Би энэд түүнийг магтан дуулах гэсэн үгүй. Ганц факт л иш татах гэсэн юм. Тэрээр өөрийн шарил дээр зөв 17-н өнцөгтийг сийлбэрлэхийг гэрээслэсэн байдаг. Учир нь Гауссын тооны онол дах олон нээлтийн өчүүхэн нь Фермагийн тоон зөв олон өнцөгтийг гортиг шугамаар байгуулж болохыг баталсан байдаг. Тухайн тохиолдол болох зөв 17н өнцөгтийг байгуулах алгоритмыг ч үзүүлсэн. Тэр олон нээлт дотроосоо яаагад энэхүү "өчүүхэн" нээлтэндээ ийм их ач холбогдол өгснийг тэнгэр л мэдэх байх.
Ер нь энэ бодлого нь эртний Грекийн үеэс 2000 жил суутнуудын толгойг гашилгасан "золиг" байгаа юм. Тавилт нь маш хялбар "Ямар зөв олон өнцөгтийг гортиг шугамаар байгуулж болох вэ?". Математикийн ханхүү Гаусс ч энэхүү бодлогыг бүрэн бодож чадаагүй. Түүх дэндүү баялаг юм, хожим нь их сургуульд ч орж чадаагүй Э.Галуа гэх франц залуугийн 1832 онд санамсаргүйгээр нээсэн "бүлэгийн онол"-р тэр бодлого бүрэн боддогдог юм. Галуа цэл залуу 22-хон насандаа дүэлдэж үхэхийн өмнөх шөнө дуусгасан бүтээлийг нь хүн төрөлхтөн 50 жилийн дараа л ойлгож эхэлсэн байдаг.
Энэхүү түүх бидэнд юү сургана вэ? Тэнгэрийн ивээлээр Монголд чадварлаг залуус цөөнгүй төрөх юм. Монгол улс олон улсын математикийн олимпиадаар дундаас дээгүүр ордог. 2004 онд гэхэд л 19-т орж Англи, Герман, Франц зэргээс ч дээгүүр орсон байдаг. Гэтэл монголын мат-н ШУ-ны төвшин соц үеэс ахихгүй, харин ч унаад байна. Энэд эндүүрч болохгүй ганц зүйл бий. Мат-ийн олимпиадад сайн байна гэдэг нь мат-н ШУ-д сайн болно гэсэн үг БИШ. Харин эдгээр залуус мат-н ШУ-д амжилт олох магадлал бий гэдгийг л харуулна. ОХУ (ЗХУ үеэс) мат-д авьяастай байж магадгүй залуусыг олимпиадаар дамжуулж олдог. Магадгүй олон улсын мат-н олимпиадын үндсэн зорилго нь энэ байж ч мэднэ. Алдарт Г.Перелман, В.Дринфельд, М.Концевич, Т.Тао г.м. олимпиадаар танигдсан математикчид олон.
Хүн авъястай байж болно. Гэхдээ мат-н ШУ гэдэг чинь Еклид, Ньютон, Гаусс, Гилберт, Пуанкарегаас авхуулаад мянга мянган суутнуудын нөр их хөдөлмөр шингэж өнөөгийн түвшинд хүрсэн 100н давхар байшин гэж үзэж болно. Тэрхүү байшингийн тосго бүр нь ямар ч логикийн алдаагүй, нягт шалгадсан үр дүнгүүд байдаг. Алдарт Ньютоны хэлсэн үг бий: "Хэрэв би бусдаас жаахан хол харч чадсан бол аваргуудын мөрөн дээр зогсож байснаас тэр". Манай олимпиадын хүүхдүүд магадгүй Гауссас ч ухаантай төрсөн байж мэднэ. Гэхдээ л мат-н ШУ-г судалахгүй бол үсрээд л Гаусс шиг зөв 17н өнцөгттэйгээ л дуусна. Харин мат-н ШУ-ны онолуудыг ул суурьтай үзэж чадвал өнөө 100 давхар байшин дээр авирч Гауссаас ч холыг харж чадна шүү дээ. Мат-н ШУ-ны бидэнд амалах үнэт зүйл бол энэ.
Мат-г нээгээд дуусчихсан биш үү? Үгүй. Өдөр бүр мянга мянган эрдэмтдийн үр дүнгээр өргөжин тэлж байна. 100 давхар маань бүүр өндөр болж байна. Өнөөгийн бид 200 жилийн тэртээх Гауссын цэгцэлсэн мат-г л ИС-д үзэж хэрэглэж байна. Арай дээд түвшиндээ Ли бүлэг түүний дүрслэл, Ли алгебр, алгебрлаг геометр, C* алгебр, Де Рам когомологи гээд 100~60 жилийн өмнөх матийг хэрэглэж байна. Математикийн ШУ төгсөх үү гэсэн асуултад алдарт Людвиг Фаддеев ийм хариулж билээ: "Физик бол ертөнцийг таних зорилготой, энэ зорилго биелвэл дуусна. Харин мат бол хүмүүны оюун ухааны аялал, хүн төрөлхтөн оршин байсан цагт үргэлжлэх болно" гэж билээ.
Мат ер нь амьдралд хэрэггүй юм биш үү, түүгээр мөнгө олох биш? Монгол улс мянга мянган жил уурхайгаа ухаад амьдарчихна гэвэл хэрэггүй байж мэднэ. Оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлье гэвэл суурь ШУ, ялангуяа матийг өндөрт барих зайлшгүй шаардлагатай. Тэгэж чадсан "нийгэмийн хөрсөн" дээр инноваци гэдэг бал бурам шиг зүйл чинь ургах болно гэж мунхаг би итгэдэг.