Сонирхуулахад, Тяньжиний “Grand Theater” нь байгуулагдаад зургаан сар болж байгаа шинэхэн театр бөгөөд “Opera house” нь 1600, концертийн танхим нь 1200 хүний суудалтай. Энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа дэлхийд данстай ОХУ-ын Москвагийн хөгжмийн театр, BBC үндэсний оркестр, Мама Миа мюзикл, NHK-ийн симфони оркестр, Валерий Гергиевийн удирдлаган дор Марийнский театрын оркестр зэрэг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нэр хүндтэй уран бүтээлчид тоглолтоо хийжээ.
Тяньжины “Grand Theater”-т амилсан “Цөмөөхэй” балетын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, III нарийн бичиг Д.Булган болон албаны бусад хүмүүс, "Нью-Йорк" сонины сурвалжлагч Sheilla M, Tianjin Daily сонины эрхлэгч Han Xiao Jing, Тяньжин хотын Азийн асуудал хариуцсан захирал Teng Jian Zhen нар оролцжээ. Түүнчлэн хаалтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд эрхт Элчин сайд Xiaolong Wang оролцож, УДБЭТеатр Тянъжин "Гранд" театрын хооронд гурван жилийн хамтын ажиллагааны санамж бичигт "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нар гарын үсэг зурсан байна.
Дашрамд сонирхуулахад ДБЭТ Монголын үзэгчдэдээ шинэ оны бэлгээ задлахаар зэхээд байгаа юм. Энэ сарын 11, 12-нд Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нарын хамт “Хунт нуур” балетад тоглох бол 19-нд тайзнаа тоглох алдарт Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг АНУ-ын удирдаач дохин, 27-нд эгшиглэх Дж. Пуччинийн “Тоска” дуурьд Армяны шилдэг тенор Ованес Айвазян сопрано Б.Эрдэнэтуяатай дахин хоршин дуулах юм байна.