Нийслэл Шинэ Дели хотод арванхоёрдугаар сарын 16-нд автобусаар зорчиж яваад балмад этгээдүүдийн золиос болсон бүсгүйн чандрыг өчигдөр Ганг мөрний усанд цацжээ. Уттар Прадеш мужийн Баллия дүүрэгт болсон зан үйлийн ёслолд түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, сайн сайхныг хүсэн ерөөсөн хэдэн зуун хүн оролцсон байна. Хотын оршин суугчдаас гадна нийгэм, улс төрийн салбарын идэвхтнүүд ч оршуулгын ёслолд хүрэлцэн иржээ. Сингапурын эмнэлэгт сүүлийн хоёр долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлж байсан тэрээр бямба гаригт амьсгал хураажээ. Харин удаахь өдөр нь Дели хотноо чандарласан байна.
Дэндүү харгис хэрцгий, хүмүүн ёсноос гажууд гэмт үйлдлийг биеэрээ мэдэрч, амь насаараа “төлсөн” тэр бүсгүйн үхэл олон сая энэтхэгчүүдийн уур хилэн, бухимдал, цөхрөл, шаналлын илэрхийлэл болсоор буй. Эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, боомилсон, тэднийг дорд үзэх байдлыг үндсээр нь халж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хууль бий болгохыг тэд шаардаж байна. Улс орон даяар эсэргүүцлийн арга хэмжээ болж, хэдэн зуун мянган хүмүүс хөөрхий бүсгүйн төлөө залбирсаар байна. Нийгмийн хандлага, ард иргэдийн амьдрал тайван бус байгаа энэ үед шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхаар Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мухержи зарлигджээ. Бусад хүмүүсийг ч мөн өөрт нь хандан мэндчилгээ ирүүлэхийг тэр хүлээн зөвшөөрөхгүй гэв. Зэвсэгт хүчний сүрлэг парадыг ч болиулж, эрх баригч Үндэсний конгрессийн нам баярын арга хэмжээгээ цуцалжээ. Улсын хэмжээнд хэдэн зуун зочид буудал, шөнийн цэнгээний клуб, бизнес уулзалтын төвүүд шинэ жилийн баярт зориулсан хөтөлбөрөөсөө татгалзав.
Харин цагдаагийн байгууллагынхан аймшигт хэргийг үйлдсэн зургаан этгээдийн тавыг нь баривчилжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэд цаазын ял сонсоно. Зургаа дахь сэжигтнийг 18 нас хүрээгүй, өсвөр насны хүүхэд гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. Цагдаагийнхны зүгээс түүний насыг тодорхойлохоор яснаас нь шинжилгээ авахаар болсон гэнэ. Олон нийтийг цочирдуулсан энэ халдлагын эсрэг, гэмт этгээдүүдийг илрүүлэн, шийтгэх асуудалд дэндүү хойрго, мөчид хандаж байна хэмээн Энэтхэгийн Засгийн газар дотоодод төдийгүй олон улсын тавцанд ч ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байна. Албан ёсны мэдээгээр Дели хотод 14 цаг тутамд нэг эмэгтэй бусдын хүчинд автдаг гэнэ. Харин саяхнаас л, тодруулбал, дээрх аймшигт хэргээс хойш тус хотод амьдарч буй эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч эхэлжээ. Цагдаагийн шөнийн эргүүлийн хүчийг нэмэгдүүлж, автобусны жолооч болон тэдний туслахуудыг тогтмол хянан шалгах болж, цонхны шилийг тендсэн, эсвэл хөшигтэй байхыг хориглох болсон байна. Дели хотын удирдлагууд даваа гаригаас эхлэн эмэгтэйчүүдэд туслах тусгай дугаар ажиллуулах болжээ. 24 цагийн турш ажиллах 181 тусгай дугаараас улсын хэмжээнд байх цагдаагийн 185 хэлтэстэй шууд холбоотой ажиллаж байгаа аж.
Гэвч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс бусдын хүчинд автаж, гэмт үйлдлийн золиос болж буй бүсгүйчүүд ихэвчлэн нийгмийн дундаж ба түүнээс доош давхаргынхан байдаг, тиймээс хүмүүсийн үзэл бодол, нийгмийн хандлага, соёл суртахууныг үндсээр нь шинэчлэн, эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар хангах зохицуулалт хийхийг шаардаж буй юм. Эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авч, хууль батлах хүртэл жагсагчид тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсээр байна.
Амиа алдсан бүсгүйн гэр бүлийнхний зүгээс гэмт этгээдүүдэд цаазын ял оноох ёстой, үүний төлөө ч тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. “Тэмцэл дөнгөж эхэлж байна. Гэмт этгээдүүдийг дүүжлэх ёстой, бид үүний төлөө тэмцэх болно, эцсээ хүртэл” хэмээсэн хохирогч эмэгтэйн ахын яриаг “The Indian Express” сонинд нийтэлжээ. Энэ хэрэг түүний гэр бүлийг зовлон шаналал, уй гашууд автуулсан хэмээн бүсгүйн аав ярьсан байна. “Дэндүү харамсалтай байна. Би одоо хэр нь ч охиныхоо өрөө рүү орж зүрхлэхгүй байна. Охин маань энэ байшинд төрсөн. Түүний ном, хувцас гээд бүхий л зүйл яг л хуучин байрандаа байгаа. Түүнийхээ дуу хоолойг дахин хэзээ ч сонсохгүй гэдэгт итгэхэд бэрх байна” хэмээн аав нь ярьжээ.
