Ардчилсан нам шинэчлэгч байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам шинэчлэгч байж чадах уу?

Ардчилсан нам шинэчлэгч байж чадах уу?

Яг нэг жилийн өмнө МАН-ын тэргүүлсэн Засгийн газраас “хаяад гарах уу, хөөгдөөд гарах уу” гэдэг асуулттай тулгарч, эхний хувилбарыг нь сонгож байсан Ардчилсан нам өнөөдөр өөрөө засаг тэргүүлж байна. Хорин хэдэн жилийн өмнө төр төдийгүй цагийг эргүүлсэн шинэчлэгчид энэ урт хугацааны ихэнхэд нь цөөнх явахдаа юунд суралцаж, юуг хүсч зорьсноо харуулах том сорилт ийнхүү Засгийн газраа байгуулах эрх мэдэлтэй нь хамт ирсэн гэхэд болно. Шинэчлэлгүйгээр түүхээ бичих аргагүй улс төрийн энэ хүчин тэгвэл эрх барих хугацаандаа ямар шинэчлэл хийх вэ? Чухамдаа энэ асуултад хангалттай хариулт өгч чадах эсэхээр Ардчилсан намын улс төрийн цаашдын карьер хамаарах биз. Тийм ч учраас Засгийн газраа “шинэчлэлийн” гэж тодорхойлохдоо зорилгоо томьёолсон хэрэг.

Ерэн онд хувьсгалыг гудамжинд хийсэн ардчилагчид өнөөдөр хувьсгалыг парламент дотор хийх боломж, бололцоог атгачихаад сууж байна. Ийм боломжийг олгосон сонгогчдын хувьд тэднээс цагаан морин жилийнхээс илүү ихийг хүсч шаардах эрхтэй юм. Сонгуулиас хойшхи хагас жилийн хугацаанд парламент хувьсгалын дайтай үнэлэгдэх ямар шинэчлэлийг зорьсон бэ гээд хайвал юу олдох бол?!

Нийгмийн тогтолцоо шинэчлэгдсэнээс хойшхи хорин хэдэн жилд энэ өөрчлөлтийг дагаж хувьсаагүй үлдсэн хэд хэдэн суурь асуудлыг хөндөж хөдөлгөөнд оруулах эрмэлзэл Ардчилсан намын бүлгийн байр сууриас харагдаж байгаа ч одоогоор бүтэмжтэй болсон нь бараг үгүй. Юуны өмнө засаг захиргааны нэгжийн хуваарийг өөрчлөх хуулийн төслийг Ардчилсан намын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан ч энэ нь УИХ дотор дэмжигдэлгүй унасныг энд онцлох нь зүй.

Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш огт өөрчлөгдөөгүй засаг захиргааны хуваарийг шинэчлэх нь цаг үеийн хамгийн том захиалга боловч ямар хувилбараар хэзээ, хэн өөрчлөх вэ гэдэг шийдлийг аль ч засгийн үед зориглож гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн зууны 30-аад онд тогтоосон засаг захиргааны хуваарь нь газар нутгийг олон сум багт хувааж, тэр бүрт нь дарга томилох замаар хийгдсэн бөгөөд малгүй, өмчгүй иргэд нь даргаас буюу нэгдлээс хамааралтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Мал сүргийг нь нийгэмчилж, иргэдийг хувийн өмчөөс нь салгах замаар эрх чөлөөг нь боомилсон нэгдэлжих үйл  явц засаг захиргааны энэхүү хуваарь дээр суурилсан. Өнөөдөр засаг захиргааны бүтэц дээр чөлөөт зах зээлийн эдийн засагтай, иргэд нь хувийн өмчтэй буюу эдийн засгийн эрх чөлөөтэй ардчилсан нийгмийг байгуулах гэж хорин хэдэн жил зүдэрлээ. Үүнийг бүгд ярьдаг, мэддэг боловч хэн ч шийдээгүй юм. 2000-2004 оны парламент Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, дөрвөн бүсэлд хуваасан боловч энэ нь үр дүнд хүрсэн гэж хэлэхэд үнэндээ бэрх. Зах зээл хөгжих нөхцөлийг засаг захиргааны хуваарьт тусгах замаар энэ асуудлыг шийдэх зорилго бүхий хуулийн төслийг Ардчилсан намын бүлгээс өргөн барьсан ч хэлэлцүүлэгт оролгүй бүдэрсэн хэрэг. Энэ асуудлаар зөвхөн парламентаар хязгаарлах биш нийгмийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн сэтгэл зүйг өөрчлөлтөд бэлтгэж болох байсан ч өнөөхөндөө улстөрчдийн эрмэлзэл дутагдав. Гэхдээ Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг үүгээр орхихгүй гэсэн байр суурьтай байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Тэрбээр Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн төслийг санаачлагчийн хувьд уг шинэчлэлийн төлөө ажиллана гэдэг хатуу байр суурьтай байгаа аж.

“Улс төр өөрөө шинэчлэгдэх ёстой” гэсэн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг баримталж буй аж. Улс орны хөгжлийг хойш татаж буй хамгийн хоцрогдсон салбарт нэрлэгдэх болсон улс төрийг яаж шинэчлэх вэ гэсэн асуултад бүлгийн дарга “Юуны өмнө улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай” гэх хариултыг өгч байна. Өөрчлөлтийн үр дагавар шинэчлэл авчрах ёстой гэж үзвэл аар саар процедурын асуудлаар хөөцөлдөх биш зоригтой алхам хийх ёстой гэсэн байр сууриа төсөл санаачлагчид илэрхийлж байгаа ч тэр нь дэмжлэг авах эсэх нь одоогоор мөн л тодорхойгүй. Учир нь улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоё гэдэг байр суурь цагаа болохоор хүний өөрийн намынхнаас дэмжлэг авна гэдэг бас л эргэлзээтэй юм. Иргэдийг улаан, цэнхэр, ногооноор хуваасан хийрхэл, намын гишүүд дээр суурилсан сонгуулиас татгалзах нь араасаа олон зүйлийг тунгалагшуулах эх сурвалж болох талтай. Тухайн цаг үед аль намын үзэл баримтлал, бодлого оновчтой байгааг харгалзан иргэд сонголтоо хийхээс биш “миний, чиний нам” гэдэг хэмжүүрээр сонголт хийх ёсгүй. Ийм тогтолцоо өнөөдөр АНУ-д мөрдөгддөг, улс төрийн намууд нь гишүүнчлэлгүй байдаг. Улс төрийн нам тухайн сонгуулиар сонгогчдоос авсан саналаар өөрсдийн дэмжигчдийн тоо, цар хүрээг баримжаалж явдгаас биш манайх биш энд тэндгүй батлах тарааж явдаггүй аж.  “Гишүүнгүй нам” гэдэг ойлголтод монголчууд дасах, улстөрчид нь эр зориг гаргах цаг болсон эсэхийг үл харгалзан Улс төрийн намуудын тухай хуулиар дээрх өөрчлөлтийг хийхээр Ардчилсан намын нэр бүхий гишүүд төсөл боловсруулж буй.

Ардчилсан намаас зорьж буй бас нэгэн реформ нь газар өмчлөлийн асуудал дээр ирж зангидагдахаар харагдаж байгаа. Иргэн бүрт газар эзэмших эрхийн бичиг олгох, энэ нь арилжигддаг, өвлөгддөг үнэт цаас байх ёстой гэсэн санаачилгыг УИХ-ын гишүүн Л.Болд нарын гишүүд гаргасан. Иргэн газартай байна гээд хашаа хатгаж, манаач тавих биш үнэт цаас болгоод эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх Э.Бат-Үүл мэрийн шинэчлэл өрнөх биз ээ. Гэр хорооллын газарт инженерийн шугам сүлжээ оруулсан тохиолдолд амины сууц-хувийн өмч бий болно гэдэг айдас социализмын үеийн удирдагчдад байсан бол сүүлийн хорин жилийн хотын дарга нарт авилгаар худалддаг хотын төвийн газрынх нь үнэ хямдарчих вий гэсэн айдас байсан юм. Энэ бүхнээс болж нийгмийн болон инженерийн дэд бүтэцгүй өдийг хүрсэн гэр хорооллын газар ирэх жилүүдэд жинхэнэ утгаараа капитал болох шинэчлэлийн суурь бүрэлдэж эхэлсэн гэхэд болно.

Энэчлэн Ардчилсан намын олонх бүхий УИХ маш олон асуудлаар парламент дотроос хувьсгал хийх захиалгад “дарагдаад” байгаа. Гэхдээ Ардчилсан намын бүлэг шинэчлэл хийх зорилго, зориг дээрээ цаашид хэр нэгдэж чадах, энэ бүхнийг зангидах удирдагч нь хэр хүчтэй байхаас олон зүйл хамаарна. Сонгуулиас хойшхи богино хугацаанд энэ талаар ямар нэг хий гаргалгүй ажиллаж чадсан гэж Ардчилсан намын бүлгийг үнэлж болохоор байгаа ч хугацааны ихэнх ард биш урд байгаа. Үлдсэн хугацаа бол ардчилагчид, шинэчлэгчид хорин жилийн хооронд итгэл үнэмшлээсээ хувирсан, худалдсан, гээсэн эсэхийг шалгах их сорилт юм.

З.БОРГИЛМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж