-Компанийн засаглалын талаар их ярьдаг боллоо. Жирийн иргэдийн хувьд энэ талаар төдийлөн төгс ойлголтгүй яваа. Тэгвэл, сайн засаглал гэж чухам юуг хэлж байна вэ?
-Компанийг үр ашигтай, эрх тэгш, зохион байгуулалттайгаар ажиллуулах механизмыг л компанийн засаглал гээд байгаа юм. Тэгэхээр сайн засаглалыг төрийн болоод хувийн байгууллагын аль алинд нь нэвтрүүлэх хэрэгтэй. Төрийн хувьд гэвэл, сайн засаглалын гол шинж чанарууд болох зөв удирдлага, эрх тэгш оролцоо, ил тод санхүүгийн байдлыг цогцлоож чадвал дээд толгойноосоо л зөв тогтолцоотой болж чадах юм. Хувийн байгууллага хараат бус хувийн статустай ч гэсэн эрх тэгш оролцоотой, санхүүгийн байдал нээлттэй байж чадвал хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг гээд төрөл бүрийн хөрөнгө оруулалт, зээлийн тал дээр хүлээн зөвшөөрөгддөг.
-Компанийн засаглалыг нэвтрүүлэх ажил хэр урагштай байна вэ?
-Компаниудад сайн засаглалыг нэвтрүүлэхийн тулд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд буюу удирдах тушаалын хүмүүсийг энэ засаглал гэдэг ойлголт, мэдээллээр сайн хангах хэрэгтэй байна. Компанидаа сайн засаглалыг хэрхэн бий болгох, яаж тогтмол ашиг орлоготой, тогтвортой орших вэ гэдгээ ойлгоогүй бол компаниа цаашид удирдан авч явж чадахгүй шүү дээ. Тиймээс компаниудын удирдах ажилтнууд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг эрчимтэйгээр сургаж байна. Ингэхдээ долоон сургалтын төвийг байгууллаа. Компаниуд бэлэн байгаа сургалтын төвүүддээ очиж, мэдээллээ авах ёстой. Мөн Компанийн засаглалын үндэсний тайланг ирэх хавар гаргах гэж байна. Энэ нь худалдаа, даатгал, арилжааны банкны, төрийн бус гээд нийт 120 гаруй байгууллагуудыг хамрах юм. Ингэхдээ тэдгээрийн засаглалын төвшин нь хэр байна, цаашид яах хэрэгтэй юм гэдгийг гаргаж ирнэ.
-Санхүүгийн зохицуулах хороонд засаглалтай холбоотойгоор ямар гомдлууд ирдэг вэ?
-Санхүүгийн зохицуулах хороонд бол хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч чадахгүй байна, яаж авах вэ гэсэн гомдол их ирдэг. Ер нь компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа өгдөггүй, хуурамч тайлан бэлтгэдэг бодит байдал бий. Орлогоо нууж, өрөө цааш нь хийх жишээний. Компани шударгаар үйл ажиллагаа явуулаад олсон ашгаа бусадтайгаа хуваалцах хэрэгтэй. Зарим ТУЗ-ийн гишүүн өөр компанид мөн хувь эзэмшиж байна. Үүнийг дагаад байгууллагын дотоод мэдээлэл алдагдах, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Энэ мэт олон асуудал бий.
-Тухайлбал?
-Жишээ нь, Улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигчид нь 40 гаруй мянга байна. Өнгөрсөн хугацаанд ногдол ашгаа аваагүй. Тиймээс ногдол ашгаа тараа гэх байдлаар эрчимтэй ажиллана. Үүнд тал бүрийн оролцоо чухал.
-Бүх компанийг сайн засаглалтай болгоно гэдэг тийм ч амар биш байх. Үүнийг яаж эрчимжүүлэх вэ?
-Тэгэлгүй яахав. Шуурхайвчилж, шахаж шаардахгүй бол компаниуд бүгд сургалтдаа суугаад, засаглал гэдгийг нэвтрүүлчихгүй. Тэгэхээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны дотор бүх аж ахуй нэгжийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, өнгөрсөн оныхоо санхүүгийн тайланг хэлэлцэж, танилцаад, ногдол ашгаа хэрхэн тараах вэ гэдгээ шийдэх ёстой. Дөрөвдүгээр сарын 30-нд багтаж хувь нийлүүлэгчдийн хурал хийх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Мэдээж төрөөс бодлогын төвшинд зангиддаг учир салбар салбарынхаа үйл ажиллагааг хянаж байдаг байгууллага, холбоодоор дамжуулан шаардаж, хариуцлага тооцно.
-Хэдхэн хүнтэй ажилладаг хувийн байгууллага байлаа гэхэд түүнд компанийн засаглал, ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг тавиад байх зохимжгүй. Тэгэхээр компанийн засаглалыг нэвтрүүлэхгүй байгаад нь ямар байдлаар хариуцлага тооцох вэ?
-Цөөн хүнтэйгээр бизнес эрхлээд явж байгаа жижиг байгууллагын хувьд бол яах аргагүй засаглалын шаардлагыг чанд хатуу нэхээд байх нь тохиромжгүй. Тиймээс хөл дээрээ зогссон, олон хүний эрх ашгийг хамарч үйл ажиллагаагаа явуулдаг компаниудаас эхлэх нь тохиромжтой. Эхний ээлжинд том том байгууллагууд засаглалаа сайжруулахын тулд удирдах ажилтнуудаа дээрх хугацаанд сургалтанд хамруулах хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол хувьцаа эзэмшигчид нь шаардлагаа тавиад зохих мэдлэггүй байгаа, удирдах боломжгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ ажлаа чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй шүү дээ. Яг арга хэмжээний тухайд бол, үнэхээр ТУЗ-ийн, хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаа хангалтгүй орлогоо нуугаад, татвараас бултаад байгаа бол тусгай зөвшөөрөлтэй нь ярьж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Төрийн өмчийн хороо, Аудитын газар,Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудыг гэвэл банкны холбоо гээд салбар салбартаа хяналт тавьдаг байх хэрэгтэй.
-Санхүүгээ нуудаг том байгууллагуудын хувьд?
-Аливаа компанийн оршин тогтнох үндэс бол эргэлтийн хөрөнгө. Тийм болохоор арилжааны банкууд муу засаглалтай, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчдөг, санхүүгээ нуудаг, татвараас бултдаг компаниудад зээлээ өгөхгүй байх хэрэгтэй. Нөгөө талаас хувьцаа эзэмшигчид нь ч юуны тулд хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэхгүй, шаардлага тавихгүй байгаа болохоор бизнесийн орчин эрүүл бус байна. Үүнд зөвхөн бодлогын зохицуулалт хүчрэхгүй. Хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө би ийм хувь эзэмшдэг бол ашгаа төдий чинээгээр авна, эрх ашиг минь зөрчигдөж байна гээд шаардлага тавих хэрэгтэй. Өөрсдийг нь төлөөлж байгаа хүмүүсийг солих ч эрхтэй.
-Шалгалтаар илрүүлсэн ч цаагуураа “зохицоод” өнгөрөх тохиолдолд яаж ил тод болгох вэ?
-Төрийн байгууллагууд тайлан тооцоог цахим хэлбэрээр авдаг болсон. Тэгэхээр энэ мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Энэ байгууллага хэдий хэмжээний орлого олсоноос зохих хувийг татвартаа үнэн зөвөөр тушааж байна уу, өр зээлтэйгээр үйл ажиллагаа нь хэвийн байж чадаж байна уу гэдгийг хэн ч ороод харахад бүрэн нээлттэй байлгах хэрэгтэй. Нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээ хуулийн дагуу худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаагаа явуулж байгаа учир энэ нь ил л байх хэрэгтэй л дээ. Хэрэв энэ ил болж чадвал хүмүүс бодит бус танилцуулга, тайланд хууртаж, хөрөнгө оруулахгүйгээр, хуулиараа ажиллаж байгаа ирээдүйтэй компанийнхаа хувьцааг авах болно. Ингэхээр өнөөх “Анод”, “Зоос” банкны хэрэг шиг хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигч, харилцагчдыг хуурсан үйл явдал дахин давтагдахгүй. Наад захын жишээ гэхэд, хувьцаа эзэмшигчдийн хурал дээр тайлан тооцоогоо бөөн тоо гаргаад л тараачихдаг. Үүнийг уншаад ойлгохоосоо илүү тэгсгээд л өнгөрөөдөг. Гэтэл хувьцаа эзэмшигчдэдээ энэ борлуулалтын ашгаас хэдэн хувийн цэвэр ашиг байна гэх зэргээр тайлбарлаж байж энэ нь бодит ил тод мэдээлэл болно.