Зүүн хөлөөрөө зүрхэнд үлдсэн эрхэм Флорен Малуда

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Зүүн хөлөөрөө зүрхэнд үлдсэн эрхэм Флорен Малуда

Францын шигшээн задрал, хагарал, хэрүүл тэмцлийн үед тодрон гялалзаж, гүндүүгүй эр хүний дүрээр фанатуудынхаа зүрх сэтгэлд үлдсэн хайрт зүүн жигүүрийн “хөдөлгүүр”. Тэр одоо 21-ээс доош насны залуусыг бэлтгэж, хөл бөмбөгийн үнэ цэнийг өөрийн мэдэрснээр тэдэнд зааж сургаж байна. Тэр бол тодрон гарч ирсэн хэсэгхэн зуурын од биш. Миний хувьд Челсигийн өөр нэгэн домог.

Флорен Челси дэх Моугийн эрин үеийн хамгийн сүүлийн наймаа байснаараа Абрагийн шинэ цагийн түүхэнд бас нэгэн онцлогтой тоглогч. Моу, орос эртэй хэл, амтай муудалцсаны дараа буюу явахаасаа өмнө 2007 оны есдүгээр сарын дөнгөж эхэнд Францын “Лион” багаас нэгэн авьяаслаг эрийг авчирсан юм. Удаа ч үгүй португаль дасгалжуулагч Италийг зорьсон.

Флорен Малаудаг багт ирэхэд түүний үндсэн байрлалд Жое Коул, Саломон Калу зэрэг залуус өрсөлдөж байсан хэмээн нийтлэлд өгүүлжээ. Тэрбээр 2009-2010 оны улиралд Челси дэх хамгийн эрэмгий, хурц тод авьяасаа бүрэн дүүрэн харуулж зүүн захын хамгаалагч Эшли Коулийн хамтаар талбайд тулах баг бүрийн хамгаалалтыг хайр, найргүй хага яран байлаа. Гэхдээ 2008-2009 оны улиралд аль хэдийн баг доторх байр сууриа олж авсан юм шүү. Зүүн хөлийн гоц дамжуулалт, үл ойлгогдох техник, бас алсын хүчтэй цохилт нь бие хүч давамгайлж, сөрөг довтолгоонд зонхилсон Челсид яг тохирч байсан юм. Үнэндээ Сер Алекс Фергусон ч Малаудагийн эсрэг хэнийг тоглуулахаа мэдэхгүй нь хэмээн шүүрс алдсан удаатай.

Лигийн аваргаа клубийн түүхэнд дөрөв дэхээ өөрсдийн нэр дээр бичүүлсэн Челси ирэх улиралд нь томоохон цомхотгол хийлээ. Жо Коул, Михайл Баллак, Деко нар дасаж, ээнэгшсэн Стэмфордоо орхиж, Алекс, Гудичини, Жирковын нэрс солилцооны сагсанд харагдаж эхлэв. Энэ л үед Флорен Малауда талбай дээр өөрийгөө дахин нэг батлах шаардлага гарч ирсэн. Гэвч бүрэлдэхүүнд түүний нэр тоотой бичигдэх болсон нь франц эр бага зэргийн бэртэл болон нас ахиснаас урьдын ширүүн дориун тоглолт үзэгдэхгүй байсантай холбоотой. Гэвч Карло Анчелоттид өөр сонголт тухайн үед байгаагүй л дээ. Анчелотти багаас явж Портог Европын тавцанд амьдруулсан Андрей В.Боаш гэх эрхэм ирснээр “Франц нэр төр” сэлгээнд залрах нь олширлоо. Түүнийг Манчестер Юнайтед авахаар далд яриа хэлэлцээр хийж байсан ч бэртлийн улмаас САФ гэрээг зогсоохыг скаутууд руу өөрийн биеэр залгаж хэлсэн түүхтэй…

Лион клубээс 13.5 сая паундаар гэрээлж Челсид ирсэн франц залуу хөл бөмбөгийн мэргэжлийн замналаа багагүй оройтож эхлүүлсэн. Тэрбээр “Чатериро” клубтэй 1996 онд мэргэжлийн гэрээ анх байгуулсан байдаг. Улмаар “Гуангам” баг руу 2000 онд зарагджээ. Маш хурдтай, гүйлт дундаа хууралт хийж эсрэг багийн хаалгачыг сандаргадаг тоглогч даруухан “Гуангам” багт Малаудагаас өөр хэн ч байсангүй. Тэр үнэндээ доод лигийн багт томдож байв. Гэвч нэг ч удаа багаасаа явах талаар хэвлэлээр болон элдэв хүнд гомдоллож байгаагүй, сайн залуу хэмээн “Гуангам” багийн дасгалжуулагч ярьсан байдаг. Авьяас билэг нь тодрон гарч ирж буй залуу гурван жил зүтгэсэн багаа сэлгэж, Францын ялгуусан түүхт “Лион” клубийн эзэмшилд ирлээ. Энэ наймаа 4.2 сая паундаар хийгдсэн. Ингээд “Лиг 1”-ийн аварга болсон “Лион” клуб Европын анхааралд өртөхөд Флорен Малауда “Player of the Season” буюу “Улирлын шилдэг”-ээр шалгарав. Үнэндээ 4 сая паундаар ирсэн Флорен “Лион”-ыг тэр чигт нь авч явсаар лигтээ түрүүлжээ. Тэр 2006-2007 оны улиралд буюу дээр хэлсэнчлэн Моуриньогийн оролцсон Челси дэх сүүлийн наймаа байлаа.

Малауда 2004 оноос хойш шигшээ багийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Анхны буюу дэбют тоглолтоо мөн оны арваннэгдүгээр сарын 17-нд Польшийн эсрэг хийж байв. Тэр багаа 2010 оны ДАШТ-д оролцоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч Өмнөд Африкт очсон “Гурван өнгөтнүүд” байж боломгүй үйлдэл гаргаж, тив дэлхийн тэмцээнд тулга тойрсон хэрүүл хийснээс Йоханесбургаас Флорен Малаудагийн оруулсан цор ганц гоолтой л эх орондоо ирсэн юм. Гутамшигт хэрүүл олон маргаан дагуулсан ч даруухан Малауда бүхний анхаарлын гадна байлаа. Тэр бол даруу зан, тууштай байдал, эрэмгий зоригоороо хөл бөмбөгийн ертөнцөд бас нэгэн чимэг болж ирсэн сайн залуу билээ. Улирал бүр үснийхээ засалтад онцгой ач холбогдол өгдөг тэрбээр үүнийхээ хэрээр багийнхаа ялалт, амжилтад чухал нөлөөтэй. Түүний уран гоёмсог гоолууд өдгөө ч фанатуудын нүдний өмнө ил.

Давуу тал: Солгой хөлтэй бөгөөд довтлох чиглэлийн хагас хамгаалагч тэр дундаа зүүн жигүүрийн довтолгоонд тохирдог. Хоёр хөлийн техник өндөр. Малаудагийн сэтгэхүй, уран мэдрэмж, найруулах авьяас өндрөөр үнэлэгддэг. Заримдаа зүүн захын хамгаалалт, төвийн хагас дээр тоглох боломжтой.

Сул тал: Тэр хэзээ ч өөрийн хувийн ур чадварт нас, форм нөлөөлж байгаатай эвлэрдэггүй байв. Энэ нь түүний өндөр түвшинд тоглох боломжтой гэсэн үзэлтэй холбоотой. Гэхдээ талбай дээр нөхцөл байдал эсрэгээр байсан.

Замналын амжилттай үе: Премьер лиг, ФА цомд дубль хийж Челсигийн тоглогчдын улирлын шилдгийн шилдгээр шалгарч байв. 2010 оны эцсээр.

Замналын тааруу үе: Франц дасгалжуулагч Рэймонд Доминикийн бүрдүүлсэн баг 2010 оны ДАШТ-д тун тааруу оролцсон нь Малаудагийн үнэлгээг бууруулдаг.

Стиль:
Хурдтай, дасан зохицох тактикт хөврөх чадвартай.

Түүний талаар:
“Хүн бүхэн түүний авьяас чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр өөрийн тоглодог лигээ солиход өөрт нь хэцүү байсан байх. Гэхдээ л тэр өөртөө итгэж байсан. Хэдэн удаа бэртэж, азгүйтэх үедээ ч тухайн улиралдаа үнэхээр сайн формтой байж чаддаг итгэмээргүй эр. Түүнийг яг тийм төрлийн тоглогч гэж нэрлэх хэцүү. Маш олон скил, хууралт гээд үнэхээр санаанд багтамгүй чадвар Малаудад байдаг. Бөмбөгөнд зүгээр л хүрдэг мэт боловч дамжуулалт, гоол гээд үнэхээр ухаалаг. Тэр талбайг гэлтгүй эсрэг багийн тоглогч, багийн сэтгэхүйг уншиж чаддаг нэг төрлийн тактикийн хүн” –Дидье Дрогба-

“Заримдаа түүнтэй хамт тоглох нь тайвшрал авчирдаг. Малаудаг бөмбөг эзэмшиж, хурдтай гүйх үед талбай дээрх өөрийн, айлын гэлтгүй бүгд хурдан хэмнэлд орж, тоглолт шууд эрчимждэг. Түүний дамжуулалт одоо ч Челсид үгүйлэгддэг байх” – Жонн Терри-

Эх сурвалж: “Chelsea FC Mongolia”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж