Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баяр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтсан өдрүүд өмнөх шигээ өөдрөг сайхан болж өнгөрлөө. Жаахан хачир нэмэхэд өнгөрсөн шинэ жилийн баяруудаас ялгаатай нь 2012-ыг эсэн мэнд туулсны баяр харин давхацсан гэж болно.

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэх яриа монголчуудыг нэг хэсэгтээ донсолгоод амжсан. Эртний маяачуудын он тооллын хуанлиас үүдэлтэй, нийгмийн нэг хэсгийн төлөөлөл болсон бөө удгад, мэргэч төлөгчдийн дэлхий сөнөнө гэсэн төлөг төөрөг, түүний эсрэг шинжлэх ухааны байгууллагуудын хийсэн хариу залруулга, тайлбар мэдээллүүд өнгөрсөн нэг сарын турш энэ сэдэв рүү монголчуудыг эрхгүй хадуурахад хүргэсэн билээ. Эцэст нь нэг хэсэг нь “дэлхийг аварсан” ачтан болж, нөгөө хэсэг нь тэднийгээ дооглон ярилцсанаас өөр шинэ зүйлгүйгээр өнгөрсөн оныг үдэв.

Одоо ч гэсэн интернэтийн орчин, facebook, твиттер хуудсанд “ном уншдаггүй, нотолгоонд итгэдэггүй” нийгмийн хар масс Монголоор дүүрч, монголчууд улам харанхуй бүдүүлэг болж буй тухай харуусал, шүүмжлэл дүүрэн байгаа. Араас нь шинжлэх ухааны мэдлэгийг түгээх, нийгийг гэгээрүүлэхэд анхаарах цаг нь болсон тухай сануулгууд…

Гэвч харамсалтай нь, энэ харанхуй байдал зөвхөн шинжлэх ухааны мэдлэг дутсанаас болсон ч юм уу, нийгмийн нэг хэсэг харанхуй бүдүүлэг хэсгийн тухай яриа биш бололтой. Ерөнхийдөө Монголын нийгмийн байж байгаа байдаль, “мораль”-тай холбоотой гэвэл илүү үнэнд дөхнө.

Өнгөрөгч 21-ний өмнөх өдөр буюу 20-ны үдэш нийслэлээс зуслан руу гардаг бүх зам шөнө дөл хүртэл ачаалалтай байж, хөнжил пүүгээ, хоол ундаа ачсан нийслэлчүүд хотын төв, өндөр байшингуудаас дайжсан. Зуслангүй нэг нь гэр хорооллын айл бараадаж, гэр, байшин хөлслөн шахцалдаж хоносон тухай ч дуулдаж л байсан. Чадал чансаатай, аминдаа арчтай зарим нь Дорнодын тал, энергийн төв гээд сүйрлээс амьд үлдэх боломж хайн талийж өгсөн ч гэнэ лээ. Тэдний дотор нэлээд олон компанийн захирлууд, хөрөнгөтөн баячууд байсан сураг дуулддаг. Танилын маань эхнэр түүнийг ажилдаа явбал сална гэсэн тухай, өөр нэг нь “Цагдаагийн дарга яагаад цагдаа нараа эргүүлд гаргахгүй байна аа, маргааш үймээн гарвал яана” гээд миний мэдэх болон мэдэхгүй хүрээнд дэлхийн сүйрэлтэй холбоотой олон яриа өрнөсөн билээ.

Олзуурхууштай нь маргааш өглөө нь хотын зам тэр аяараа сийрч, ажил төрөлдөө зарим нь нэг өдөр нуруу тэнэгэр өнжсөн билээ. Харин 22-ны орой Энхтайваны гүүр өгсөн хөнжил пүүгээ, ор дэвсгэрээ арынхаа суудалд нэвсийтэл ачсан том, том жийпүүд цувж байхыг хараад атаархаснаа нуух юун.

Ингээд бодохоор дэлхийн сүйрэлд итгэх, итгэхгүйд боловсролтой боловсролгүй, мөнгөтэй мөнгөгүйн ялгаа ч тун бага байсан бололтой. Зүгээр л өнгөрсөн 20 гаруй жилд бидний нээлттэй ертөнцөөс хурааж хуримтлуулсан иргэншил, олсон мэдлэг, амьдралын хэв маяг, ёс суртахуун буюу “мораль”-тай холбоотой асуудал. Угаасаа 20 жилд монголчууд нийтээрээ мөнгөжих, хөрөнгөжих, эрх мэдэлд хүрэх, бие биенийхээ дээр гишгэж амьдрахын төлөө шинжлэх ухаан байтугай хууль журам, ёс суртахуунаас гадуур бүхнийг хийж ирсний л нэг илрэл, үр дагавар нь энэ л дээ.

Бодоод үз л дээ. Сургууль төгссөн залуу ажилд орохын тулд аль нэг газар анкет бөглөхөөс илүү аав эжийнхээ танил тал, ах дүү хаана, хэнд талтай, хэнд нөлөөтэй байж болох вэ гэдэг судалгаанд ордог. Ажилд орсныхоо дараа хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлэх тухай биш, яаж ахиухан цалин авах тухай /энэ хоёр хоорондоо шууд хамааралтай тухай бол цөөхөн хэсэг нь л эргэцүүлдэг байх/ ухаанаа мэрж, харин амьдрал жаахан тэгшрээд бусдын өмнүүр гишгээд эхлэхээрээ эхнэрээ хэрхэн залуужуулах, эсвэл залуухан нууц амрагтай болох тухай толгойгоо гашилгадаг ч юм уу. /За энэ ч арай хэтэрчих шиг боллоо, гэхдээ л гүзээгээ унжуулсан харчуул болон оюутны ширээнээс гараагүй охидын үерхэл бол нэг хэсэгтээ л “моод” байлаа/

Цаашлаад Монголын толгой баячууд хаана ч билээ даяанчлаад ирсэн нэг ламын хөлд суун мөргөж, улаан нүүрэн дундуураа алгадуулан чөдрөөр ороолгуулах замаар барцдаа арилгуулж байгаа бичлэгийг youtube-ээс хараад гайхсанаа нуух юун. Тэдний дэргэд өрнөдийнхөн сүмд очиж залбирал үйлдэх, өнчин хүүхдүүдийн асрах газарт буяны хандив өгөх энэ тэр бол хамаагүй шинжлэх ухаанлаг харагдана. Дэлхийн баячуудын компанийнх нь нэр хүнд зах зээл дээрх хувьцааны борлуулалт, өсөлт бууралт дээр явдаг бол манайд хэний морь улсын наадамд хэдэн удаа айрагдсан бэ гэдгээр олон нийтийн дунд эрэлттэй байх жишээтэй. 

Улстөрд ч гэсэн энэ харанхуй байдал үргэлжилдэг. УИХ-д өчнөөн олон удаа сонгогдсон туршлагатай эрхэм өрөөндөө сан тавих, сонгуульд орохдоо лам залж ном уншуулах энэ тэр бол юу ч биш. Монголын нэртэй төртэй, хөрөнгө чинээтэй хүн бүрийн ард арыг нь даасан нэг том лам байдаг гэж байгаа. Томчуудын ар тал ийм байдаг бол улс төрд шинээр орж байгаа залуучуудын хувьд тэдний үзэл бодол, нийгэмд өөрийгөө хэрхэн харуулахаас илүү хэн нэг даргын цүнхийг хэдэн жил барьж гүйснээс ирэээдүйн зам мөр, улс төрд хэр хол явах нь шийдэгддэгийг харж болно.

Парламентын танхимд ороод ирсэн хойно ч гэсэн хэн хэдэн удаа үг хэлж телевизийн камерт өртсөн, хэн нь илүү чанга дуугарч цээжээ дэлдсэн, “ард түмний нэрийн өмнөөс” ярьснаар улстөрчийнх нь рейтингийг тогтоодог байсан цаг ердөө нэг, хоёр жилийн өмнө. Ийм олон “улстөрч”-ийн шууд нөлөөгөөр парламент болоод Засгийн газраас гарч буй олон шийдвэр нийгмийн хөгжлийг түргэтгэхээсээ илүү тухайн цаг үеэ аргацаасан, гал унтраасан, асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү олон нийтийн таалалд нийцүүлэх байдлаар явж ирсэн билээ.

Нэг ёсондоо бид бүгдээрээ дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаан болоод хууль ёс, ёс суртахуунаас хол хэмжүүрээр өөрсдийгөө хэмжиж, тэс өөр замаар явж ирсэн байхад “2012 онд дэлхий сүйрнэ” гэж итгэсэн нийгмийнхээ нэг хэсгийг буруутгаад яах юм бэ. Шинжлэх ухааны мэдлэггүй байна, харанхуй байна л гэнэ. Шинжлэх ухааны мэдлэгийг ч өглөө, өглөө гээд яах юм. Тэртэй тэргүй түүнээс давсан үйлдлүүд нь энэ нийгэмд чинь шалгарч, үнэлэгдэж байна шүү дээ. Харин ч энэ үнэнтэй нүүр тулахад хүргэсэн “2012” мандтугай.

                Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж