Дагавар хүүгээ зодож тарчилгасан хойд аав, дөнгөж төрсөн нярайг халуун усаар түлж гэмтээсэн сувилагч, сургуулиасаа дэгдэж явсан хүүг согтуу жолооч дайрчихаад байхад машинаас гуйвлан гарч ирж амьд эсэхийг өшиглөн үзэж байгаа бүсгүй, гудамжинд хүн зодож байгаа цагдаа, Экселийн жолоочид эр бяраа гаргах жийптэй залуу гээд олны анхаарал татсан хэргүүд бодит бичлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин, олон нийтийн хараанд орсноор зохих албаны хүмүүс нь ч анхаарч, цаашилбал нийгэмд дохио сэргэмж болж, цааш цаашид ийм хэрэг гарахгүй байх санал санаачлагыг өрнүүлж чадсан гэж хэлж болно. За яахав сенсацитай гэхээр нь бол нэг бөх нөхөр замын цагдааг шанаадаж унагасныг замын цагдаагийн камераар “илрүүлсэн” бүдүүн зүрхтэн “бөх” шийтгэл оноох шаардлагын давалгааг үүсгэж чадсан. Гэхдээ л энэ бүхэн аливаа нэг ээдрээтэй асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж чадаж гэмээнэ олны хүч оломгүй далай байдгийг, олны шүүмжлэлээс албан тушаалтан хэрхэн цочирдож “түргэн авч” чаддагийг харуулсан хэрэг. Магадгүй зарим нэг нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч олны шуугиулсан болохоор л зарим нэг хэргүүд “өндөр”-өө авсан болохоос…” дургүйцэн бөвтнөж магадгүй. Бүр “сенсаци болчихсон болохоор чанга “авахуулчихлаа” л даа…” гэж санаа алдаж байсан төрийн албан хаагчтай таарч байсан л юм. Магадгүй энэ мэтчилэн, бүр үүнээс ч аймшигтай хэрэг гарч, төдийлөн олонд мэдэгдэхгүй өнгөрч байсан ч байж болох л юм. Ямартаа ч дээрх хэргүүдээс гарч болох “олз” ийм аймшигтай зүйл болж гэдгийг хэлж анхааруулж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаардаж, цаашилбал дахин ийм хэрэг гарахгүй байхыг сэрэмжлүүлж байгаа явдал. Хичээлээ тарж яваад кранд дайруулж амиа алдсан Б.Эсүгэн охин барилгын салбарт бугшсан алдаа бүхнийг илчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлахаар болж, хотын захиргаа аюулгүй байдлын шаардлага хангаагүй зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх аянд мордсон бол хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургуулийн дэргэд машинд дайруулан амиа алдсан охины амь, сургууль цэцэрлэгийн орчимд анхааруулах тэмдэг, хурд сааруулагч тавьж, сургууль цэцэрлэгийн орчимд тулгуу зам тавихгүй байхыг анхааруулсан бол, согтуу жолооч, увайгүй бүсгүйн үйлдэл эрүүгийн хариуцлагын хуулийг эргэн харахыг сануулж, хойд аавдаа зодуулсан хүүгийн шарх хүүхдийн төлөө байгууллагуудад анхаарлын хонх дэлдсэн билээ. Хэрвээ түүн шиг хувь заяа хүлээж байсан ганц ч гэсэн хүүхдийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж чадсан бол, дахиад хэний ч амь нас, эрүүл мэнд, хайхрамжгүй, хариуцлагүй нөхдөөс болж хохирохгүй байхыг сэрэмжлүүлж чадсан бол бага зэрэг тайтгарал, байж болох “үр дүн” тэр.
Тиймээс үүнийг бичигч энэ удаад ямар нэгэн явдлыг видео бичлэгийг цацаж олныг бүү шуугиул гэсэн бачим мэт шаардлагыг эсэргүүцэж байна. Харин ч хаана хэний эрх ашиг зөрчигдөж, хаана хэнийг хохироож, Мэдээж энд зочид буудалд дайран орж, хосуудын хөнжлийг сөхөж, нүүрийг улалзуулах, баарны хаалгыг цагдаагийнхантай элбэн нүдэж ороод үйлчлүүлэгчийг шарлаах, осол гаргачихаад шок-нд орчихоод байгаа хэн нэгнийг ээрэн “паанигдуулах” гэх мэт зүй ёсны бус үйлдлүүдийг хэлэх гээгүй. Басхүү хэдийгээр буруутан байж болзошгүй сэжигтний ч гэмт хэргийн хохирогчийн ч дүр зургийг танигдахуйцаар нийтэд цацахгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн мэдэхтэй гэдэгт итгэж байна. Мэдээж хэрэг буруутай байж магадгүй ч тухайлбал, гудамжинд хүн зодож байсан цагдаа үр удмаараа мартамгүй “цол”-той болсон гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Хэдийгээр маш их буруутай, жигшин хорсмоор байсан ч гэсэн хүүг түлсэн гэх сувилагч түүний ойр дотныхон ямар байдалд ороод байгааг таамаглахад нэг их хэцүү биш. Хувь хүнийхээ талаас түүнд, тэнд байсан сувилагч эмч бүсгүйчүүдэд хэтийдсэн доромжлол шүүмжлэл чиглэх вий. Цаашилбал, гэр бүлийнхэн, үр хүүхэд, хамаатан садныг нь татан хямраах вий гэж болгоомжилж л байна. Өмнө ч гэсэн гудамжинд хүн зодож бичлэгээр “гардуулсан” цагдаа “ердийн”-өөс хатуу шийтгэл хүлээсэн гэсэн мэдээлэл ч сонсогдож л байсан. Тэдний хувьд бүх насных нь гэсгээл болж ч магадгүй. Зарим талаараа тэднийг өрөвдмөөр ч юм шиг.
Гэхдээ ийм мэт явдлуудын талаарх мэдээллийг олон нийтээс бүү нуу гэж хэлмээр байна. /Мэдээж зарим хүмүүсийн нүүр царай, нэр усыг гаргах байх мэтийн наад захын хязгааруудтайгаар/. Тэр бүхэн хэн нэгэн буруутай этгээдэд хэзээ ч мартамгүй гэсгээл, бас бусдад хэзээ давтамгүй сургамж болог. Нуух тусам илааршдаг шарх-сургамж гэж үгүй, илчлэх тусам алдах нь үгүй үнэн гэж буй бөлгөө. Тийм ч учраас нууц бүхэн ил байгаасай, асуудал бүхэн олны анхаарал татаж байгаасай гэж үзэж буй хэрэг.
Басхүү өнөөгийн дэвшилтэт цаг үеийн бас нэг олз нь гэвэл ямар нэг асуудал руу олны анхаарал хандуулахад заавал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах шаардлага үгүй. Үнэндээ бол өнөөдөр ТВ камер, сурвалжлагч дуудах ч шаардлага байхгүй. Хэн хүн хүссэн нь хаа ч элбэг болсон мэргэжлийнхээс нэг их дутахгүй камер, зургийн аппарат, эсвэл гар утсаараа бичлэг хийж, YouTube, Facebook, Twitter гээд олон нийтийн сүлжээгээр цацахад л хангалттай. Бүх л бүтэн Арабын хаврыг эхлүүлж чадсан их хүч тэнд бий.
Тийм ч болохоор дурын ийм бичлэг магадгүй хүүхдээ зодож байгаа, хулгай хийж байгаа, цаашилбал бусадтай бүдүүлэг соёлгүй харьцаж байгаа, гэмт хэрэг үйлдэж байгаа бичлэг бүхэн тань олон нийтийн сүлжээгээр тархах боломжтой болжээ. Уг нь буруу зүйл хийсэн хэн нэгэн түүнээ нуухыг хамгийн их чармайдаг билээ. Харамсалтай нь нуух ёсгүй, нуух эрхгүй зүйлийг нуух “хэцүү” болж дээ, өнөөгийн цаг үед. Басхүү тэр тусмаа муу бүхэн багасч, мууг үйлдэгчид айж эмээх, аргалахын аргагүй талбартай болж гэдгийг олзуурхмаар байна.
Тийм ч болохоор хэн нэгэн алдаа осол гаргаж гэмээнэ нуух аргагүй нуух аргагүй хорвоо болсон гэдгийг санаарай. Ялангуяа төрийн албан хаагчид, үүрэг хүлээсэн эрхмүүд ээ.