзаж буйгаа Засгийн газартаа мэдүүлснээр ихээхэн шуугиан дэгдээгээд байсан. Энэхүү шуугиант мэдэгдлийнхээ дараа тэрээр ОХУ-ын Засгийн газарт хандан, тус улсын иргэн болохыг хүссэн өргөдөл гаргасан байна.

Жерар Депардьё өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний хүсэлтийг хүлээн авч, тус улсын иргэн болгохыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан тухай бахдалтайгаар мэдэгджээ. Жүжигчин Жерар Депардьёг Францын иргэншлээс татгалзах тухайгаа Засгийн газартаа мэдэгдсний дараа түүнийг албаныхан өндөр татвараас зайлсхийхийн тулд дээрх шийдвэрийг гаргасан хэмээн буруутгаж байсан аж. Харин тэрээр ОХУ-д хайртай учраас тус улсын иргэн болохыг хүссэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Би жүжигчин Жерар Депардьёг шинэ эх оронд нь баяртайгаар угтан авна“ хэмээн мэдэгдэж байжээ. Жерар Депардьёгийн ОХУ-ын Засгийн газарт хүсэлт гаргаж, илгээсэн захидлыг өчигдөр Оросын телевизээр уншиж танилцуулсан байна. Тэрээр “Би ОХУ-д хайртай. Би Орос хүн, Оросын түүх, соёл, билэг оюун, зохиолчдод дуртай. Тиймээс би ОХУ-ын иргэний паспорт авахаар анкет бөглөсөн. Миний хүсэлтийг хүлээн авахыг гуйя” гэж бичсэн байжээ.  Жерар Депардьё үүнээс өмнө Бельги улс руу нүүж, тэндээ амьдарч байсан юм. Жүжигчин Жерар Депардьё өнгөрсөн 2011 онд Франц-Оросын хамтран бүтээсэн Оросын түүхэнд нэрээ үлдээсэн далдын хар шидтэн Распутины дүрийг бүтээж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж