Балчир үрс балмадуудын гарт өртсөөр байх уу

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Балчир үрс балмадуудын гарт өртсөөр байх уу

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг халуун усаар түлж, гэмтээсэн эмгэнэлтэй хэрэг хуучин оны төгсгөлд гарч, баярын цуурай намдаагүй өдрүүдэд олныг сэрдхийлгэв. Дөнгөж төрөөд л сувилагчийн “гар”-т түлэгдсэн нярай одоо өвчиндөө энэлэн шаналан тарчилж байна.  Гэмтсэн хүүхдийг нийслэлд авчран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн эмнэлгийн Сэхээний тасагт эмчилж байгаад өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлэн эмчилж буй.

Өнөөдөр хүмүүс хүүхдийн бие дээрдэж байна уу гэж сураглан асууж байна, бас хүүхдийг түлсэн, ар гэрийнхнийг нь хэнэггүй царайлан загнаж байсан сувилагч нарыг шүүмжилж, бараг харааж байна. Гэвч энэ бол зөвхөн энэ бяцхан нярайд тохиолдсон аймшиг бус өнөөгийн эмнэлгийн тогтолцоо, эмч нарын хариуцлага ямар байгаагийн ердөө нэг л жишээ. Эх сурвалжийн мэдээлснээр сувилагч бүсгүй амаржсан эхэд дусал залгасныхаа дараа хүүхдийг нь угаахаар авч явсан. Хэсэг хугацааны дараа хүүхдийнхээ уйлахыг сонссон ээж нь дуслаа өөрөө салган, сувилагч нар дээр очиход хүүхдийнх нь бөгсөн биеийг халуун усаар түлсэн байсан гэсэн. Мэдээж хөөрхий эх хүүгээ ганц нэгхэн удаа часхийн орилоход нь бус аргаа баран уйлсаар байхад нь тэсэхээ байн очсон л байх. Гэтэл хүүхдийг түлсэн сувилагч нар түлэгдсэнээс хойш хоёр цаг гаруй хугацаа өнгөрчихөөд байхад дорвитой арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж байсан гэдэг.

Тиймээс Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хүүхдийг нь түлчихээд хэнэг ч үгүй өөдөөс нь хэрэлдэж, загнаж байгаа тэр эмнэлгийн ажилчдад энэрэнгүй сэтгэл гэж байхгүй бололтой. Өнөөдөр хүүхдийн бие хүнд хэвээр байгаа гэсэн мэдээллийг эмч нар өгч байна. Гэхдээ тэр эцэг, эхийн сэтгэлд үлдэж буй “сорви” арилах гэж удах байх. Басхүү өөр олон олон хүүхдэд ч ийм аюул тулгарахгүй гэх итгэл өнөөдөр алга.

Эрүүл мэндийн шинэ сайд он солигдох мөчид ажлаа хийж, 64 шинэ иргэнээ хүлээж авсан гэсэн мэдээг бахархалтайгаар зарлаж байсан. Өчигдөр ч мөн л видео хурал хийгээд сүрхий л байсан. Шинэ жилийн баяраа тэмдэглэхгүй ажиллаж байсан Н.Удвал сайд үнэхээр ажлаа хийсэн бол энэ хүүхдийн талаар олж мэдээгүй гэж үү.

Монголын үрс хорвоод төрөхдөө л айдас-зовлон, амь алдахын ирмэг дээр дэнжигнэж байгааг юу гэх вэ? 

Анхан шатны эмнэлэг болох өрхийн эмнэлгээс эхлээд өнөөдөр Монгол Улсын эмнэлгүүдийг шинэчлэх зорилготой ЭМЯ шинэчлэлийн ажлаа эмч, сувилагч нарынхаа хариуцлагаас ажлаа эхэлмээр гэдгийг энэ явдал дахин нотлон харуулж байна.

“Бидний ирээдүй хойчид амьд эрүүл, аюулгүй амьдрах баталгаа байна уу?” Энэ асуултыг хэнд тавих вэ. Асран хамгаалах эцэг эх нь зодож, аюулаас аврах алтан гартай эмч нь халуун усанд түлж, гэмтээчихээд ээжээс нь нууж байхад бид энэ асуултыг одоо хэнд тавих вэ. Хүүхдүүд өнөөдөр хүчирхийлэлд өртөх нь ихэссэн гэж ярьдаг ч өнөөдөр хамгаалдаг, хариуцлага тооцдог тогтолцоо алга хэвээр.

Оны өмнөхөн долоон настай хүү хойд эцэгтээ 300 төгрөгнөөс болж зодуулж, хүнд бэртэж, доод айлынх нь хүн цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хүү одоо эрүүл, саруул ээжтэйгээ хамтдаа байгаа.  Энэ хэргийг мөн л цагдаагийн байгууллага шалгаж, “хэргийн эзэнд” хариуцлага тооцохоор ажилласаар л.

Шинэхэн дэвтэртээ эхэлсэн шүлгээ дуусгаж амжаагүй байсан Б.Есүгэн охин сургуульдаа яарч яваад бусдын буруугаас болж амиа алдсан. Энэ хэргийг ч мөн шалгаж байна. 

Уг нь бид хэрэг гарснаас хойш шалгаж, хариуцлага тооцохоос өмнө урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй Хүүхдийн төлөө үндэсний төв гэх байгууллагатай. Өөр ч олон хүүхдийн төлөө гэх тодотголтой байгууллага байдаг. Долоон настай хүүхэд аавдаа зодуулж, гудамжинд явсан бяцхан охин амиа алдаж, дөнгөж төрсөн нярай халуун усанд түлэгдэж байхад одоо бид хэнээр хамгаалуулах вэ.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дараа нь цагдаа нар “шалгаж байгаа” гэсэн үгээр ам таглаж, хариуцлага тооцно, тооцсон гэсэн үгээр олны амыг хаадаг тогтолцоог хэзээ халж, ирээдүй хойч үе минь “инээмсэглэлтэй” алхах вэ. 

Ядахдаа л ЭМЯ, эмнэлгийн байгууллагууд хэзээ “эрүүлжих” бол…?

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж