
С.Лувсанвандангийн нэрэмжит аймгийн ХДТ-ын тайзнаа аймгийн сүлд дуугаар залж буй “Баянхонгор миний нутаг”-ийн үгийг крилл болон уйгаржин бичгээр бичиж байрлуулсан байв. Сүлд дуу залах ёслолыг аймгийн Засаг Д.Жаргалсайхан нээж, хүндэтгэлийн үг хэлсэний дараагаар Монгол улсын төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам “Баянхонгор миний нутаг” дуугаа дуулж хөгжөөв. Энэ үеэр хүндэт зочид болон арга хэмжээнд оролцсон бүхий л хүмүүс босож, нутгийнхаа сүлд дууг даган түрлэг нэмлээ.
Ийнхүү Баянхонгор аймгийн 80 гаруй мянган иргэний зүрх сэтгэлийг бадраах, нутаг усаараа бахархах омогшлыг төрүүлэх сүлд дууны үгийг крилл болон уйгаржин бичгээр бичсэн хувийг аймгийн ХДТеатр болон Нутгийн Удирдлагын Ордонд хүндэтгэн байрлуулав.
Дашрамд сонирхуулахад, “Баянхонгор миний нутаг” дуу нь одоогоос 14 жилийн өмнө бүтжээ. Үгийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Монгол улсын Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Д.Ганбат нар бичиж, аяыг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул хөгжмийн зохиолч Т.Ганболд нар зохиосон байна. Энэхүү уран бүтээлийг 2008 онд аймгийн ИТХ-аас аймгийн Сүлд дуу болгохоор шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсоор хүндэтгэн залаагүй байсан юм.