![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/b9c8cc4020771ac6/ad0695bbbfb49a07original.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин төсөл санаачлагчдад хандан “Сүүлийн жилүүдэд шүүхэд ихэд анхаарч байна. Одоо шүүх байгууллагын зардлыг нэмэх нь, шүүгчийн цалинг нэмэх нь, орон тоог нь бас нэмэх нь. Олон нийт нэг л зүйлийг хүсч байгаа, тэр нь шүүх шударга болоосой гэж… Гэтэл шүүх нь улам шударга бус болоод байдаг, улстөрийн хүчний захиалгаар ажилладаг, улам хараат болж хувираад байна. Энэ төслүүдийг УИХ-аар баталснаар шүүх шударга ажиллах зарчим хангдагдаж чадах уу гэж лавлаж байлаа. Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг “Шүүх шударга ажиллаж байгаа. Шударга ёсыг тогтооход шүүхийн шинэчлэл хэрэгтэй. Шударга ёсны тухай заалт энэхүү төсөлд маш их орсон. Тийм болохоор шударга ёс тогтоох чиглэлээр эрх зүйн хувьд баталгаажна гэж ойлгох хэрэгтэй. Шүүгч нарын хувьд шударга ажиллаж байгаа, хэрэг маргааныг шударгаар шийдэж байгаа” гэж хариулсан юм.
Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлыг харгалзан шүүх байгуулах газрыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулахаар заажээ. Ингэснээр нутаг дэвсгэрийн ойр байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны шүүх 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулах бололцоотой гэж үзсэн байна. Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулахаар тусгасан байна. Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хөвсгөлд амьдардаг иргэн яаж Орхон аймагт очиж, давж заалдах вэ. Мөнгөтэй нь л Орхон аймаг руу явж очиж хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явахаас биш мөнгөгүй нь очиж чадахгүй хохироод дуусах нь” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойргийн зарчмаар байгуулахаар тусгасан Давж заалдах шатны шүүхийг ямар үндэслэлээр ийм хол байгуулахаар болсонд тодорхой үндэслэл хэлж өгөхийг хүсэв. Гишүүний тайлбарласнаар Ханх суманд амьдардаг иргэн давж заалдахын тулд 700, 800 км явж байж, Орхон аймагт хүрч зөрчигдсөн эрхээ сэргээхийн төлөө явах болж байгаа юм.
Н.Зандраа шүүгчийн тайлбарласнаар Бүсчилсэн хөгжлийг хангах зорилгоор тойргийн шугамаар Давж заалдах шатны шүүхийг байгуулахаар зорьсон гэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Наад үндэслэлийг чинь тойргийнхондоо хэлбэл өмнөөс минь шууд чулуу шидэх юм байна. Ингэж шүүх байгууллагыг ард иргэдээс нь холдуулж болохгүй” гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Говь-Алтайд амьдардаг иргэд бол бүр 1000 гаруй км явж байж, давж заалдах болж байна. Хөрөнгө мөнгө шаардлагатай бол түүнийг нь гаргая, гол нь иргэдээсээ холдуулж болохгүй. Энэ хуулийн төслийг ийм байдлаар УИХ-аар баталж болохгүй, бүлгийн дарга эл хуулийн төсөл дээр завсарлага авах ёстой. Хуулийг батлахгүй гэж байгаа юм биш гол нь сайжруулах хүсэлтэй байна” гэсэн зарчмын байр суурийг мөн илэрхийллээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.