Зах зээлийн нийгэмд шилжсэн улс орнууд иргэдээ аж амьдралынх нь түвшин буюу сар, жилийнх нь орлогоос хамааруулан гурван зэрэглэлд ангилдаг. Дээд, дунд, доод гэж. Хар үгээр бол баян, ядуу, дундчууд гэсэнтэй адил утгатай юм. Тэгээд төрийн бодлогоор дундчууддаа гол анхаарлаа төвлөрүүлдэг. Яагаад гэхээр дундчууд хэдийгээр их хэмжээний татвар, орлого оруулдаггүй ч, төр засгаас элдэв зүйл нэхэж зовоодоггүй, нэг ёсондоо өөрөө өөрсдийгөө болгоод явдаг хүмүүс гэсэн үг л дээ. Хамгийн их гуйж гувшдаг, тэгсэн мөртлөө нийгэмд үгүй юм гэхэд ядаж өөрийнхөө төлөө ч гэсэн гар хөдөлгөх хүсэлгүй бүлэг хүмүүс аль ч улс оронд байдаг нь доод буюу ядуу гэгдэх давхрагынхны чамгүй хувийг эзэлдэг. Манайхаар бол “өвгөнтийнхөн”, “хогчид”, “ траншейныхан”, “тэнүүлчид” гэхчлэн янз бүрээр нэрлэдэг шүү дээ. Эдгээр хүмүүст юу ч өгөөд бараг л нэмэргүй. Тэд өгснийг идэж, ууж дуусгаад дахиад л нэхнэ. Тиймээс улс орнууд тэдгээр хүмүүсийг өөрийн орны иргэн, бас хүн гэдэг талаас нь хүндэтгэж өлсөж, хөлдөж, өвдөж үхэхээс хамгаалсан хүмүүнлэгийн арга хэмжээ авдаг юм билээ. Тухайлбал, буяны байгууллагуудаар дамжуулан үнэгүй хооллох, хуучин хувцас тараах, түр хоноглох нийтийн байр гаргах, энэрлийн эмнэлэг ажиллуулах гэхчлэн. Харин манайд бол арай өөрөөр ханддаг. Тэднийг Монголын ард түмэн хэмээн нэрлэнэ уг нь ард түмний хэсэг мөн л дөө . Сонгуулийн өмнөх жилд бол бүр ч илүү анхаарч УИХ-аар хэлэлцэн хууль гаргах ч энүүхэнд. Гэр мэр тараагаад л. Нөгөөдүүл нь гэрээ хүлээж аваа ч үгүй байхдаа л урьдчилаад зарчихсан байдаг гэсэн. Харин хүн амын гуравны хоёроос ч илүүг эзэлдэг дундчуудаа болохоор дэмжих нь байтугай амьдрал ахуйгаа дээшлүүлэх алхам тутамд нь саад тээг тавихыг яана. Элдэв лиценз, зөвшөөрөл нэхэж нэг зовооно. ТҮЦ, мухлагийг нь нурааж, хөөж бас тарчлаана. За тэгээд лангууных нь түрээсийг нэмэх, ачаа тээврийн хөлс, зээлийн хүү, гаалийн татварыг нь нэмэхээс авхуулан шахсаар байгаад нэг л өдөр доод давхрага буюу траншейныхны эгнээнд орохоос өөр гарцгүй болгоно. Дээд давхарагад багтагсадын хувьд бол их өөр. Сайд дарга нар бүгд тэр давхарагад багтдаг болоод тэр биз ээ. Үндсэндээ бүх зүйл ногоон гэрлээр шийдэгдэнэ. Улсад их татвар төлдөг болохоор арга ч үгүй байх л даа.
Ийм олон зовлон нуршсаны учир нь дээр цухас дурдсан “шинэ эргэлтийн” бодлоготой л холбоотой юм. Бүгдийг нь буруутгах гэсэнгүй. Мэдээж аливаа шинэ ажил бүр ямар нэг саадгүй шуудхан хэрэгжих нь үгүй. Жишээ нь, хүний хувийн машинуудыг долоо хоног бүрийн нэг өдөр явуулахгүй байх шийдвэр байна. Гудмаар явган явж буй хүмүүсээс уг шийдвэр зөв бурууг асуувал бүгд л зөв гэх нь ойлгомжтой. Бас хэд хэдэн машинтай хүмүүс ч гэсэн буруутгахгүй толгой дохих нь тодорхой. Харин ганц машин арай гэж авсан, тэр дотроо нөгөө ганцаараа ажил амьдралаа залгуулдаг иргэдийн хувьд бол айхтар хүнд биш юм гэхэд чамгүй саад учруулдаг болохыг олон хүн хэлнэ дээ. Ялангуяа өвлийн энэ хүйтнээр дулаан гараажгүй хүмүүс нэг өдөр, хоёр шөнө дамнуулан гадаа машинаа зогсоож хөлдөөхөөс эхлээд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ хамар хацрыг нь хайруулан гүйлэх гээд зовлон их. Нийтийн тээвэр нь хүрэлцээтэй, тухтай бол ч бас яая гэхэв. Ядаж байхад явган хүний зам гэж авах юм байхгүй. Бөөн шороо, чулуун дундуур, хальтарч унан бэртэж гэмтэх, утаанд хахаж цацан алхах ямар олигтой байхав. Түр зуур юм даа л гэж тэсэхээс яалтай.
Тэгсэн чинь ойрноос бүр ноцтой нэг “шинэ эргэлтийн бодлого” хэрэгжих сурагтай. Нийслэлийн гудамжаар долоо хоног бүрийн ням гаригт буруу талдаа жолоодлоготой машинуудыг явуулахгүй болох юм гэнэ. Ямар гээчийн хавчлага вэ. Нийслэлд бүртгэлтэй нийт машинуудын тал хувь нь буруу талдаа жолоодлоготой байдаг гэсэн судалгаа гарч. Мэдээж хэрэг тэдний ихэнх нь нөгөө л ганц машинтнууд, машинаараа ажил амьдралаа залгуулагчид байж таарна. Өөрөөр хэлбэл, дундаж амьдралтай иргэд гэсэн үг. Зам түгжрэлгүй сайхан болох байх л даа. Сайд дарга нар хотын төвөөр 100 миллийн хурдтай давхиж, төр улсын ажлаа бүтээгээд л. Хөөрхий дундчууд яахав лангууныхаа бараа материалыг үүрч дүүрээд, хүүхэд, хөгшдөө ганц амралтын өдрөөр хүзүүн дээрээ мордуулаад ч юм уу эрүүл агаарт гаргана л биз. Уг нь хотын бохир агаараас холдоно гэвэл наад зах нь 30 км давхиж байж цагаан цас, цэвэр агаарын бараа хардаг гэсэн. Явган хүмүүс хаа холдохов. Цонх хаалгаа сайн хаагаад гэртээ нүүрсээ өрдөөд сууж таарна. Буруу талдаа жолоодлоготой машиныг цаашдаа хориглох гэж байгаа бол эхлээд хилээр ийм төрлийн машин оруулахыг хязгаарлах хэрэгтэй баймаар. Шийдвэр гаргагчид маань хүн амынх нь ихэнх бүр дор орчихоогүй ч дундаас доош түвшинд амьдардаг гэдгийг бодмоор л юм. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад” байна уу, эсвэл “будаач будаач гэхээр сахлаа будах ” гэгч болоод байгаа юм уу. Уг нь иргэдээ хохироож, “хэлмэгдүүлж” биш, тав тухтай амьдруулах талаас нь харж “шинэчлэл”-ийн бодлогоо хэрэгжүүлдэг бол зүгээрсэн. Одоо чинь машин тансаг хэрэглээ биш шүү дээ, ихэнх иргэдийн хувьд. Буруу жолоодлоготой машиныг нь бодлогоор хурааж аваад оронд нь нөхөн төлбөр болгож зөв жолоодлоготой машин тараах гэж байгаа бол ч өөр хэрэг. Хүний хувийн өмч хөрөнгийг төрийн нэрээр хурааж, хэрэглэхийг хязгаарлах нь хуучин коммунистуудын л хэрэглэдэг үндсэн арга биз дээ. Хойд Солонгос болон Хятадад л үе үе иймэрхүү арга хэрэглэдэг гэсэн. Манайх чинь ардчилсан улс биз дээ.