“Залуус нийгмийн манлайлал болох ёстой”

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

“Залуус нийгмийн манлайлал болох ёстой”

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар шинээр томилогдсон Л.Наранбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө танд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллах болсонд уншигч түмнийхээ өмнөөс талархал илэрхийлье. Таныг Шарын голын уурхайн тосгонд төрж өссөн гэдэг. Манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Шинэ оны ажлын эхний өдөр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Тиймээ, би Шарын голын уурхайн тосгонд төрж өссөн, Дархан-Уул аймгийн унаган хүүхэд. Би ШУТИС-ын уул уурхайн инженерийн сургуулийг эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр 2002 онд, СЭЗДС-ийг санхүүгийн удирдлага мэргэжлээр 2007 онд тус тус төгссөн. Шарын голын уурхайг анх нээж байхад аав, ээж хоёр маань илгээлтийн эздээр томилогдон ирж, гал голомтоо асаасан. Манайх 6 хүү, 3 охинтой айл, би 5 дахь хүү нь. Аав маань 4 үе дамжсан улсын мэргэн харваач Лүндэг гэдэг хүн байдаг. Одоо нутаг усандаа амьдарч байгаа ахмад уурхайчин. Ээж Зина маань насаараа Шарын голын уурхайд ажилласан. Ээжийгээ ид хийж бүтээх насандаа хорвоог орхисонд их харамсдаг. Ээжийн маань аав аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Шарав гэж хүн байсан. Шарав өвөө маань Ардын их хурлын депутатаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн. Би аав, ээж, удам судар, нутаг усаараа бахархдаг. Эхнэр маань манай ангийн охин. Их сургуульд үерхэж байгаад гэр бүл болоод 10 жил болж байна. Хөөрхөн охинтой. Тэр маань 6 настай.

-Та Дарханы АН-ын даргаар хэрхэн сонгогдсон бэ. АН даргаа солих болсон шалтгаан нь юунд байв?

-2012 он Ардчилсан намын хувьд түүхэн он байлаа. УИХ болон нийслэл, орон нутгийн сонгуульд АН олонхи болж чадсан. Харамсалтай нь манай аймгийн АН-ын хувьд УИХ-ын сонгуульд суудал авч чадсангүй, мөн орон нутгийн сонгуульд цөөнх болсон. Иймд удирдлагууддаа хариуцлага тооцож, нам шинэчлэгдэх шаардлагатай байгааг намын олон гишүүд, дэмжигчид, намын хорооны гишүүд сануулах болсон. Манай нам орон нутгийн сонгуулийн үр дүн гарснаас хойш 30 хоногийн дотор намын хорооны хурлыг зарлаж, намын даргад цаашид итгэл үзүүлэх эсэх тухай авч хэлэлцдэг дүрэмтэй. Б.Мягмардаш дарга хариуцлагаа ухамсарлаж, аймгийн намын хорооны 2012 оны 12-р сарын 14-ны өдрийн ээлжит бус хурлаар намын даргаасаа огцрох санал гаргасныг намын хороо хүлээн авч шийдвэрлэсэн. Ингээд шинэ удирдлагатай болох шаардлага гарсан. Би энэ нутгийн хүний хувьд аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуусын дуу хоолой, төлөөлөл болж ажиллах хүсэл эрмэлзлэл байсан учраас нэрээ дэвшүүлж намын даргад өрсөлдсөн. Надаас гадна намын хорооны гишүүн Б.Баттогтох, П.Эрдэнэбат, Г.Гантулга нар нэрээ дэвшүүлсэн болов ч мөрийн хөтөлбөрөө танилцуулах явцад П.Эрдэнэбат, Г.Гантулга нар нэрээ татсан. Санал хураалт явуулахад миний бие аймгийн намын хорооны 55 төлөөлөгчийн саналыг авч, 93.2 хувийн саналаар намын даргад сонгогдсон.

-Дарханы АН-ыг дотроо ихээхэн зөрчилтэй, хэд хэдэн фракцид хуваагдсан гэдэг. Намын эв нэгдлийг хангаж ажиллах талаар ямар байр суурь баримтлах вэ?

-Ардчилсан нам нь дотроо МоАХ, Алтан гадас, Шонхор, МҮДН гэх зэрэг хэд хэдэн албан ёсны фракциудтай. Эдгээр фракциуд нь гишүүдээ дэмжиж нам дотроо үйл ажиллагаа явуулдаг нь нууц биш. Гэхдээ бүгд намын нэгдсэн дүрэм, журмуудад захирагдан ажилладаг. Дарханд ч гэсэн эдгээр фракцийн төлөөлөл бий. Олон ургальч үзлийг уралдуулж, оновчтойг нь олонхийн саналаар дэмжээд хэрэгжүүлэх нь манай намын үйл ажиллагааны үндсэн зарчим гэж боддог. Цаашид намынхаа дотоод ардчилалыг бэхжүүлэхийн сацуу нийт гишүүд, дэмжигчидтэйгээ хамтран намынхаа зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх болно. Мөн ард иргэдтэйгээ ойр байж, орон нутагтаа ардчилалын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн тулд нийгмийн цар хүрээг хамарсан томоохон ажлууд өрнүүлнэ.

-Цаашид сонгуульд дэвшүүлсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Нэр дэвшигчдийн талаар хууль зөрчсөн маргаантай асуудлууд эцэслэн шийдэгдсэний дараа төлөөлөгчдийн суудалд өөрчлөлт орох байх. Магадгүй МАН-тай хамтарсан байдлаар засгаа бүрдүүлээд, хоёр намын хамтарсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй байна. Ер нь бол аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө улс төрийн намууд тодорхой зөвшилцөлд хүрч, хамтын шийдвэр гарган ажиллах нь зүйтэй болов уу гэж боддог.

-Та залуу манлайлагчийн хувьд аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Дархан-Уул аймаг маань залуучууд ихтэй. Дархан хотыг залуусын хот ч гэдэг. Аж үйлдвэрийн цөм болсон томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй. Сайхан ч байгальтай. Дэд бүтэц сайн хөгжсөн.  Аймаг маань хөгжиж байна. Гэхдээ хөгжлийн хурд нь яст мэлхий шиг удаан байна. Дарханд олон мянган залуус ажилгүй, чөлөөт цагаа баар цэнгээний газраар өнгөрүүлж байна. Дунд болон хижээл насны олон сайхан ах, эгч нар маань архинд орж, амьдралдаа итгэх итгэлгүй болж байна. Ахмадууд маань тэтгэвэрийн хэдэн бор цаасаа царайчлан нүдэндээ галгүй, гэртээ түлэх түлээгүй, үр ач нарынхаа ирээдүйд итгэлгүй сууна. Энэ бүх зүйл намайг эмзэглүүлдэг. Залуус бид нийгмийн манлайлал болох ёстой. Яагаад гэвэл бидэнд эрч хүч, суралцах чадвар бас нас байна. Залуус бид ахмадуудаа хүндэлж, түших ёстой. Яагаад гэвэл тэд бидний сайн сайхны төлөө бүхнээ зориулсан. Бид урьд түүхээсээ сайн сайхныг нь авч үлдэж, саар муухайг нь шинэчилж сайжруулах үүрэгтэй. Дарханы залуус нэгдэж, төрөлх нутгаа хөгжүүлэх сайхан цаг ирж байна. Дархан сум Дархан хот болж хөгжих ёстой.

-Та бид хоёр улс төрийн талаар нэлээдгүй ярилцлаа. Таныг уул уурхайн салбарын хөгжилд нэлээд хувь нэмэр оруулсан хүн гэдэг. Саяхан уул уурхайн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Mongolian Mining Journal Awards”-аас таны үүсгэн байгуулсан “Гложекс Холдинг” компани “Уул уурхайн салбарыг дэмжигч шилдэг байгууллага” номинацид шалгарсан байсан?

-Тиймээ. Бид саяхан энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд санал асуулга явуулж шалгаруулсан. Монголын уул уурхай, нүүрс, металлургийн салбарт хөрөнгө оруулалт татаж, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх зорилготой “Coal Mongolia”, “Metals Mongolia” зэрэг олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулж үр дүнд хүрсэн мөн уул уурхайн олон томоохон төслийн зураг төслийг боловсруулан гүйцэтгэсэн зэргийг нь салбар маань ийнхүү үнэлсэн хэрэг. Гложекс Холдинг нь ямар нэгэн үйлдвэр, уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй. Цэвэр монгол хүний оюуны үнэлэмжээр инженерингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Компани маань анх 2008 онд гуравхан инженертэйгээр, найзынхаа хөлсний өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 120 гаруй үндсэн ажилтантай, уул уурхайн ашиглалтын инженер, геологич, эдийн засагч, дэд бүтцийн зэрэг олон төрлийн инженерүүдийн мэдлэгийн бүрдэл болсон үндэсний, залуу чадварлаг баг болж чадсан байна. Энэ амжилтад хүрэхэд залуу хүний эрч хүч мөн нэг зорилгын дор нэгдэж чадсан манай багийн хичээл зүтгэл асар чухал үүрэгтэй байсан.

Г.ИХЭРЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж