Говь хангайн цэнхэр орон хэмээн алдаршсан Баянхонгор нутаг нь хангай, тал хээр, говийн гурван бүс хосолдгоороо онцлогтой. 2012 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 2 сая 610 мянга гаруй толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Энэ оны 10 дугаар сараас эхлэн 20 шахам удаа их, бага хэмжээгээр цас орсоны улмаас нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа ажээ.
Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд Эрдэнэцогт сумын нийт нутаг, Өлзийт сумын зүүн хойд хэсэг, Галуут, Жаргалант, Гурванбулаг сумдынхаа хойд хэсгээр 10-15 см цасан бүрхүүл тогтож, шуурч хунгарласан газар, гуу жалгандаа 40-60 см цастай болжээ. Эдгээр сумдад намар эрт орсон цас нь хайлмагтаж, хөлдсөний дээр цас нэмж орж шуурсаны улмаас хатуурч, хунгарлан мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон нь өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх гол шалтгаан болжээ.
Цаг агаарын урьдчилсан төлвөөр нэг ба хоёрдугаар сард хүйтний эрч олон жилийн дунджаас -3 хэм хүртэл чангарч, ахиу цас орох мэдээлэлтэй байгаа. Одоогоор Баянхонгор аймгийн говь, тал, хээрийн нутгаар цасан бүрхүүл бага байгаа боловч зундаа ургасан ургамал нь намартаа эрт хатаж хагдран унасан байгаа тул малын идэш хоол хомсдож, нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудтай байсан үеийн нөхцөл байдал давтагдаж болзошгүй болоод байна. Тиймээс ядарч доройтох төлөвтэй малыг тэжээлд оруулах, онд орох найдвар муутай малаа ширвэж нядлах, улс, аймаг, сумын нөөцөөс өвс тэжээл хуваарилаж малчдад олгох, хаагдсан зам давааг сэтлэх, бололцоотой айл өрхүүдийг цас багагтай газруудад нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа ажээ.