Тэгвэл “жендэр” гэдэг ойлголтыг жинхэнээр нь хэрэглэж, Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг мөрдөж эхлэх цаг хугацаа энэ нэгдүгээр сарын 1-нээс эхэллээ. Мөнөөх муйхар үзлээрээ “Дарга болох авгай нарын эрх ашгийн тухай хууль” хэмээн бүү махчилж ойлгоорой гэж уншигчдаас хүсье.
Юуны өмнө Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль эрэгтэй, эмэгтэй ялгалгүй тэгш үйлчилнэ. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэнцвэртэй байдлыг энэ хуулиар зохицуулах гээд байгаа хэрэг. “Уг хуулийн зорилт нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыгхангахнөхцөлбүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн оршилд зааснаас агуулгыг нь ойлгож болно.
Монгол Улсын хэмжээнд хүйсийн тэгш байдал алдагдаагүй. Гэхдээ ажил хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах тодорхой төвшинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн харьцаа алдагдсан нь Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан гаргах үндсэн тулгуур болжээ. Боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг ч шийдвэр гаргах төвшинд төлөөлөлгүй шахам. Их, дээд сургуулийн оюутны дийлэнх нь охид байхад 1990-ээд оны эхээр өмч хувьчлал эхэлмэгц эцэг, эхчүүд хөрөнгийн эзэн суулгаж мал маллуулахаар хөвгүүдээ бөөн бөөнөөр нь сургууль завсардуулан бичиг үсэггүй шахам болгож байсныг жишээлж болно. Үүнээс шалтгаалаад эмэгтэйчүүд гүйцэтгэх ажлын голыг нугалж, сэхээтний голдуу хүүхэд байсан хөвгүүд эрийн цээнд хүрээд шийдвэр гаргах төвшний тушаалуудыг эзэлчихсэн байх жишээтэй. Харин нөгөө бичиг үсэггүй шахуу хоцорсон эрчүүд хэн болсныг бэлээхэн харж болно.
Эрэгтэй, эмэгтэй аль алийн хүйсийн тэнцвэр албан тушаал, ажил төрөл дээр алдагдчихаад байгааг шинэ оны эхний өдрөө үйлчлэх хуулиар шийдвэрлэх гэж байна.
Тухайлбал, төрөөс эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд дараахь бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Томилогдох төрийн болон улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байна гэжээ. Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөллийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15 хувиас, бусад төв байгууллагын удирдлагын 20 хувиас, яамдын газар, хэлтсийн даргын 30 хувиас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байлгахаар заажээ.
Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх, онцгой байдлын байгууллага зэрэг эрчүүд голлон алба хаадгаас бусад байгууллагын төрийн тусгай албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх юм. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх аж. Эмэгтэйчүүд давамгайлсан боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт эрчүүдийн төлөөллийг 40 хувьд хүргэхийн тулд багш, эмч бэлтгэдэг их, дээд сургуульд оюутныг хүйс заан элсүүлэх зэрэг аргаар шийдвэрлэх юм байна. Ингэж хүйс заадаг тогтолцоо өмнөх нийгэмд байсан нь аливаа салбарын ажиллагсдын хүйсийн харьцааг ойр байлгахад чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
Хуульд зааснаар төрийн байгууллагын дэргэдэх болон үндэсний хэмжээний хороо, зөвлөл, комисс зэрэг зөвлөлдөх буюу хамтын удирдлагын байгууллагад аль нэг хүйсийн төлөөлөл нийт гишүүний 40 хувиас доошгүй байна. Төрийн ба төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хуульд заасан байна.
Насанд хүрсэн иргэдэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын төвшний зөрүүг багасгахад чиглэсэн боловсрол нөхөн олгох албан болон албан бус сургалтад хамрагдах, тасралтгүй боловсролын үйлчилгээг хүртэх тэгш боломж, нөхцөлөөр хангахаар хуульд тусгажээ. Ингэснээр гарын үсгээ зурж мэдэхгүй нөхөд цэргийн албанд мордож, цэрэгт очоод улс орноо хамгаалах бүү хэл, цагаан толгой үзэж дөрвөн аргын тоо бодсоор халагддаг байсан үеийн гамшиг арилна гэсэн үг. Гадаад орнуудад эмэгтэйчүүд, охидын боловсрол дорой байдаг бол Монголд эрчүүдийн боловсрол доогуурт ордог нь мөнөөх өмчийн эзэн суулгах гээд хөвгүүдэд дунд сургуульд ороогүй шахам байхад нь гаанс, тамхи зэхэж өгөөд уурга хуйв атгуулчихдагтай хамаатай асуудал. Одоо тэдэнд боловсрол нөхөж олгох асуудал Жендэрийн тэгш байдлын хуулиар хэрэгжиж эхлэх гэж байна.
Өмчийн эзэн нь эрчүүд байдаг нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдгийг ч засч залруулах талаар хуульд тусгажээ. “Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хувь хөрөнгийг тогтооход оролцох, түүнийг захиран зарцуулах, орлого олох, гэр бүлийн бусад хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулах зэрэг гэр бүлийн гишүүний эрхийг хүйсийн шинжээр хязгаарлаж үл болно.
Эхнэр, нөхрийн гэрлэснээс хойш гэр ахуйн ажил ба өрхийн аж ахуй эрхэлсэн, хүүхэд, ахмад настныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь хэмээн тооцно” гэж хуульд тусгаад байна. Ингэснээр “ажилгүй гэрийн авгай” гэсэн ойлголт ул болж хоцрох юм.
Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн харчуудад арга хэмжээ авахаас гадна хэдэн хүүхэд төрүүлэх зэргээ ээж аав хамт шийдэж байхаар хуульчлагдлаа. Хүссэн хүсээгүй жирэмслэлт, үр хөндүүлэх эсэх нь ганц эхнэрийн хэрэг биш, эхнэрийнхээ эрүүл мэндийг хайрлах нь бас нөхрийн үүрэг болохыг энэ хуульд оруулаад байна. Тэгэхээр жендэр гэдэг даргад дуртай, хоол хийж хог цэвэрлэх дургүй авгай нарын тухай биш нийгмийн бүх амьдралыг тэгш зохицуулах тухай хууль гэдгийг ухаарах цаг ирлээ.