Сайн санааны төөрөгдөл байсан гэлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Сайн санааны төөрөгдөл байсан гэлээ

Дөнгөж төрсөн нярайг угаахдаа буцламгай халуун усаар түлсэн хэргийн талаар өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Баттөгс, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Нярайн тасгийн эрхлэгч н.Чимгээ болон нярайг эмчлэгч эмч нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд салбар хариуцсан сайдын хувьд Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл өгч, нярайн гэр бүлийнхнээс уучлал гуйв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: САЙН САНААНЫ ТӨӨРӨГДӨЛ БАЙСАН

-Салбар хариуцсан сайдын хувьд та хэргийн талаар хэзээ анх мэдсэн бэ?

-Өчигдөр энэ тухай мэдмэгцээ яаралтай арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Хоёр удаа бие төлөөлөгчөө явуулж, эмч, ар гэрийнхэнтэй нь уулзуулсан. Хэвлэлийн төлөөлөгч маань байнга утсаар ярьж, холбоотой байгаа. Эрүүл мэндийн салбар бол хэн нэгний өвчин, зовлонгоор PR хийдэг зүйл биш.

-Хэрэг гарах үед эмнэлгийн ажилтнууд шинэ жилээ тэмдэглээд халамцуу байсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн байсан. Яагаад ингэж хариуцлага алдаж, нярайг түлж, гэмтээсэн юм бол?

-Сайдын ажлыг хүлээн авмагцаа би орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч нарыг хоёр удаа нийслэлд авчирч, семинарт оролцуулсан. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд ч ирж суусан. Гэтэл тэд орон нутагтаа очоод мэдсэн сурснаа хэрэгжүүлэлгүй, эмч, сувилагч нартаа хяналт тавилгүй, хайхрамжгүй байснаас болж ийм байдал үүслээ. Гэхдээ яг яаж байгаад нярайг түлсэн тухай надад хараахан дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй байна.

-Төрөх тасаг дахь эмнэлгийн багаж хэрэгсэл стандартад нийцсэн байсан уу, багаж хэрэгслийн хүрэлцээ ямар байдаг вэ?

-Бид ажлын хэсэг томилж, шалгуулсан. Тухайн үед төрөхөд шаардлагатай бүх багаж, хэрэгсэл, эм тариа хангалттай байсан. Гагцхүү хувь хүний анхаарал болгоомжгүй байдлаас ийм байдал үүссэн. Эмнэлгийн хэллэгээр үүнийг сайн санааны төөрөгдөл гэж нэрлэдэг. Хэдийгээр сайн үйл хийх гэж байсан ч алдаа гаргасан гэсэн үг.

-Хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн үед ажиллаж байсан сувилагч, эмч, удирдах ажилтнуудыг ажлаас нь яаралтай халах тухай тушаал гаргасан. Халсан эсэхээ энэ сарын 10-ны дотор надад эргүүлэн мэдэгдэх ёстой.

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Сувилагч н.Цэрэнлхамд аймгийн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Бусад ажилтнуудын хувьд дэлгэрэнгүй мэдээлэл алга. Энэ тухай удахгүй надад мэдэгдэх байх.

-Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа төрөх эмнэлгүүдэд эмч, сувилагчийн буруугаас болж эх, хүүхэд эндэх, эрсдэлд орох асуудал байнга давтагдаж байна. Энэ бүхэнд хэн хариуцлага хүлээх вэ. Хэрхэн алдаа, эндэгдэл гаргахгүй байх вэ?

-Мэргэжлийн удирдлагууд хол зайдуу байгаагаас шалтгаалж байгаа юм. Тодруулбал, орон нутгийн Эрүүл мэндийн нэгдлийн төсөв, удирдлагын халаа сэлгээ, ажиллах хүч гээд бүх зүйлийг аймгийн Засаг дарга хариуцдаг.

-Цаашид ийм байдал давтагдвал яах вэ?

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуультай хамтран бид ийм байдалд судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн.

ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Баттөгс:

Нэгдүгээр сарын 01-ний 14.00 цагийн орчимд Баянхонгор аймгаас дөрвөн хоногтой нярайн биеийн байдал тун хүнд ирсэн. Охины ууц, нуруу, хоёр гуя, шилбэний урд хойд хэсэг тэр чигтээ түлэгдсэн байдалтай ирсэн. Нярайн биеийн 50-55 хувийн түлэгдэлттэй, нийт түлэгдэлтийн 25-30 хувь III зэргийн түлэгдэлтэй байгаа. Анх ирэхдээ түлэгдэлтийн шоконд орсон, хордлогын байдалтай байсан тул ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн хордлого тайлах, халдварын эсрэг эмчилгээ хийж эхэлсэн. Тэр үед мөн ЭХЭМҮТ-ийн эмч нартай усаар холбогдон, зөвлөгөө авч байсан. Харин өнөөдөр 10.00 цагийн үед охиныг ЭХЭМҮТ-д шилжүүлсэн. Манай эмч нар өдөр бүр очиж, боолт үзлэг хийхээр болсон. Түлэгдэлтэд эрт үеийн болон хожуу үеийн гэсэн хоёр янзын хүндрэл үүсч болзошгүй байдаг. III зэргийн түлэгдэлт нь арьс, зөөлөн эд, булчинг гэмтээсэн тул сорвижиж эдгэх байх. Амь насанд нь аюултай нөхцөл ч үүсч болзошгүй.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, нярайг эмчлэгч эмч н.Энхтуяа:

Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа юм. Зүрхний хэмнэл хэвийн, эхийнхээ хөхийг хөхөж байгаа ч хөдөлгөөн нь дарангуйлалд орсон, дусал шахуургаар хийж байгаа. Зургаан хоногтой нярайн биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн учир цусанд үрэвсэл илрэх, шингэн алдах, бөөрний үйл ажиллагаа алдагдах, цусархаг хам шинж илрэх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Одоогоор охины цусанд үрэвсэл илэрсэн, шилбэний жижиг судаснаас цус шүүрч байгаа юм. Бид охиныг эмчлэх ажилд бүх анхаарлаа хандуулах болно. Эцэст нь хэлэхэд, олон улсын MNS стандартаар бол тухайн сувилагч, эмч зорилго, заалт, анхаарах зүйл, технологи, хэн гүйцэтгэх, хэн хянах зэргийг харгалзан үзсэний дараа хүүхдийг усанд оруулах ёстой. Энэ бүхний дагаж мөрдөөгүйгээс хүүхдийг түлсэн байх гэж дүгнэж байна гэлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж