Эрүүл мэндийн салбарын “алдагдсан” удирдлага

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын “алдагдсан” удирдлага

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нараас 2013 онд хамгийн барцадтай нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал байх бололтой. Хоёр оны зааг дээр  Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлсэн хэрэг гарснаар Н.Энхбаяраас өөр хүнийг хамгаалдаггүй гэгдэж байсан Н.Удвал сайд руу шүүмжлэлийн гал шилжлээ.

Арга ч үгүй юм. Хэдийгээр энэ энэ бол эмч, сувилагч нарын ажлын хариуцлагатай шууд холбоотой зүйл боловч салбарын сайдын хариуцлагыг сануулахаас өөр аргагүй. 

Уг нь хүн гараа угаахдаа хүртэл халуун, хүйтэн эсэхийг нь шалгадаг байтал, бурханы ивээлээр хүн болон мэндэлсэн алаг үрийг бөс, даавуу угаах гэж байгаа мэт халуун усанд хийсэн нь ой тоонд нэг л бууж өгөхгүй юм. Энэ талаар салбар хариуцсан яамны сайд нь эмч нараас бүрдсэн олон дагуултай хамт хийсэн мэдэгдлээ “Эмчлэгч эмч, сувилагч нарын буруутай үйлдлээс болж нэг ч Монгол хүн хохирох ёсгүй гэж би анх ажлаа авахдаа л хэлсэн” гэсэн өгүүлбэрээр эхлүүлсэн нь нярай охин хохирчихоод байгаа энэ үед олны гайхшралыг төрүүллээ. Мөн аймгуудын Нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд Чанар, аюулгүй байдлын зөвлөл гэгчийг байгуулах тухай сайдын тушаал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гаргасан талаараа онцлон дурдав. Гэтэл сайдын хэлсэн үг цуурай болон хийсч, гаргасан тушаал нь цаасан дээр л үлддэг бололтой. Харин түлэгдсэн охины ар гэрийнхнээс нийт салбарын ажилчдынхаа өмнөөс уучлал гуйсан нь түүний бодлогогүй хэлсэн олон үгийг зөөллөх шиг болсон.

Нялх биеийнх нь ихэнх хэсэг түлэгдсэн нярайг Гэмтэл, согог судлалын Түлэнхийн эмнэлгийн сэхээний тасагт нэг сарын 1-нд буюу түлэгдсэнээс нь дөрөв хоногийн дараа авчирчээ. Нийслэлд авчрах үед нярайн биеийн байдал хүнд, гүн хямралтай, хордлогод орсон байж. Ирсэн даруйд нь ГССҮТ-ийн Түлэнхийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, хордлогыг тайлах, шинжилгээ авах зэрэг эмчилгээг эхлүүлсэн байна. Түлэнхийн төвийн эмч нар эмчилгээ, унтуулгатай боолт хийснийхээ дараа Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дуудлага өгчээ. Дуудлагаар очсон эмч нарыг үзлэг хийхэд нярайн зүрхний цохилт хэвийн хэдий ч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан гэнэ. Хариу үйлдэл үзүүлэхгүй байсан нь нойрсуулах эмтэй холбоотой ч биеийн байдал нь нэлээд хүнд байсан нь ч нөлөөлсөн гэдгийг эмч нар онцолсон.

Мөн мэргэжлийн эмчийн хэлснээр “Нярайг угаах үеийн стандарт” гэж дэлхийд байдаг гэнэ. Уг дүрмээр бол угаах усны температур 36-37 градус буюу хүний биеийн халуунтай ижил төвшинд байх ёстой аж. Мөн градусыг нарийн хэмжих багаж хэрэгсэл байхгүй бол эмч, сувилагчид гарынхаа тохойг усанд дүрж шалгах ёстой гэнэ. Мөн хүүхдийг угаахдаа зорилго–заалт -анхаарах зүйл-үйлдлийн технологи-явц-эцсийн гүйцэтгэл гэсэн дэс дарааллын дагуу тусгай технологиор угаадаг гэж эмч нь баахан юм ярьсан. Тийм ч ёстой байх. Гэвч чингэсэнгүй, ядахдаа хүний урманд чигчий хуруугаа дүрээд ч болов усны халуун, хүйтнийг шалгасангүй.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүлээн авах өөрийн гэсэн барилга, өвчтөнөө эмчлэх, асрах эмч, сувилагч, шаардлагатай гэсэн багаж хэрэгсэлүүд бүгд байсан гэж яамнаас томилогдсон шалгалтын багийнхан мэдэгдсэн байна лээ. Гэтэл Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч буцламгай халуун усыг хүйтэн усаар сэлбэлгүйгээр угаалга үйлдсэн байна. Уг нь бол хүний биеийн халуунтай ус, буцалсан ус хоёроос гарах уур нь илт л баймаар юм. Үүнээс гадна эх сурвалжийн мэдээлснээр Баянхонгор аймгийн эмнэлгийн эмч, сувилагч нар төрсөн даруйдаа түлэгдсэн нярайд ямар ч эмчилгээ хийлгүй хоёр цаг гаруй хугацааг өнгөрүүлж, шархандаа шаналж байгаа охиныг өлгийдсөн байжээ. Гэсэн хэдий ч нярайг ЭХЭМҮТөвд шилжүүлснээс хойш хүүхдэд үзүүлэх ёстой бүх тусламжийг үзүүлж байгаа бөгөөд эм тариа, техник хэрэгсэл дутагдаагүй гэж албаныхан хэлж байгаа юм. Харин гуравдугаар зэргийн түлэгдэлтэй өвтөнд хавдрын тархалт, шингэн алдалт, бөөрний үйл ажиллагаа алдагдах болон цусархаг хам шинж илрэх зэрэг олон хүндрэл гардаг байна. Дөнгөж төрсөн нялх үрд дээрх хүндрэлүүдээс халдварын тархалт, цусархаг хам шинж аль хэдийнэ илэрч эхэлжээ.      Харин ЭМЯ-ны зүгээс хариуцлага алдсан эмч, сувилагч болон тухай үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хариуцлага тооцох, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. Уг албан бичгийн хариуг энэ сарын 10-ны дотор өгөх ёстой аж. Мөн хариуцлага алдсан сувилагч н.Цэрэнлхамд Баянхонгор аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Энэ сувилагчийг мөн яамныхаа Ёс зүйн хороогоор оруулж, сувилахуйн эрхийг нь цуцлах тухай ч сайд нь хэлсэн. Иймэрхүү хариуцлагын арга хэмжээг хариуцлага алдсан, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан хүмүүст авах хэрэгтэй. Үүнд халуун хүйтэн ус нь тасарсан, халаалт муу төрөх газарт олон арван эх, нярайг хэдүүлхнээ асарч яваа эмч сувилагчдаа анхаарах цаг болсон гэдгийг сануулах хэрэгтэй байх. Бид алийн болгон болгон муу нэрийг тэдэнд тохож, ганц нэгийг нь ажлаас нь халсан болоод өнгөрсөөр байх вэ? Харин үүнийхээ оронд эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиас нь эхлээд бүхэлд нь өөрчилж, “эрүүлжүүлэх” ёстой биш гэж үү?

Бяцхан охиныг түлсэн энэ хэрэг олон нийтэд ил тод болсон. Гэвч энэ салбарт мэдэгддэггүй олон алдаа дутагдал бий гэдгийг олон хүн хэлдэг. Энэ бүх алдаа дутагдал ЭМЯ-ны сайд Н.Удвалын хэлснээр “Мэргэжлийн удирдлага алдагдсантай холбоотой”. Түүний ойлголтоор бол бүхэл бүтэн салбар хариуцдаг сайд нь удирдлага биш бололтой. Тиймээс “алдагдсан мэргэжлийн удирдлага”-ыг олж, сайдынхаа амлалтыг цуурай болохоос сэргийлж, гаргасан тушаалыг нь хэрэгжүүлцгээе!

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж