Анодын эрх хүлээн авагч цагдаагийнхантай заргалдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Анодын эрх хүлээн авагч цагдаагийнхантай заргалдаж эхэлжээ

Анод банкны эрх хүлээн авагч Б.Энхбат өнгөрсөн мягмар гаригт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Ачлал” их дэлгүүрийн орчимд байсан машинаасаа цүнхээ алдлаа гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийнханд өгсөн юм байна. Дуудлагын дагуу хэргийн газар ажлын хэсэг  ажиллаж шаардлагатай баримт цуглуулж хулгайч нарыг хайж эхэлжээ. Б.Энхбат “Сүртэй баримт байгаагүй, миний хувийн зүйл байсан юм. Гэтэл бичиг баримтаа алдлаа гэж олон нийтэд дэлгэлээ” гэж заргалдаж эхэлжээ. Эд зүйл хулгайд алдагдах үед жолооч нь машинаа арчиж байсан гэж цагдаад мэдүүлжээ. Юутай  ч эрх хүлээн авагч Б.Энхбат цүнхээ алдсан нь үнэн бөгөөд цагдаагийнхан шалгаж байна. Хэдийгээр Б.Энхбат өөрөө чухал бичиг баримт байгаагүй гэж байгаа ч цагдаагийнхан эд зүйлийг нь үргэлжлүүлэн хайж байна.
Мөн энэ дашрамдл Анод банкны захирлуудтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа талаар тодруулсан юм. Хэргийн мөрдөн шалгах ажил дуусч Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан С.Энхтөр, Л.Уламбаяр, Н.Даваа нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ. Олон хавтаст хэрэг байгаа учир шүүхэд шилжих хараахан болоогүй. Харин хавтаст хэрэгтэй холбоотой ямар ч баримт алдагдаагүй, хуулийн дагуу ажил явагдаж байгаа гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж