Асар их баялаг дээр сандайлан суусан Монгол Улс байгалийн баялгаа зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай олон жил ярьсны эцэст сая нэг гарц бийг ойлгож эхэлжээ. Дэлхийн өөр хаана ч байхгүй асар их баялгийг газрын хэвлийдээ хадгалж буй энэ улс түүхий эдийн зах зээлийн том нийлүүлэгч болох нь боломжтой. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад нүүрсний ордууд хаа сайгүй бий боловч хамгийн анхаарал татаж буй нь говь дахь Тавантолгойн коксжих нүүрсний орд. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт бичигдэж буй энэ ордоос хувь хүртэхээр Монголын Засгийн газар болон уул уурхайн гадаад дотоодын компаниуд өрсөлдөж буй. Хятадын хилээс 220 км зайд оршдог зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй, түүнээс 1.6 тонныг сайн чанарын коксжих нүүр эзэлж буй Тавантолгойн орд дангаараа улам бүр хүчээ авч буй Хятадын үйлдвэрлэлийн цангааг тайлж чадна. Гэвч хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй, далайн боомтуудтай шууд харилцаа холбоогүй газар зүйн байрлал нь Монгол Улсыг геополитикийн гацаанд оруулж, Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийн ирээдүйг бүрхэгдүүлж байна.
Тавантолгойн ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхээр Лондон, Хонконг, Улаанбаатарын Хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байсан ч улс төрийн гацаа, хууль дүрмээс болж хэд хэдэн удаа хойшлогдсон. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран эзэмшихээр төлөвлөж буй Баруун Цанхи улс төрийн сөргөлдөөний талбар болоод байна. Баруун цанхийн 1.8 тэрбум тоннын нүүрсний нөөцийн 65 хувийг дээд зэрэглэлийн коксжих нүүрс эзэлдэг.
Тавантолгойн Баруун Цанхид олборлолт явуулах консорциумын тендерийн урьдчилсан шалгаруулалтад өнгөрсөн 2012 онд АНУ-ын “Peabody Energy”, Хятадын төрийн өмчит “Shenhua Group” болон ОХУ-ын төмөр замын консорциум шалгарсан. Гэвч стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүчингүй болгосон юм. Харин саяхнаас тендерийг нээлттэй явуулах сураг дахин сонсдож, нэр бүхий компаниудыг тендерт ялуулах улс төрийн шахааны шинэ давалгаа эхэлсэн. /Эх сурвалж ийнхүү мэдээлжээ. Гэхдээ тендерийг дахин явуулах талаар ямар нэгэн албан ёснй мэдээлэл гараагүй байгаа юм.ред/
Процессыг улам ээдрээтэй болгож буй өөр нэг зүйл нь Монголчуудын эсэргүүцэл. Хятад, Оросыг эсэргүүцэх хандлага Монголын Засгийн газрыг хоёр хүчирхэг хөршийнхөө компаниудад давуу эрх олгоход саад болдог. Харин АНУ-ын”Peabody Energy” компани энэ сиймхийг ашиглаж Тавантолгойд дээрх хүчтэй өрсөлдөгчийнхөө өмнө гишгэж, давуу эрх олж авахад ойрхон байгаа юм. Гурван сая хүн амтай Монгол Улс Вашингтон, Бээжин, Москвагийн хоорондох ширүүн өрсөлдөөн дундаас гарахад улам бүр хэцүү болж, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах хугацаа хойшлогдсоор байгаа юм.
Дээрхийг эс тооцвол Ази-Номхон далайн нүүрсний зах зээлд шинэ үзэгдэл болох бүрэн боломж Монгол Улсад бий. 2006 оноос хойш 2.2 сая тонн коксжих нүүрс экспортолсон Монгол Улс энэ онд экспортоо 20 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй. Дээрх 2.2 сая тонн коксжих нүүрсийг бараг бүгдийг нь Хятад худалдаж авсан. Далайд гарцгүй Монгол Улс Хятадын далайн боомтуудад нүүрсээ нийлүүлэх боломжтой. Гэвч Монголын газарзүйн байрлал нь нүүрсний үнийг үнэгүйдүүлэх сул талтай байдаг.
Нөгөө талаар Монгол Улс Хятадтай хөрш орны хуьд далайн боомтуудаар дамжуулан нүүрсээ зах зээлд гаргаж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой. Экспортын ийм давуу талыг Хятадууд хэдийнэ сонирхож эхэлсэн бөгөөд Хятадын зах зээлд тодорхой байр суурь эзэлдэг Австралийн хувьд энэ нь том аюул билээ. Хэрэв Хятад Австралийн өндөр зардалтай, коксжих нүүрснээс татгалзвал Монголын нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. 2011 онд Квинслэндийн уурхай үерт автахад Австралийн нүүрс нийлүүлэгчид хүнд байдал орсон бөгөөд тэр үед Хятадын ган үйлдвэрлэгчид Монголоос коксжих нүүрс импортолсон. Харин 2012 оны эхээр Австралийн нүүрсний салбар дахин сэргэхэд Хятадын ган үйлдвэрлэгчид тэдэнтэй импортын гэрээгээ сэргээх дургүй байсан билээ. Учир нь Монголын коксжих нүүрс Австралийн нүүрснээс дутахгүй дээд зэргийн чанартай.
Монгол Улс хүссэн ч хүсээгүй ч түүхий эдээр цангамал Хятадын хамгийн том нийлүүлэгч болохыг газар зүйн байрлал, сайн чанарын коксжих нүүрс харуулж буй.