Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн


Мэдээллийн NEWS агентлаг, NEWS.mn сайт уншигч та бүхэнд шинэ оны эхний бэлгээ барьж байна.

2013 оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Уг ёслолтой холбоотой мэдээлэл, нийтлэл, сурвалжлагыг NEWS агентлаг анх удаа өөрийн тусгай сурвалжлагчаар дамжуулан хүргэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ онд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг монгол хүн газар дээрээс нь сурвалжилж, харьцуулалт, ажиглалт, тэмдэглэл, сурвалжлага бэлтгэх нь уншигч та бүхний сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ Мартин Лютер Кинг тухайн үедээ “манай талынх” байсан бол “Үнэн” сонин дээр ингэж “магтах” байсан болов уу. “Хөрөнгөтөн Америк”-ийн бурангуй нийгэмд социалист гэрэл гэгээ нэмэгч, боолчлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой халуун тэмцэгч, чин зоригт хар арьстан, дэлхийн хүн төрөлхтөний хайртай хүү … Төсөөлөхөд сайхан л магтаалын үг. Гэхдээ өрсөлдөгч Бүгд Найрамдах Намынхан нь АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг яг ингэж “магтаж” байгаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, эдийн засгийн талаар хэрэгжүүлж буй бодлогод нь өгсөн үнэлэлт дүгнэлт бол хоёргүй утгаараа ингэж л зурагдаж байна, америкийн хэвлэлүүдээр…

Энэ жил, 2013 онд дээрх “төсөөллийн магтаалын эзэн” Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна …” гэдэг алдарт үгээ хэлсний 60 жилийн ой тохионо. Хүний эрхийн төлөө тэмцэл 60 жилийн өмнө ямар хурц хэлбэртэй байсан, 60 жилийн дараа ч ямар чухалд тооцогдсон хэвээр байгааг харахад мөнхийн сэдэв гэгдэх хайр дурлалаас нэг их ялгарахгүй сэдэв бололтой. Кингийг 1963 онд “Би мөрөөдөж байна …” гэдэг үгээ хэлж байхад 16 настай байсан жаахан хүү өнөөдөр 76 настай, бас л ануухан гялалзаж яваа. Тэр хүү хар арьстан болж төрснийхөө төлөө автобусанд суух, сургуульд сурах эрхгүй, цагаан арьстануудад хууль үйлчилдэггүй байсныг, амьдарч буй нийгэмдээ ах дүүс, төрөл төрөгсөдөөрөө хэрхэн гадуурхагдаж явснаа мартаагүй яваа. Гэхдээ яг тэдний дундаас, дэлхийн тэргүүлэх гүрний ерөнхийлөгч сонгогдсоныг, өнгөрсөн жилийн сонгуулиар хоёр дахь удаагаа улиран сонгогдож буйг хараад эрх чөлөө ямар агуу болохыг хэрхэн мэдэрсэн бол…

Ийм түүхэн цаг үед АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь бүрэн эрхийнхээ Ерөнхийлөгчийн тангаргыг өргөх гэж байна. Түүний хоёр дахь ялалт “Урагшаа” гэсэн уриатай байлаа. Харин тэд юуны төлөө урагшилж байгааг дэлхий нийт ирэх 4 жилд чих тавин сонсоно.

  Гэрэл зургийг degrassi.wikia.com, bet.com –оос авав.


АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын нийгэмд үзүүлэх нөлөө

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь ердийн нэг ялалтын баяр биш юм. Түүний ялалт ч Барак Обама гэдэг улс төрчийн хувийн ялалт биш. Энэ бол асуудал байгааг олж хардаг, түүнийг шийдвэрлэж чаддаг Америкийн нийгмийн тогтолцооны “зөвтгөл” юм. Үнэндээ америкийн нийгэм бол аймшигтай нийгэм, маш их асуудалтай, нүдэнд үл үзэгдэх маш их дарамттай нийгэм. Өдөрт дунжаар 30, 40-н хүн тогтмол буудуулж үхдэг, хар тамхи, зэр зэвсэгийн худалдаа наймаа, алан хядагчдын гол бай, эдийн засгийн өөрчлөлт, хямрал гээд тоочоод байвал Монгол хажууд нь “харьцангуй тайван хөгжилтэй” мэт. Гэвч энэ бүхнээ шийдэж чадна гэдэг итгэл үнэмшлийнхээ төлөө, өөрт нь болон өрсөлдөгчид нь саналаа өгсөн бүх хүмүүст “Урагшаа” гэж хэлж чадах хүнийг сонгож болдог тийм эрх чөлөөт нийгэм. Одоогоор ийм итгэл төгс удирдагчийг бий болгож чаддаг тогтолцоо гэвэл Америкийн нийгэм л байна. Зул сарын баярын өмнөхөн гарсан аймшигт хэргийн талаар үг хэлж байхдаа унагасан нулимс нь хатаж амжилгүй тангараг өргөх гэж буй энэ хүн Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна …” гэдэг үзэл санааны бодит биелэл юм. Мөн түүнчлэн дэлхий нийтэд ирэх 4 жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд хэрхэн хандахаа илэрхийлж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн “мессеж” энэ үеэр цацагдана. Түүний хэлж буй үг, олон нийтэд хандсан уриалга нь 314 сая хүнтэй энэ орон нэг хүн мэт урагшлах ёстойг, нэгдсэн улс гэсэн итгэл үнэмшлийг нь бэхжүүлж өгдөгөөрөө алдартай. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол анхаарах үйл явдал, интернэтийн голлох дуулиан болох нь гарцаагүй.

Гэрэл зургийг www.news.mn сайтын захиалгаар Вашингтон хотоос бэлтгэв.

Тангараг өргөх ёслолын агуулга

Монголчууд бид “үгэн доторх үг” гэж ярьдаг бол Америкчууд “үгэнд тохирох үйлдэл” гэж ярьдаг бололтой. 2009 онд анх удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Ерөнхийлөгч Барак Обама хэд хэдэн улс төрийн болон түүхэн үйлдэл давтсан нь АНУ-д боолчлолыг халсан Ерөнхийлөгч Авраам Линкольнд үзүүлсэн хүндэтгэл байв. АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгчийн хувьд боолчлолыг халсан Ерөнхийлөгчдөө үзүүлж буй хүндэтгэлийн утга учир, ач холбогдол одоог хүртэл үнэ цэнэтэй хэвээрээ байна. Тэрээр тангараг өргөх ёслолын урд өдөр Пенсильваниа мужаас уурын галт тэргээр Вашингтонд ирж, Ерөнхийлөгч Авраам Линкольны тангараг өргөхдөө ашигласан Библи судар дээр гараа тавьж тангараг өргөсөн юм. Угаасаа боолчлолыг халсан Ерөнхийлөгчдөө үзүүлж буй хүндэтгэл, хар арьст хүмүүст өгч буй итгэл найдвар, тэднийг гэсэн нэгэн үзүүрт сэтгэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн голлох улс төрийн дүр төрх байсан гэж дүгнэж болохоор юм. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама ч үүнийг 2011 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтанд хэлсэн үгээрээ нотолсон юм.  

  Гэрэл зургийг blog.svconline.com, komonews.com –оос авав.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолын бас нэгэн сонирхолтой “үзүүлэлт” нь Харандаан хөшөөнөөс холгүйхэн Африкан-Американ түүх соёлын Үндэсний музейн барилгын ажил юм. Энэ барилга АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаанд буюу 2015 онд ашиглалтанд орно. Манайхаар бол бараг Сүхбаатарын талбайнхаа урд захад шахуу “газар олгожээ”. Улс төржүүлж харсан ч, түүхэн ач холбогдлоор нь бодсон ч америкийг өөрчлөхөд хар арьст хүмүүсийн оруулсан түүхэн гавъяаг мөнхжүүлсэн энэ ажил нь нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөх нь ойлгомжтой. Түүхээ өөрсдийн гараар бичиж яваа эрх чөлөөт нийгмийн бас нэгэн “бренд алхам”.

Гэрэл зургийг www.news.mn сайтын захиалгаар Вашингтон хотоос бэлтгэв.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгч энэ хоёр байшингийн нэгнийх нь өмнө тангараг өргөж, нөгөөд амьдарна. Энэ хүн бол хоёр охины аав, АНУ-ын анхны хар арьст тэргүүн хатагтайн нөхөр, анхны хар арьст Ерөнхийлөгч, өдгөө 51-хэн настай идэр эр Барак Хуссейн Обама юм. Дэлхийн улс гүрнүүдийн нийгмийн амьдралд нөлөөлөх олон чухал шийдвэр энэ байшингуудаас гарсан учраас, гардаг учраас харуул хамгаалалт нь тэр чинээгээрээ өндөр. Одоогоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын тайз  засагдаж байгаа нь энэ. 2013 оны 1 сарын 21-нд хоёрдах бүрэн эрхээ хэрэгжүүлэх тангаргаа өргөнө. Америкийн Цагаан Ордоныг зөвхөн буу барьсан америк хүмүүс хамгаалдаг гэвэл бас учир дутагдалтай. Энэ байшинг америкчуудын эрх чөлөөний тухай үзэл санаа, америкчуудын эрх чөлөө өөрөө энэ байшинг хамгаалж, манаж байдаг бөгөөд, америкийн Ерөнхийлөгчийн сонгууль ньтэр эрх чөлөөний хэрэгжилтийг харуулдаг сонгодог үйл явц гэж дүгнэж болно.

Гэрэл зургийг www.news.mn сайтын захиалгаар Вашингтон хотоос бэлтгэв.

Б.ЖАРГАЛ. /АНУ. 2013. 01. 01/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж