Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг гэдэг утгаараа энэхүү наадмын шалгаруулалт улс төрийн хувьд ч нийгэмд нөлөө үзүүлэх байдлаараа ч анхаарал татдаг. Энэ жилийн шалгаруулалт хэдийгээр МАН-ыг эрх барьж байх хугацаанд хэт нүсэр бөгөөд ёслол төгөлдөр болдог байснаасаа даржин болсон гэсэн шүүмжлэл сонсч байгаа ч олон жилийн турш эрх баригчийн байр сууринаас ханддаг байсан “уламжлал”-аасаа харин ч татгалзаж, илүү шинэлэг, шинэ үеийнхнийг сонгосон наадам боллоо гэж хэлж болохоор байна.
Тухайлбал, шинжлэх ухааны салбарт 28 насандаа Герман улсад докторын зэрэг хамгаалсан, МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг санаачлагч, МУИС-ийн МТС-ийн захирал Ч.Лодойравсал, соёл урлагийн салбарт ”Премьер Министр” хамтлагийн ахлагч Б.Амархүү, Дэлхийн Монгол хүнээр JCI байгууллагын дэд ерөнхийлөгч Ө.Батбаяр нарыг шалгаруулсныг нэрлэж болно. Мөнхүү олимпиор амьсгалсан өнгөрсөн жилийн спортын салбарын шилдгээр оюуны спортоор дэлхийд гайхуулсан Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг сонгосон нь онцгой содон байлаа.
Улс төрийн томоохон хүчний залуусын байгууллага зохион байгуулдаг гэдэг утгаараа ч өмнөх жилүүдийн улстөрийн шилдгүүдийн сонголтоороо ч хамгийн их анхаарал татдаг “Алтан сарнай” наадмын Нийгэм, улс төрийн салбарын онцлох хүний энэ жилийн шалгаруулалт ч бас өвөрмөц болсныг онцлох хэрэгтэй.
Улстөрийн байгууллагын хувьд МАН-ын лидерүүдийг “жагсааж” байдаг “Алтан сарнай” энэ жил оны улс төр, нийгмийн онцлох хүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаруулсан нь энэ удаагийн УИХ-д эмэгтэйчүүд хүч төрөн орж ирсний бас нэгэн илэрхийлэл боллоо. Мөн түүнчлэн ирэх жил болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгуулийн сунгаанд бүсгүйчүүд өрсөлдөж магадгүй гэсэн яриаг ч уг шалгаруулалт идэвхжүүлэв бололтой. Улс төрийн намуудын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг нам доторх сунгаагаараа тодруулдаг. Тэр тусмаа энэ жил МАН-ын зүгээс эмэгтэй улстөрчийг сунгаанд хүч үзүүлнэ гэсэн бодлого баримталж буйг үүгээр мөн илэрхийлсэн байж магадгүй юм. Үнэхээр ч эмэгтэй улстөрчдийн их улс төр дэх оролцоог чухалчилж байгаа энэ үед эрхэм гишүүн Д.Оюунхоролыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаа хүлээж буй ч юм билүү. Ямартаа ч Монголын улс төрийн томоохон намын лидерүүдийн өрсөлддөг оны шилдгээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэрлэгдсэн нь бас л оны онцгой үйл явдлын нэг боллоо.