Өмнөх 12 удаагийн ёслолын ажиллагаанаас “Оны шилдэг залуу улстөрч, бизнесмэн”-ээр Монголын улс төр, эдийн засгийн амьдралд өөрийн ул мөрийг тод томруунаар үлдээсэн томоохон зүтгэлтнүүд шалгарч байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1992 оны “Next stop” наадмын анхны “Оны шилдэг залуу улстөрч”-өөр тодорчээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Next stop” наадмаас 24 шилдэг улстөрч, эдийн засагч өргөмжлөгдсөн нь эдийн засагч Н.Золжаргал, улстөрч Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа, Х.Баттулга, Х.Хулан, Л.Болд, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Да.Ганболд, З.Энхболд, Ж.Үнэнбат, Н.Баяртсайхан, Ж.Оджаргал, П.Батсайхан Л.Гүндалай, Д.Баясгалан, М.Энхболд, О.Баяр, У.Барсболд нар. Улстөрчдийн хувьд 1990 оны ардчилсан хувьсгалд оройлон оролцож, үүнээс хойш Монголын нийгэмд бий болсон шинэчлэлт өөрчлөлтийн “автор” нь болж явсан улс төрийн том “фигур”-ууд. Эдийн засагч, бизнесмэнүүдийн хувьд ч гэсэн зах зээлийн нийгмийн шилжилтийн үед хувийн хэвшлийг хөгжүүлэх, улсын төсөв бүрдүүлэх, чөлөөт зах зээл дээр ажиллах хүчнийг хуримтлуулахад томоохон хувь нэмэр оруулсан үндэсний хөрөнгөтнүүд, шинэ үеийн эдийн засгийн онолчид. Харин найман жил завсарласны дараа дахин үргэлжилсэн “Next top”-ын “Оны шилдэг залуу улстөрч”-өөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тодрууллаа.
Анкетыг нь аваад үзвэл УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, Ардчилсан намын нарийн бичгийн даргаар багахан хугацаанд ажилласан, хуульч мэргэжилтэй гэхээс өөр онцгойлох зүйлгүй. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн дотор түүний улстөрд биеэ авч явсан байдал, үзэл санаа, шинэ нийгмийн талаарх үнэлэмж нь Монголын улс төрд цоо шинэ өнгө төрхийг авчирсан гэж болно. Түүний улс төрд орж ирсэн түүх болон энэ талаарх товчхон намтар нь ардчиллын хорин жилийг унаж, босч туулсан нэг намынхан, шинель нь цоорхой ардчиллын “партизан”-уудтай нь харьцуулахад атаархал төрүүлэм. Нэг ёсондоо тэр “ах” нарынхаа хорин жил мацсан өндөрлөг өөд хоёр, гуравхан жил алхаад урд нь гарчихсан гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ энэ бол эрх мэдэл болон албан тушаалын тухай яриа биш. Улстөрч хүнд бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, нийгэмд өөрийгөө таниулах болоод олон нийтийн дэмжлэгийг авч чадах нь хамгийн том “капитал”. Яг үүнийг УИХ-д суусан гурван жил гаруйхны хугацаанд /2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Баянголын тойрогт будилаан гарч, уг асуудал нь шүүхээр явсаар сонгууль болсноос долоон сарын дараа буюу 2009 оны нэгдүгээр сард гишүүний тангаргаа өргөж байв/ өөртөө бий болгож чадсанаараа мань хүн “ах” нарынхаа урд гарч гишгэсэн хэрэг. Тиймээс ч түүнийг анх улс төрд ирэх, УИХ-ын танхимд олон жил суусан туршлагатай улстөрчид, хуучин цагийн хуульчидтэй ам зөрөн хатуу уг хэлэлцэхэд нь олон хүн “хэтэрхий мэргэн жараахай”, “амных нь салиа арилаагүй нэг пацаан”, “амьдрал үзээгүй онолч, цагаан гартай хуульч” гэдэг л нүдээр харж байсан. Гэвч гурван жилийн дараа тэд өөрсдийн сайн дураар өмнөө оруулахад хүрсэн билээ. Үүний нэг нотолгоо нь Ардчилсан нам өнгөрөгч 2012 оны сонгуульд орохдоо Х.Тэмүүжин гэдэг жирийн нэг залууг намын жагсаалтын эхний гуравт бичсэн явдал.
Ихэнхдээ хууль тогтоох байгууллага буюу парламент, түүнийг бүрдүүлж буй улс төрийн намуудын шинэчлэл /ялангуяа өнгөрсөн хорь гаруй жил дүрэмгүй явж ирсэн улс төрийн тоглолтыг дүрэмтэй болгох, тоглогч бүхэн энэ дүрэмд захирагдаж, тэр нь эргээд нийгэмдээ эергээр нөлөөлдөг байх гэх мэтчилэн/, хуулийн салбарын хоцрогдол, хүний эрхийн асуудлаар парламентын түвшинд явуулсан ширүүхэн мэтгэлцээн, хурц шүүмжлэлээрээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг амьдрал дээр нэлээд сайн лектор, бас сайн багш, туршлагатай аналитик гэдгийг нь тэр бүр олон хүн мэдэхгүй байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентын дотоодод явуулсан түүний тэмцэл гадна талаасаа түүнийг улс төрд нэлээд ганцаардмал харагдуулж байсан ч үнэн хэрэгтээ намынхаа ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийг эзэлсэн залуучуудын “Нэг Ардчилал” клубыг бий болгож, нам дотроо албан ёсны фракцитай болж чадсан нь өнгөрөгч хоёр удаагийн сонгуулиар олон нийтэд ил болсон.
Ерөнхийдөө 2008-2012 оны УИХ-ын төгсгөлд олон нийтийн зүгээс “Ямартай ч сайн ярих нь ярьчихдаг юм байна, харин юу хийж чаддагийг нь одоо л харья” гэсэн хүлээлт, бас эргэлзээ түүнийг анаж байсан. Одоо тэр хүлээлтийн хариултыг өгөхийн тулд Хууль зүйн салбарыг толгойлж яваа. Тэгээд ч түүнийг Хууль зүйн сайдын албыг авснаас хойших богинохон хугацаанд энэ салбарт хийгдэж эхэлсэн шинэчлэлийн үр дүнд өнгөрсөн хорин жил эрх барьсан МАХН, МАХН болоод одоо засгийн эрх аваад байгаа Ардчилсан нам, арван хэдэн жил энэ салбарыг толгойлсон Ц.Нямдорж сайдын хийсэн ажил болоод дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ажилласан Х.Тэмүүжингийн хийж буй өөрчлөлтийг зэрэгцүүлсэн харьцуулалт нийгмийн олонхид хэдийнээ бий болчихсон байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Төгсгөлөө хэрхэн хийх нь хамгийн чухал шүү дээ.