Анагаах ухааны чиглэлээр суралцдаг байсан хохирогч бүсгүйн нэрийг олон нийтэд зарлаагүй юм. Тэрээр найз залуугийн хамт Делигийн Мунирка орчимд автобусаар зорчиж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртжээ. Тэд хотын баруун өмнөд хэсэгт орших Дваркад очиж, кино үзэхээр явж байсан гэнэ. Тэд дотно харилцаатай, ойрын хугацаанд гэрлэхээр ярилцаж байсан тухай хохирогч бүсгүйн найзууд хожим нь ярьжээ. Гэрэлт ирээдүй мөрөөдөж явсан бүсгүйн мөрөөдөл түүнтэй хамт замхарсан. Үүнд хэн буруутай вэ? Энэтхэгт чухам ямар учраас эмэгтэйчүүдтэй ийн дорд харьцдаг вэ?
Эхийн хэвлийд бойжиж буй ураг эмэгтэй бол үр хөндүүлж, охин үр мэндэлбэл нярайд нь хороох зэргээр хүйсийн тэнцвэртэй бус байдал, гажуудал энэ нийгэмд бий. “Азаар” хүн болж, өсч бойжсон тэдний цөөнгүй хэд нь насан туршдаа алагчлан ялгаварлах үзлийг мэдэрч, шударга бусаар шоовдорлогдон, дутуу үнэлэмжтэй насыг элээдэг гэх.
“TrustLaw” гэх байгууллагаас Энэтхэг улсыг Их-20-ийн гүрнүүдийн дотор эмэгтэй хүний хувьд хамгийн тааламжгүй улс хэмээн нэрлэжээ. Энэ улсад эрх баригч намын тэргүүн нь эмэгтэй, парламентийн доод танхимын спикер нь эмэгтэй, бас Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван ч эмэгтэй сайд бий, бас урлаг, спорт, бизнесийн салбарын нэрийн хуудас болсон бүсгүйчүүд олон байдаг. Гэвч эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг өссөөр л байна.
2011 онд эмэгтэйчүүдийн эсрэг 24 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүчингийн хэрэг өмнөх жилтэй харьцуулахад 9,2 хувиар өсчээ. Тэдгээр хэргийн золиос болсон эмэгтэйчүүдийн талаас илүү (54,7) хувь нь 18-30 насныхан. Гэтэл цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр гэмт хэргийн 94 хувьд нь гэмт этгээд нь хохирогчийг ямар нэг байдлаар таньдаг байсан ба нийт гэмт хэргийн гуравны нэгт нь хөрш айлынхан нь холбогдсон байна. Улсын хэмжээнд гарч буй нийт хүчингийн хэргийн 17 хувь нь нийслэл Делид бүртгэгджээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг зөвхөн хүчирхийллээр дуусахгүй. Эмэгтэйчүүдийг хулгайлах болон дээрмийн хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 19,4 хувиар өссөн бол аливаа төлбөр мөнгөний төлөө эмэгтэйчүүдийн амийг хөнөөсөн хэрэг 2,7 хувиар, тамлан зовоох хэрэг 5,4, барьцаалах хэрэг 122 хувиар өсчээ.
Дээрх тоо баримтаас энэтхэг эмэгтэйчүүдийн эмзэглэлийг олж харж болно. Энэтхэгт эмэгтэй хүн насан туршдаа ямар нэг байдлаар аюул заналтай учирч байдаг. Харгис хэрцгийлэл, эрүүл мэндийн халамжийн тэнцвэргүй байдал, тэгш эрхийн асуудал гэх зэргээр. Энэтхэг эмэгтэйчүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, аюулгүй байдлыг хангахын тулд нийгмийн хандлага, суртахууныг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэдгийг шинжээчид хэлдэг. Уламжлан заншсан эцгийн эрхт ёс, гэрлэлтийг үл зөвшөөрөх ёс нь нутгийн дийлэнхэд, ялангуяа хойд нутгаар түгээмэл байдаг аж. Энэ байдлыг арилгаж, эмэгтэйчүүдийн эрхийг хангахаар амладаг ч бүтээмж муутай төрийн түшээдийг энэтхэгчүүд эсэргүүцсээр байна.
Гэхдээ оюутан охины харамсалтай үхэл Дели дэх тэмцэгчдийг дахин нэгдэхэд хүргэж, басхүү итгэлийн галыг нь асаажээ. Түүний үхэл Энэтхэгийн түүхийг өөрчилнө гэдэгт итгэх нэгэн ч байна. Учир нь энэ л учир шалтгаанаар засгийн эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг хангах хууль батална гэдэгт тэд итгэж, бас үүний төлөө тэмцэж байна.