Холливудын зартай “гэмт хэрэгтэн” Линдсей Лохан улиран одсон 2012 оныг багагүй дуулиан шуугиантай үдлээ. Линдсей Лохан өнгөрсөн онд хэд хэдэн автомашины осол гаргаж, үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгт хоёр ч удаа холбогдон нэгнээс нь ял, шийтгэл сонсч, согтуугаар жолоо барьсан хэд хэдэн зөрчил гаргаж, шөнийн клубт зодоон хийж, асар их хэмжээний төлбөрт орох зэргээр 26 настай залуухан бүсгүйн хувьд хэтийдсэн гэмээр дуулиан дэгдээж байсан. Харин өнгөрсөн онд түүний хувьд ганц гэгээлэг зүйл нь алдарт жүжигчин Элизабет Тейлорын амьдралаас сэдэвлэсэн “Лиз ба Дик” нэртэй кинонд нэрт жүжигчний дүрийг бүтээсэн явдал байв. Гэсэн хэдий ч түүний олон удаагийн бүтэлгүйтэл, муу нэр нь энэ киног амжилт олоход нэлээд саад болжээ. Үүний зэрэгцээ Линдсейгийн аав Майкл Лохан Эшли Хорн гэх 17 настай нууц охиноо гаргаж ирснээр тэрээр дахин нэг дүүтэй гэдгээ мэдсэн байна. Хэдийгээр шинэ он хэдийнэ гарч, бүх зүйл шинээр эхэлж байгаа боловч Линдсей Лохан өмнөх оныхоо хуучин хэргүүдийг бүрэн гүйцэд шийдвэрлэж амжилгүй 2013 онтой золгожээ.
Б.АНХТУЯА