-Миний дүү хаанаас ирсэн юм?
-Хөдөөнөөс ирсэн. Малын хулгайн хэргээр.
-Багш чинь чамайг ном их уншдаг гэж байсан?
-Энд номын сан байдаг юм. Өдөрт 1-3 цаг тэнд сууж ном уншдаг. Хөдөө байхдаа ч гэсэн ном уншдаг байсан.
-Эндэхийн номын сан хэр олон номтой вэ. Сонирхолтой ном их бий юу?
-Монголын уран зохиолын ховор номууд бий. Монгол зохиолуудыг бараг уншаад дууссан. Харин дэлхийн сонгодог зохиол цөөхөн байдаг.
-Хүүхдийн төлөө үндэсний газрын ах, эгч нар та нарыг хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэж байсан?
-Миний хувьд номын санд дэлхийн сонгодог зохиолуудыг нэмээсэй гэж хүсч байна. Мөн интернеттэй болбол хүүхдүүд нийгэмд юу болж байгаа талаар мэдээлэл сайн авах байх.
-Чи эндээс гараад юу хийх тухайгаа боддог уу?
-Надад сурах зүйл их байна. Бодож төлөвлөсөн зүйл бий. Ямарч байсан эндээс гараад эр хүн шиг амьдарна гэж өөртөө хэлдэг.
-Шинэ жилээр та нарыг эргэж олон хүн ирдэг байх?
-Манай аав, ээж хол болохоор ирж амждаггүй юм. Гэхдээ энд зөндөө олон найз нартай болсон болохоор тэдний гэрийнхэн намайг цуг эргэдэг. Шинэ жил болоод бидэнд энд тэндээс бэлэг их ирж байгаа.
Хорих 411 дүгээр ангийн хүүхдүүд шинэ оноо угтан цэвэрхэн хувцасаараа гоёжээ. Тэд гадна дотны хүүхдийн байгууллагуудаас илгээсэн бэлгэнд дарагдаж баярлан хөөрнө. Хүүхдийн төлөө үндэсний газрынхан тус ангиас Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийг зорилоо. Энд гудманд даарч хөрөн тэнэж явсан, хойд аав, ээждээ нүд үзүүрлэгдсэн, PC тоглоомын газраас баривчлагдаж ирсэн гээд янз янзын шалтгаантай балчирууд байна. Тус төвд шинэ оноо 30 гаруй хүүхэд угтлаа. Тэдэн дунд эгч дүүс ч байна. Ах дүү гурав ч энд хуучин оноо үдлээ. Тэд өрөөнийхөө үүдэнд хонгилоор дүүрэн урт ширээ засчээ. Ширээгээр дүүрэн амттан. Амттан, бэлгэндээ бялуурсан хүүхдүүд хоолтой хоолгүй, галтай галгүй, хүйтэн гэр рүүгээ яарахгүй байгаагаа нуусангүй. Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд ирсэн хүүхдүүдийн 95 хувь нь гэртээ буцаж, таван хувь нь хүүхдийн халамжийн байгууллагад очиж байгааг тус төвийн захирал Ч.Аюурзана хэлсэн. Мөн тэрээр тус төвд ирж байгаа хүүхдийн тоо өмнөх жилүүдээс цөөрсөн. Гэхдээ ирж байгаа хүүхдүүдийн олонхи нь бага насны хүүхэд, охид байгааг онцолж байв. Аав ээж, гэр бүлээсээ хол байгаа тэдэнд шинэ жилийн бэлэг тараасан албанынхан дараа нь Хүүхдийн төв сувиллыг зорьсон юм. Энд 0-3 насны 60 гаруй хүүхэд хэвтэн сувилуулж байна. Эмнэлэгт ээж нь хаясан, эндэхийн хашааны гадна орхисон, байрны үүднээс олдсон нярай хүүхдүүд энд асран сувилуулж байна. Тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай тасагт есөн хүүхэд амьдарч байгаа аж. Энд ирсэн нь мөн л аав ээждээ хаягдсан, асран халамжлах гэр бүлгүй гэх шалтгаантай. Энэ тасгаас гадаадын иргэд хүүхэд үрчилж авчээ. Тэд тус төвийнхөнтэй харилцаатай байгааг багш нар нь хэллээ. Мөн Хүүхдийг сувилах төвд дүүргүүдийн эмнэлгээс дутуу төрсөн нярай ирж сувилуулж эмчлүүлдэг байна. Тус төвд сувилуулж байгаа хүүхдийн багагүй хувийг дутуу төрсөн нярай эзэлж байгаа аж. Ээж аав, гэр бүлээсээ хол байгаа эдгээр хүүхдүүдтэй Хүүхдийн төлөө үндэсний газрын удирдлагууд ийнхүү шинэ оны босгон дээр уулзлаа.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ”