iPS эс – таныг танаас бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Энэ жилийн Анагаахын (Биологи?) Нобелийн шагналтанаар, iPS эс–ийг нээсэн Япон эрдэмтэн Накаяма Шиня тодорсон билээ.

Жирийн бид Нобел гэхээр, яриа байхгүй гайхалтай гэсээр, юу ч ярилгүй өнгөрдөг гэмтэй. Гэтэл үнэндээ жирийн бидний ирээдүйн амьдралд хамгийн их нөлөөлж магадгүй бүтээлийг л Нобел нэрлэдэг шүү дээ.

Харин Нобелийн шагналт эрдэмтэн гэхээр тийм, бүтээл шигээ айхтар, нэр нөлөөтэй, тусгай төрсөн, зориулалтын этгээд байдаг болов уу?

…Шинэ Нобелийн шагналтан Накаяма нь анхандаа ердийн нэгэн гэмтлийн эмч байжээ. Хавь ойрынхон нь түүнийг Жаманака буюу садаа Нака гэж хочилдог байж. Эв дүй муутай, ганц хагалгаа хийх гэж ядчихдаг болохоор нь тэр. Түүнээсээ ч болсон юм уу
–Надад ер нь эмчийн мэргэжил тохирохгүй юм болов уу
гэж тээнэглзсээр, эцэстээ их сургуульдаа буцаж ирэн судлаачын замыг эргэлт буцалтгүй сонгосон гэдэг.

Тэгээд ч түүнд судалгааны ажил таалагджээ. Эмчийн ертөнц түүнд "Бүхнийг зааврын дагуу хий" гэж сургадаг байсан бол, судлаачын ертөнц чанх эсрэгээрээ "Тэнэгүүд л заавраар хөдөлдөг" гэж сургадаг аж.
–Бүхнийг эргэлз, бусдаас ялгар, бусдын явсан замаар яваад юу ч олж нээхгүй.

Ингээд найз хаашаа хөтлөх нь үл мэдэгдэх, зөвхөн өөрийнхөө луужинг дагаад сэлж гарсан хэрэг.

Гэтэл яагаад ч юм түүний луужин үргэлж хөдөлгөөнтэй. Японд эхүүлсэн цусны даралтын талаарх судалгаагаа лавшруулахаар Америкт очиж Артерийн судас хатууруулах судалгаа эхлүүлтэл, яагаад ч юм онилж байсан ген нь хорт хавдар үүсгэдэг болох нь илэрч, тэндээсээ хорт хавдарын судалгаа руу хальтарч… гэх мэтээр хөврөнө.

Ахиад цааш нь судалтал шинээр олсон ген нь хорт хавдар бус, "ES эс" (буюу ургын эс) гээчтэй гүнзгий холбоотой гэсэн фактанд тулав. Харин үүнээс хойш түүний луужин тогтворжиж, тэрээр хожмын iPS эсийг олох замдаа орсон гэдэг.
Хувь заяа түүнийг тойруу замаар хөтлөх мөртөө, яг л очих ёстой газар нь найдвартай хүргэж өгсөн нь тэр аж.

Гэмтлийн эмчид төсөөлөөгүй явдал тохиолдвол газар дээрээ тормозоо гишгэдэг бол, судлаач хүн төсөөлсөнөөс өөр үр дүн гарахыг харин ч битүүхэн горьддог бололтой.

ES эс гэдэг нь, Embryonic Stem cell буюу Үр хөврөлийн ургийн эс гэсэн хэцүү нэртэй эд бөгөөд, үр тогтсон эсийн доторх эсийг хэлнэ. Дөнгөж үр тогтсоных дараах тэрхүү эс нь хараахан хэн ч биш буюу, түүнээс цааш хэн ч болох чадварыг 360° агуулсан төгс төлөв юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйн ясны, булчингийн, мэдрэлийн, ер бүхий л төрлийн эс эндээс салбарлаж үржинэ.

–Харин нэгэнт арьсны ч юм уу болж салбарласан биеийн эс нь ES эс шиг төгс төлөвт буцаж очих болов уу?

Хэрвээ тэгдэг бол, ердөө л арьсны эснээс зүрхийг ч шинээр бүтээх боломжтой болж мэднэ.

Энэ бол түүний шинэ судалгааны сэдэв юм.

Тухайн үед ES эсийг салбарлуулж, төрөл бүрийн эс гаргаж авах талын судалгаанууд өргөн хийгдэж байсан бол, Накаяма тэр урсгалыг чанх өөдөөс нь сөрөхөөр шийджээ.

–Үнэндээ надад бусдын замаар яваад амжилтанд хүрэх совин ч байгаагүй юм. Би тэдэнтэй өрсөлдөөд ялах найдваргүй гэдгээ сайтар мэдэж байсан.

Ингээд судалгаа эхлэв. Юун түрүүнд эсийн дахин бэлтгэлд (initialization) нөлөөлдөг генийг олох шаардлагатай. Тэгээд 30–аад мянган төрөл байдаг генүүд дотроос сэжиг бүхий 24 ширхэгийг ялгаж сонгов. Мэдээж
–Юу ч төсөөлсөн шиг урагшлахгүй л байх даа. 24 хөн ген судлаад хангалтгүй нь ойлгомжтой гэж бодонгоо.

Гэсэн ч 24 хөн генийн хэд нь түүний хайж байгаа ген юм бүү мэд. Сэлгэмэл нэг бүрийг шалгая гэвэл 2 ын 24 зэрэг буюу 10–аад сая вариант бий. Юу ч гэсэн захаас нь шалгаад явахаас өөр замгүй.

Ингээд эхний ээлжинд 24 генийг 1, 1 ээр нь хийсэн 24 дээжээр туршилт хийж үзэв. Үр дүн гэвэл, мэдээж 24 үүлээ хов хоосон.

Гэтэл туршилтыг гардан гүйцэтгэсэн түүний шавь Такахаши нь, 24 генийг бүгдий нь нийлүүлж хийсэн 25 дах дээжийг сэмээрхэн цугт нь туршилтанд оруулсан байж. Тэгтэл тэр 25 дахь дээжин дээр үл ялиг эсэрхүү хэлбэр тогтсон байгаа нь ажиглагдаж, ямар ч байсан сэжигтэн этгээд энэ 24 дотор гарцаагүй байгаа нь тодорхой болов.

Үүнээс хойш ухаант шавийнхаа дэвшүүлсэн санаагаар, 24 генээсээ 1, 1 ээр нь ген сугалан авч туршилт хийтэл, тэр дороо хэргийн эзэн болсон 4 ген тодроод ирэх нь тэр.

Гэсэн ч Накаяма тайвширсангүй.
–Ийм амархан болчино гэж байхгүй дээ. Гарцаагүй алдаа үүссэнээс зайлахгүй.

Тэгэвч, хичнээн давтан туршилт хийгээд үр дүн өөрчлөгдсөнгүй.
–Ийм амархан гэж үү? Арьсны эсэнд дээрх 4 генийг хольсон төдийд л ES эстэй бараг ижил төлөвт хувирна гэдэг үнэхээр гайхмаар.

Үнэхээр ч тэр нь үнэн байж, Накаямагаар зогсохгүй, бүх дэлхий алмайран гайхав.
–Ийм амархан юмыг яагаад өдий болтол хэн ч хийгээгүй юм болоо???

Магадгүй түүний оронд өөр хэн ч байсан энэ үр дүнд төвөггүй хүрэх байсан ч байж болох. Гэхдээ л түүнээс өөр хэн ч
–Нэгэнт салбарласан эсийг буцааж анхны төлөвт оруулж болох болов уу?
гэдэг асуултыг зохиож чадаагүй л юм даа.

Ингэхэд
–ES эс байхад, iPS эсээр яах юм бэ?
гэж гайхаж магадгүй юм. Ерөөс
–ES эс, iPS эс хоёр чинь юугаараа ялгаатай юм бэ?

Юуны өмнө, дээрхи хоёр эс нь хоюулаа төгс төлөв бүхий ургийн эс гэдгийг дээр хэлсэн. Ургийн эсийг ашиглаад хиймэл эрхтэн ургуулан гаргаж аваад, түүнийгээ өвчтөнд шилжүүлэн суулгаж эмчилдэг.

Үүн дээр ES эсийн үүсгэдэг асуудал гэвэл, түүнийг гаргаж авахын тулд тухайн өвчөний бэлгийн эсээс үр тогтсон ураг нэгийг золигт гаргах хэрэгтэй болно. Энэ нь онолын шалтгаанаар үл зөвшөөрөгдөх бөгөөд, олон оронд хэл ам дагуулсан явдал болдог гэнэ (Ялангуяа Христийн шашинтай оронд, үр тогтсон л бол хүн мөн учир алж болохгүй гэх үзэл хүчтэй байдаг).

Харин iPS эсийг бол, заавал ураг гэмтээлгүй, тухайн өвчтөний тохирсон газраас нь үүсгээд авах боломжтой бөгөөд, онолын хувьд тухайн хүний эсээс гаргаж авсан л бол тухайн хүндээ харшлах явдалгүй юм.

Одоогийн байдлаар iPS эсийг ашиглаад нэг ч болтугай өвчтөн эдгээсэн туршлага хараахан алга. Үүнийг үнэхээр хүн дээр хэрэглэж болох эсэх талаар ахиад нарийн шинжилгээ хэрэгтэй биз.

Харин iPS эсээр хиймэл эрхтэн гаргаж авч, түүнийгээ туршилт судалгааны материал болгож ашиглах явдал аль хэдийн дэлгэрчээ. Түүнийгээ дагаад хиймэл эрхтэн үйлдвэрлэх бизнес ч Америк тэргүүтэй оронд эхлээд байгаа юм байна.

Жишээ нь Паркинсоны өвчин гэдэг галзуу өвчин бий. Уг өвчиний үед мэдрэлийн эсэнд чухам юу тохиолдоод байгааг ажиглахын тулд, тархины нэлээн гүн хэсэгт байрлах дунд тархины эсийг шинжлэх хэрэгтэй. Харамсалтай нь, өвчтөний дунд тархинаас дээж гаргаж авах боломжгүй учир, өдий болтол энэ өвчинийг эмчлэх жор олдоогүй л байна.

Харин iPS эсийн ачаар уг өвчний талаарх мэдлэгийг үсрэнгүй ахиулах боломжтой болоод байгаа юм.

Ер нь энэ мэт ховор бөгөөд хэцүү өвчинг судлах нь зардал ихтэйн дээр, бизнес талаасаа түй ч байдаггүй тул, Америк мэтийн орон бол төдийлөн анхаарал тавьдаггүй бололтой юм.

50 насандаа Нобел хүртсэн Накаямагийн хувьд харин ч одоо л их ажил эхэлж байгаа гэнэ. Хурдхан шиг iPS эсийг эмчилгээний бодит практик болгож, нэг ч болтугай хүнийг зовлонгоос нь гэтэлгэх юмсан. Гэмтэлийн эмч болохоор санаа шулуудах үеийн тэртээх мөрөөдөл нь одоо л нэг юм биелэх нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж