Тус бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын тэргүүн, мөн сайд нарыг хуралдаандаа оролцуулан мэдээлэл сонсч байх дэг тогтоохоор болжээ. Эхний ээлжинд ирэх даваа гаригаас эхлэн Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулж Засаг дарга нарын томилгоо юунаас болж хойшлоод буйд тодорхой мэдээлэл өгөхийг хүсэх гэнэ.
Тус бүлгийн гишүүд “Орон нутгийн сонгуулийн дүнд МАН нь 21 аймгийн есөд, нийслэлийн есөн дүүргийн дөрөвт ялалт байгуулсан. Гэвч өнөөг хүртэлх хугацаанд есөн аймгаас ердөө гурвынх нь Засаг даргыг Ерөнхий сайд батламжилсан бол хотын дарга Э.Бат-Үүл нь дөрвөн дүүргээс ердөө нэг дүүргийн Засаг даргыг баталсан. Энэ нь орон нутгийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүйтэй холбоотой байх магадлалтай” гэж үзэж байгаа бөгөөд энэ нь улстөржих асуудал биш, орон нутагт өвөлжилт хүндэрч цаг агаар хүндрэлтэй болсон энэ үед Засаг даргыг яаралтай батламжлах шаардлагатай байгаа учраас энэ асуудлаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох ёстой гэж үзжээ.
МАН-ын бүлгийн дарга ”Ерөнхий сайд МАН ялалт байгуулсан Завхан, Дархан, Өвөрхангай аймгийн Засаг даргыг батамжилсан. Харин Хөвсгөл, Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр зэрэг нийт зургаан аймгийн Засаг даргыг өнөө хэр нь батламжлаагүй. Уг нь аймаг бүрийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан болж, Засаг даргынхаа нэрийг дэвшүүлэн, 2-3 удаа Ерөнхий сайдад уламжилсан. Гэвч учир битүүлэг байдлаар өнөөг хүртэл батламжлахгүй цаг алдаж байгаа нь цаанаа нийгмийн хувьд маш их сөрөг үр дагавар дагуулж байна” гэж мэдэгдлээ.
Тус бүлгийн хэлэлцсэн хоёр дахь асуудал нь мөн Засгийн газарт ханджээ. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд гаргасан арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих зорилготой 200 тэрбум төгрөг, “Чингис бонд” нэртэй 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бондын талаар Ерөнхий сайдыг бүлэгт мөн мэдээлэл хийх хүсэлтийг хүргүүлчихээд байгаа аж. “Бонд бол цаанаа Монголын ард түмний ирээдүйд төлөх их өр. Тиймээс Засгийн газраас энэ чиглэлээр байгуулагдсан зөвлөлд сөрөг хүчнээс төлөөлөл оролцуулж хяналт тавих ёстой” гэсэн шийдлийг гаргасан тухайгаа Н.Энхболд дарга мэдэгдлээ. Иймээс эл асуудлаар Ерөнхий сайдын байр суурийг сонсох гэнэ.
Бүлгийн дэд дарга С.Бямбацогт бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Монгол Улс 1921-1990 он хүртэл 14 тэрбум ам.долларын зээл тавьж байсныг санууллаа. Уг зээлээрээ 21 аймагт сургууль, цэцэрлэг барьж байсны зэрэгцээ Улаанбаатар хотод том, том орон сууцны хорооллыг босгож чадсан. Тэгвэл “Чингис бонд”-ыг үр ашигтай зарцуулах ёстой ч үүнийг гаргаад сар шахмын хугацаа өнгөрөхөд монголчууд 30 цэцэрлэг барих дайны мөнгийг зөвхөн хүүнд нь зарцуулж буй. Тиймээс энэ асуудал бол Монгол хүн бүрийн анхаарал тавих асуудал болж буй тул сөрөг хүчний хувьд үүнд тодорхой мэдээлэл сонсч хяналт тавих ёстой болж байгаа гэлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхний заалтыг дэмжих бололцоотой хэмээн үзсэн байна. Үүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалтыг дэмжих бололцоотой гэж үзсэн аж. Эл заалтыг Ардчилсан намын бүлгийн гишүүд мөн дэмжээд байгаагаа өнөөдөр мэдэгдсэн. Харин хоёр дахь заалт болох УИХ-ын гишүүнийг хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаагч нотолсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Ингэж үзсэн нь УИХ-ын гишүүний асуудал гэхээс илүүтэй улстөрийн тогтвортой байдал дархлааг хангахтай холбоотойгоор асуудлыг авч үзсэнтэй холбоотой гэж бүлгийн дарга хэллээ.