Сирийн удирдагч Башар аль Ассадыг эсэргүүцсэн ард иргэдийн уур бухимдлаар Сирийн хямралын үндэс суурь тавигдсан. Үндсэндээ Арабын хавраас хойш Сирийн байдал маш хүнд болж хувирсан гэхэд болно. Улмаар иргэний дайны хэмжээнд хүрчихээд байна. Яг одоо дэлхийн томоохон байгууллагууд болоод том гүрнүүдийн анхаарлын төвд яах аргагүй энэ асуудал ороод байгаа. Өнгөрсөн жилд ч энэ асуудал халуухан сэдвүүдийн нэг байсан. Ажиглагчдын үзэж байгаагаар Сирийн зүүн болон баруун хэсэг үзэл бодлоороо хуваагдаад байгаа. Баруун хэсэг нь Ассадыг дэмжих магадлал өндөртэй бол зүүн хэсэг нь өөр байр суурьтай байдаг аж. Гэхдээ энэ бол үнэн эсэхийг нь мэдэхэд тун бэрх асуудал. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнийг энхийг сахиулах алхам гэж нэрлээд байгаа ч асуудал иргэний дайны хэмжээнд хүрснээс үзвэл том гүрнүүдийн дараагийн алхам ч байж болох талтай. Яг л Ирак, Афганистантай адилаар. Иргэний дайн даамжрах тусам Сирийн эдийн засаг улам бүр суларч байгааг санахад илүүдэхгүй. Тэгээд ч Сирийн асуудалд ОХУ дэлхий нийтээс огт өөр өнцгөөс хандаж байгаа. Тэд Сирийн талд илэрхий орохгүй байгаа ч олон улсын байр суурийг хангалттай шүүмжилж байгаа гүрэн.
Сирийн хилийн зурвасаас гадагш гарах шаардлагатай 500 мянган хүн байгаа бөгөөд 4 гаруй сая хүн дүрвэгсдийн хуаранд хоноглож байна. Сирийн газар сайгүй хүчирхийлэл, гэмт хэрэг, дээрэм тонуул гаарсан төдийгүй, төрөл бүрийн халдварт өвчлөл урьд байгаагүйгээрээ нэмэгджээ. Ассадын байр сууринаас харвал энэ жилд ч Засгийн газар болоод засаглалаа өөрчлөхгүй бөгөөд цэргийн хүчиндээ найдаж байгаа. Гэхдээ томоохон гүрнүүд шашны болоод улстөрийн үзэл бодол хоорондын зөрчилдөөнийг нэмэгдүүлж болох талтай. Хамгийн гол нь сүүлийн хэдэн сарын хугацаанд химийн зэвсгийг ихээр хэрэглэх болжээ. Сирийн чөлөөлөх арми буюу сөрөг хүчний цэргүүд маш сайн зэвсэгтэй байгаа. Эндээс зэвсгийг хэн нийлүүлээд байна гэсэн том асуулт урган гарч ирнэ. Ямар ч байсан Сирийн армид зэвсэг болон төмөр нийлүүлж байгаа гүрнүүд тодорхой болсон. Зэвсэглэлийн тал дээр Иран, төмөр нийлүүлэхэд Катар, Саудийн Араб, Турк ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа. Сирийн иргэний дайны ард Хезболла, Курдын цэргүүд байгаа гэж таамагладаг ч бүрэн тодорхой болчихоогүй байгаа юм.
“Сирийн ард иргэд засаг солигдохыг, эрх чөлөөг олж авахыг эрмэлзэж байгаа. Үүний тулд бүхий л зүйлийг цэвэрлэх хэрэгтэй” НҮБ-ын гэрээлэгч Лахдар Брахими ярьжээ. Гэвч Сирийн нийт ард иргэд чухам үүнийг хүсч байгаа юу гэдэг эргэлзээтэй. Сирийн ихэр гэж хэлж болох Иракт одоо байдал ямар байгааг дэлхий нийт харж байгаа.
Бүх зүйл буцаад л Сиритэй холбогдоно. Дэлхий дахинд хуруунд шигдсэн өргөс мэт болоод байгаа Сиритэй газар нутгийн байрлалаараа ч, баримталдаг зарчмаараа ч цорын ганц “нөхөр” нь Иран. Тагнуулын болоод цэргийн тал дээр Арабын хавраас хойш энэ хоёр улсын нөхөрлөл улам зузаарсан. Ираны талаас шаардлагатай бүх талаараа тусалж байгаа. Мөн тэд химийн зэвсгийг ашиглах урт хугацааны хөтөлбөрийг ч боловсруулаад байгаа юм. Энэ бүгдийг хараад АНУ, Япон тэргүүтэй улс гүрнүүд зүгээр суухгүй. Өнгөрсөн оны сүүлийн таван сарын хугацаанд Олон улсын цөмийн энергийн холбоо Ираныг анхааралдаа авсан. Үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн орон бол Израйль. Тэд Иран улсыг цөмийн хөтөлбөрөө сэргээсэн тухай удаа дараа мэдэгдээд байгаа бөгөөд тагнуулын байгууллагын шугамаар олж авсан мэдээлэл гэж баталдаг. Мөн дээрээс нь энэ сараас Орос, Иран улс хооронд уран нийлүүлэх гэрээ хэрэгжиж эхэлнэ. Энэ ажилд зориулж ОХУ-ын талаас нэг сая ам.долларыг гаргахаар болоод байгаа билээ. Ираны Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээс үзвэл 20 хувийн баяжуулаагүй ураныг ОХУ-ын талаас авах юм. Үүнийг зэвсэг хийхэд хамгийн тохиромжтой зүйл гэдгийг Олон улсын цөмийн энергийн газраас сануулаад буй.
Гэхдээ дөнгөж дээрдэж эхэлж байсан АНУ болоод Иран улс хоорондын харьцаа хэрхэх нь хамгийн том асуулт болоод байна.
Энэ бол Цагаан ордныхны хувь тун таагүй мэдээлэл. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ асуудал чухал байрыг эзэлж ирсэн. Ирэх жилүүдийн хөтөлбөр ч эдийн засгаа хэрхэн тогтвортой байлгаж, яаж өсгөх рүү чиглэнэ гэдэг нь гарцаагүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Хятад, АНУ хоёр тийм ч томоохон өсөлтийг үзүүлж чадаагүй. Харин Энэтхэг, Бразил улсын эдийн засгийн өсөлт эдгээр улсуудаас өмнө гарсан гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч байсан санхүүгийн хадан цохионоос салахын тулд АНУ татварын бодлогоо чангатгах болсон бөгөөд тодорхой хувиар хасахаар болж байгаагаа шинэ оны эхэнд мэдэгдсэн аж. Хятадууд 2013 оныг эдийн засгийн өсөлтийг 10 хувьд хүргэх гэж зарласан. Гэхдээ эдийн засагчдын үзэж байгаагаар 10 хувиар өсгөх маш хэцүү бөгөөд 5 хувиас дээшлүүлж чадвал хамгийн том үсрэлт байх болно хэмээн мэдэгдээд байна.
Энэ бол маш эргэлзээтэй асуулт. 2008 оноос хойш жил ирэх бүр буурал тивийн эдийн засаг дордож буй. 2007-2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Европын ихэнх улсуудад эдийн засгийн сэргэлт ажиглагдахгүй байна. Герман, Франц, Их Британи гэсэн томоохон гүрнүүдийн эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа гэж хэлж болно. Угтаа Франц, Их Британи улсууд Европын холбоонд нэгдсэн ч мөнгөн тэмдэгтээ еврогоор бүрэн солиогүй улсууд билээ. Харин Герман улсын тухайд еврогийн мөнгөний анхны ханшийг тогтоохдоо Германы дойч маркийн бусад улсуудтай харьцах ханшинд тулгуурлан тогтоосон нь энэ улсад эдийн засгийн хямралд өртүүлэхгүй байх нэг үндэслэл болсон гэхэд хилсдэхгүй. 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Грек улс дэлхий хамгийн том бондыг авч чадав. 206 тэрбум еврогийн бондыг Грекийн Засгийн газар гаргасан байна. Хэрвээ энэ бүх зээлийг 2020 оны Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж үзвэл 117 хувиар өсөх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Анх 2010 оны нэгдүгээр сард 47,8 тэрбум еврогийн зээл авсан бол 2011 оны есдүгээр сард 180 тэрбум еврогийн зээлийг аваад байсан билээ. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сард болж өнгөрсөн сонгуулийн дараа Грек улс Европын холбооноос гарна гэсэн мэдээлэл цацагдсан ч үүнийг хэрэгжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан Грекийн эдийн засгийг ирэх 30 жилийн хугацаанд аврахын тулд дэлхийн томоохон 10 гаруй эдийн засагчдыг ажиллуулна гэсэн мэдээлэл дэлхий нийтээр цацагдаад байна.
Мөн Испани, Португаль, Итали улсууд энэхүү хар дансанд нэмэгдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч байсан 2013 онд эдийн засгийн байдал хэр зэрэг дээрдэхийг харах үлдсэн.
Энэ мэтчилэн маш олон асуудал шинэ жилд хүлээж байна. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө яаж шийдэх вэ? Египетийн байдал яаж шийдэгдэх вэ, Морсигийн дараагийн алхам юу вэ? зэрэг олон асуудал биднийг хүлээж байна. Дээрээс нь дэлхийн цаг уурийн байгууллагын мэдээлж байгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн маш олон гамшигт үзэгдэл болно гэдгийг сануулж буй. Далайн бүс нутгуудад циклоны нөлөөлөл эрчимжиж, газар хөдлөлтийн давтамж ч олшрох магадлалтайг сануулаад байна.