Mонгол Улсын Сангийн яамнаас ОУВС-ийн туслалцаатайгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар болоод байгаа билээ. Энэ хууль нь өнөөгийн Монгол улсын нөхцөл байдалд чухал ач холбогдолтой гэдэгт ихэнх эдийн засагч санал нэгдэж байгаа.
Төсвийн тогтвортой байдлыг хангах нь яагаад чухал вэ?
Үүнийг Библийн судар дээр дараах түүх хамгийн тодоор тайлбарладаг. Нэгэн цагт Египетийн фараон долоон туранхай үхэр голоос гарч ирээд долоон тарган үхрийг идэж байна гэж зүүдэлжээ. Энэхүү зүүдийг Йосеф долоон ургац арвинтай жилийн дараа долоон ган гачигтай жил үргэлжлэх юм байна гэж тайлаад, ургац арвинтай жилүүдэд тариа ногоо нөөцлөхийг зөвлөдөг. Фараон энэхүү зөвлөлгөөг дагаснаар, ган гачигтай жилүүдэд бүх л дэлхий даяараа Египетээс тариа худалдан авч Египет орон баяжин цэцэглэсэн гэдэг.
Орчин үед бол бидэнд хамгийн ойрхон ОХУ-ын жишээ байна. 2000-2008 оны хооронд нефтийн үнэ 4-5 дахин өсч, төсвийн орлого асар их хэмжээгээр нэмэгдэхэд тэр хэмжээгээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхийг хүссэн хүн олон байсан боловч Сангийн сайд А.Кудрин тусдаа сан байгуулж орлогыг хадгалах байр суурин дээр хатуу зогсч, мөн В.Путины дэмжлэгийг авсан. Үүний дүнд 2007 оны тавдугаар сард тус сан нь 114 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болоод байв. Мөн Төв банкны нөөц 2008 оны зургадугаар сард 460 тэрбум ам.долларт хүрсэн байв. Ингэж бэлтгэл өндөртэй байсны хүчинд ОХУ-д 1998 оны сүйрэл 2008 онд ахин давтагдахаас сэргийлж чадсан.
2008 оны дэлхийн санхүүгийн хямрал нь дэлхийн санхүү эдийн засгийн систем нь тун эмзэг суурин дээр тогтож байгаа харилцан гүнзгий уялдаа холбоотой систем гэдгийг харуулсан. Монгол улс нь ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай бөгөөд энэ үнэ нь огцом унах магадлал хэзээд байх бөгөөд бид үүнд бэлтгэлтэй байх ёстой.
Яагаад заавал төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгтэй вэ?
Яагаад зүгээр л төсвийн хуулийг батлах үедээ бүгдээрээ болгоомжтой байгаад, ашигт малтмалын үнэ өндөр үед төсвийн зардлыг хэт нэмэгдүүлэхгүй байж болдоггүй юм бэ?
Эртний Грекийн Одиссейн домогт ийм нэгэн явдлыг өгүүлдэг. Одиссейн хөлөг онгоц Сирэнүүдийн нутгийг дайрч өнгөрөх ёстой болдог. Сиренүүдийн увидаст дууг сонссон далайчид хад мөргөн сүйрдэг байв. Үүнийг мэдсэн Одиссей бусад далайчидаа зөгийн лав чихэндээ хийхийг мөн өөрийгөө шонгоос уяхыг тушаагаад, яаж ч гуйсан байсан ч Сирэнүүдийн нутаг өнгөртөл үл тайлахыг шаарддаг. Энэхүү аргаар тэд олон хөлөг онгоц сүйрсэн газар нутгийг эсэн мэнд туулжээ.
Улстөрчдийн хувьд сонгогчидын хүсэлтэд хариулах мөн дараагийн сонгуулийн үеэр эдийн засгийг сайн байлгахын тулд төсвийн зардлыг нэмэгдүүлэх гэсэн Сирэний дуудлаганд автах магадлал өндөртэй. Энэ нь ямар нэг хувь хүн, улс орны онцлог биш хүн төрөлхтөний нийтлэг хандлага. Иймд улстөрчдийг шонгоос барьж хүлсэн хүлээсний үүргийг Төсвийн тогтвортой байдлын хууль хүлээх юм.
Хуулинд ямар заалтууд орсон бэ?
Улсын төсвийн орлого нөлөөлөх хоёр чухал хүчин зүйл бол ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ мөн ашигт малтмалын олборлолтын хэмжээ юм. Дэлхийн зах зээлийн үнэ нь маш тогтворгүй гэдгийг дараах графикаас харж болно.
Хязгаарлалт 1: Төсвийн зарлага нь төсвийн бүтцийн тэнцвэржүүлсэн орлогоос давахгүй байх ёстой.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого гэдэг нь хийсвэр ойлголт бөгөөд тооцохдоо гол экспортын нэр төрлийн ашигт малтмалын өнгөрсөн хэдэн жилийн болон ирээдүйн хэдэн жилийн үний дундаж дээр үндэслэнэ. Ирээдүйн үнийн тухайд дэлхийн санхүүгийн зах зээл дээрх тодорхой санхүүгийн инструмэнтийн үнийг ашиглана. Харин төсвийн жинхэнэ орлого гэдэг нь тухайн жилд төсөвд бодитоор орсон орлого юм.
Энэхүү хязгаарлалтыг хэрэгжүүлэхэд Tогтворжуулалтын санг байгуулах шаардлагатай. Хэрвээ зэсийн үнэ нэмэгдвэл, жинхэнэ баланс илүүдэлтэй гарна. Энэхүү илүүдэл нь Tогтворжуулалтын санд орно. Хэрвээ зэсийн үнэ унавал, жинхэнэ баланс алдагдалтай гарна. Энэхүү алдагдлыг Tогт-воржуулалтын сангаас нөхөх юм. Тогтворжуулалтын сан нь зөвхөн төсөв тогтворжуулах зориулалтаар зарцуулагдах юм.
Мөн өөр нэгэн хүчин зүйл бол ашигт малтмалын олборлолтын хэмжээ юм. Зэс олборлолтын хэмжээ нь 2020 онд оргилдоо хүрээд цаашид буурах төлөвтэй байгаа. Энэхүү нөхцөл байдалд бэлдэх үүднээс дараах хязгаарлалтыг оруулж байгаа.
Хязгаарлалт 2: Төсвийн зарлагын өсөлт нь ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна.
Энэ хязгаарлалтыг тависнаар 2020 оноос хойш зэсийн олборлолт буурах, тэрийг дагаад төсвийн орлого буурах нөхцөл тулгарахад төсвийн зарлагыг санхүүжүүлэх зохих хэмжээний нөөц үүсэх юм.
Харин дараахь хязгаарлалт нь туслах чанартай юм.
Хязгаарлалт 3: Улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна.
Санал
Хязгаарлалт 1-ийн үр дүнд үүсэх илүүдлээр Tогтворжуулалтын санг байгуулах нь мэдээж зүйтэй. Харин Хязгаарлалт 2-ийн дүнд үүсэх илүүдлээр тусад нь "Ирээдүйн төлөө сан"-ийг байгуулах нь зүйтэй байх. Учир нь 2020 оноос хойш гарах зэсийн олборлолтын бууралтад бэлдэх логиктойгоор ийм хязгаарлалт байгаа бөгөөд үүнийг зэс, алтны үнийн хэлбэлзэлд бэлдэх хязгаарлалттай хольж хутгах хэрэггүй юм. Энэ сангийн зориулалт нь зэсийн үнийн хэлбэлзлээс үүсэх төсвийн алдагдлыг нөхөх нь зохисгүй. Харин ирээдүйд ашигт малтмалаа ашиглаж дууссан үед хэрэглэх зориулалттай байх юм.
ОУВС-тай байгуулсан Техникийн меморандумаас үзэхэд энэхүү хувилбарыг хуулийн төсөл боловсруулсан байгууллагууд судалж үзээгүй байна.
Тухайн хуулин дахь тодорхойгүй байдал
Саяхан шийдэгдсэн Хүний хөгжлийн сан (ХХС)-тай уялдаа холбоо нь тодорхойгүй байна. Жишээ нь, нийт төсөв илүүдэлтэй гарсан ч Хүний хөгжлийн сан л илүүдэлтэй төсвийн бусад хэсэг нь илүүдэлгүй гарах магадлалтай. Энэ үед ХХС-аас Tогтворжуулалтын санд мөнгө орох эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн ХХС-ийн тухай хуулиар бол ингэх боломжгүй байгаа. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн логикоор бол ингэж мөнгө шилжүүлэгдэж орох ёстой байгаа.
Элжигэн овогт Түмэнжаргалын Энхбаяр
Жонз Хопкинс Их сургуулийн докторант 2010 оны 2 сарын 23