Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Тэд тэнгэрт хальжээ

Дэлхийн түүхэнд мөнхрөн үлдэх олон эрхэм өнгөрч буй онд нарт хорвоог орхин, тэнгэрт хальжээ. Тэднээс та бидний сайн мэдэх заримыг нь эргэн дурсъя.

Нэгдүгээр сарын 4. Ева Арнольд, гэрэл зурагчин, 99 нас
 
Ева Арнольд Оросоос АНУ-д дүрвэсэн еврей айлд төржээ. Нэлээд хожуу буюу 34 наснаасаа гэрэл зураг сонирхох болсон тэрбээр урт удаан насалж, ховор торгон агшныг гэрэл зургийг хальснаа буулгах авьяасаа бүрэн нээх боломжийг алдсангүй. “Harper"s Bazaar” сэтгүүлээс гэрэл зургийн карьераа эхлүүлсэн Ева Арнольд Марлен Дитрих, Жоан Кроуфорд, Элизабет Тейлор, Кларк Гейбл, Малькольм Икс, Жаклин Кеннеди, Маргарет Тетчер, II Елизавета зэрэг цуутнууд болон хөлсний ажилчид, Монголын нүүдэлчид, ахмад дайчид зэрэг энгийн хүмүүсийн зургийг түүхэнд үлдээжээ. Арнольдыг алдаршуулсан Мерилин Монрогийн гэрэл зургууд нь тусгай ном болон хэвлэгдсэн байлаа. Мэргэжлээ орихоод  удалгүй тэрээр Лондон хотын асрамжийн газар 99 насандаа өөд болжээ.

Нэгдүгээр сарын 24. Тео Ангелопулос, кино найруулагч, 76 нас

Теодорос Ангелопулос орчин үеийн Грекийн кино урлагийн гол найруулагч нь байлаа. Түүний амжилтыг Венеци ("Мөнгөн арслан" шагналыг "Манан дахь зураглал" киногоор, 1988)  Канн (“Улиссийн харц" киногоор Гран-при, 1995, Алтан дал модны мөчир шагналыг  "Мөнхрөл ба нэг өдөр", 1998) тэмдэглэжээ. Ангелопулосийн уран бүтээлийн гол онцлог нь үйл явдлаар бага, удаан хөдөлгөөн, урт кадрууд байлаа. Түүнийг шинэ кино зургаа авч байх үеэр зургийн талбайд нь мотоциклтой залуус дайрч, тэрбээр амь үрэгджээ.

Хоёрдугаар сарын 1. Анжело Данди, Мохаммед Алигийн дасгалжуулагч, 90 нас

Анжело Данди карьертаа нийт 15 дэлхийн аваргыг  тэдний тоонд Шугар Рэй Леонард, Жорж Форма нарыг дасгалжуулжээ. Гэхдээ тэрээр спортын түүхэнд Мохаммед Алигийн дасгалжуулагч байснаараа илүү нэр хүндтэй. Дандийг боксийн түүхэнд агуу дасгалжуулагч гэж нэрлэн 1994 онд Алдрын танхимд мөнхөлсөн байлаа.

Хоёрдугаар сарын 1. Польшийн яруу найрагч Вислава Шимборска, 88 нас
 
Вислава Шимборскагийн намтар нь яруу найраг шигээ хурц тод үйл явдлаар бага. Яруу найрагтаа Чеслав Милошийг дагалдагч тэр эхлээд социалистуудыг дэмжин Лениний тухай шүлэг бичиж байв. Гэхдээ тэр үзэл санаанаас албан ёсоор татгалзсаны дараа жинхэнэ яруу найрагч болжээ. Бүх сэтгэл нь гаднынх биш дотоод амьдралдаа орсон ба түүний гэрч нь 1996 оны Уран зохиолын Нобелийн шагнал болсон юм. Шимборска нь ХХ зууны дайны дараах үеийн яруу найргийн уламжлыг төгсгөгчдийн нэг юм. Түүнээс хойш, яруу найрагчдаас бүхэл бүтэн 15 жилийн турш хэн ч Нобель хүртээгүй байлаа.

Хоёрдугаар сарын 3. Бен Газзара, Холливудын жүжигчин, 81 нас

Нүдэнд дулаахан харагдах хорон санаатнуудын дүрийг бүтээгч тэр Бродвейн театраас эхлээд 1970-аад оны кинонуудад тоглон алдаршжээ. Түүний найз нэрт найруулагч Жон Кассаветис "Эр нөхөр", "Хятад букмекериг хөнөөсөн нь" зэрэг өөрийн кинонууддаа тоглуулан нэртэй болгосон юм. Отто Премингер, ах дүү Коэнууд, Среди Тодд Солонз, Ларс фон Триер зэрэг цуутнуудын киноны гол дүрүүдийг тэр бүтээжээ.

Хоёрдугаар сарын 6. Антони Тапиес, зураач, 71 нас

 
Каталоны зураач, барималч, график зураач, номын чимэглэгч Антони Тапиес амьдралдаа олон чиглэл, төрлөөр ажилласан бөгөөд дөчөөд оны сүүлчээр дадаистууд ба сюрреалистуудад хамрагдаж байв. Хожим хийсвэр экспрессионизм, ташизм, антиэстетизм чиглэлд хүчээ үзсэн байв. 1970-аад онуудад поп-арт стилиэр зургаа бүтээх болжээ. Зураачийн бүтээлүүд дэлхийн томоохон музейнүүдэд байдаг.

Хоёрдугаар сарын 11. Уитни Хьюстон, дуучин, 48 нас

Түүний амьдралд дэлхийн хитүүд, мөнгө, алдар нэр, киноны гайхамшигтай дүр, дуулиантай гэрлэлтүүд, архидалт ба мансууралт, зодоон, баривчилгаа, хэвлэлийн эхний нүүрнүүд, мартагдал, цуутай эргэн эрэлт бүгд л байв. Эцэст нь тэр бүгд дээр түүний таамаглалтай үхэл нэмэгджээ. Хүүхэд байхаасаа дуулж эхлэн, өөртөө итгэлтэй, секси, эрч хүчтэй эмэгтэйн дүрд тэр орсон байв. “Хар” хөгжмийг сонирхдоггүй хүмүүс ч түүний тоглосон “Бие хамгаалагч” киноны дараа түүнийг хэзээ ч мартахгүй болсон юм.

Хоёрдугаар сарын 22. Людмила Касаткина, жүжигчин, 86 нас
 
Сергей Колосов 1964 онд Зөвлөлтийн анхны олон ангит телевизийн дөрвөн ангит партизануудын тухай киног бүтээсэн ба киноны гол дүрд “Догшин авиртанг номхотгосон нь” киноны од Людмила Касаткина тоглосон юм. ХХ зууны сүүлийн хагаст тэдний олон киног монголчууд үзэн биширч иржээ. Нэгэн гэр бүлийн одод Москвагийн Новодевичийн оршуулгын газар хамтдаа нойрсч буй.

Хоёрдугаар сарын 19. Жон Фейрфакс , аялан жуулчлагч, 74 нас
 
Жон есөн настайдаа скаутуудын лагерьт даргынхаа бууг хулгайлаад, буун дуу гаргаж эхний дуулианаа босгожээ. Арвангурван насандаа Буэнос-Айрес дахь гэрээсээ оргон ширэнгэн ойд амьдарч амьтан барин хоол хүнсээ залгуулж, тэдний арьс ширийг худалдан амьдарч байв. Дараа нь их сургуульд орон гүн ухаан, уран зохиол судалжээ. Хорин насандаа ягуарт бариулан амиа егүүтгэхээр шийдсэн байснаа эцэст нь болиод уг амьтныг гар буугаараа буудан амьд гарч байв. Жараад онд далайн дээрэмчин болж, хулгайн наймаа, мансууруулах бодис зөөж байв. Гурван жилийн дараа тэр Англид амьдрах болов. 1969 онд  тэр ганцаараа сэлүүрт завиар Атлантын далайг гатлан 180 хоногийн дотор 8045 км замыг туулжээ. Үүнээс гурван жилийн дараа тэр найз эмэгтэйнхээ хамт сэлүүр завиар Номхон далайг 361 хоногт гатлан 13 мянган км замыг туулсан байв. Сүүлийн жилүүдэд тэр мэргэжлийн хөзөрчин болсон байжээ.

Хоёрдугаар сарын 22. Дмитрий Набоков, орчуулагч, дуурийн дуучин, 77 нас

Владимир Набоков, Вера Слоним хоёрын ганц хүү Дмитрий 1934 онд төржээ. 1950-иад оны эхээр Харвардад уран зохиол, түүхээр суралцаад дараа нь  Ембрижийн консерваторыг дуучин (бас) мэргэжлээр төгсгөсөн байв. Гэхдээ түүний гол ажил нь эцгийнхээ уран зохиолын өвийг хадгалах, Набоковын зохиолуудыг англи, итали хэлнээ буулгах явдал байлаа.

Хоёрдугаар сарын 25. Морис Андре, гарамгай бүрээчин, 78 нас

Францын Морис Андре 2003 онд мэргэжил нэгтнүүдийнхээ холбооноос “зуун жилийн бүрээчин” гэх цолыг авчээ. ХХ зууны  томоохонд орох хөгжимчин өөрийн урлагаараа бүрээг концертын чухал хөгжмийн нэг гэсэн сонирхлыг бүрдүүлж өгсөн байлаа.  Уурхайчны гэр бүлд төрсөн тэрээр эцгээсээ бүрээний анхны хичээлийг авч байлаа.

 
Гуравдугаар сарын 1. Эндрю Брейтбарт, The Huffington Post сонины сэтгүүлч бөгөөд блогчин, 43 нас

Сүүлийн 15 жилийн АНУ-ын хамгийн нэртэй сэтгүүлч тэр байлаа. Америкийн улстөрчидтэй холбоотой дуулиант материалуудаар тэр алдаршжээ.

 

Гуравдугаар сарын 3. Ральф Маккуорри, дизайнер, 82 нас

Ральф Маккуорри нь Жорж Лукас, Стивен Спилбергийн кинонуудад дизайнчаар ажиллан Чубукки, Дарт Вейдер, роботууд R2-D2 ба C-3PO, Татуин гаригийн төрх зураглалуудыг бүтээжээ. Спилбергийн “харь гаригийн хүн”, эхний Индиана Жонс “Юрийн галавын хүрээлэн” зэрэг киног бүтээлцсэн ба "Конан" киноны ажлаараа тэр Оскарын шагналтан болж байлаа.


Гуравдугаар сарын 17. Чалеу Йювидья, Red Bull ундааг бүтээгч, 80 нас (зарим эх сурвалжаар, 88 эсвэл 90 нас)

Чалеу Йювидья Таиландад ядуу айлд өсчээ.  1960-аад оны эхээр антибиотик зарж, мөнгө босгоод өөрийн гэсэн эмийн компанийг бий болгов. Тэр 1976 онд "Krathing Daeng" ("Улаан бух") ундаагаа танилцуулжээ. Бүтэцэд нь кофеин, таурин, глюкуронолактон ордог уг ундаа удалгүй жолоочид ба ажилчдын дунд алдартай болсноор Тайландын эдийн засгийн өсөлтийн албан бус бэлгэдэл нь болсон түүхтэй. Наяад оны эхээр түүнийг Австрийн Дитрих Матешиц амсаад уг ундааны европ хувилбарыг Йювидьятай хамтран гаргахаар шийдэн тэд Red Bull компанийг байгуулсан бөгөөд анхны бүтээгдэхүүн нь 1987 онд гарч иржээ. Тэр Тайландын гурав дахь баян гэж нэрлэгдэн таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ.

Гуравдугаар сарын 18. V Жорж Тупоу, Тонга улсын хаан, 63 нас

 
Полинезийн Тонга арлын улсын хаан ширээнд  V Жорж  Тупоу (бүтэн нэр нь – Сиаоси Тауфахау Мануматаонго Тукуао V Тупоу)  зургаан жил суусан ч викториан стилийг баригч гэдгээрээ нийтэд танигдсан хүн байлаа. Лондоны таксиний Austin FX4, маркийн машин унахаас гадна тэрээр өөрийн ихэнх эрх мэдлийг Хууль тогтоох байгууллагадаа 2009 онд шилжүүлж байв.

Дөрөвдүгээр сарын 2. Фатма Назлишах Османоглу Султан, Османуудын овгийн сүүлчийн төлөөлөгч, 91 нас

Хувьсгалын өмнөх Туркийн бэлгэдэл болсон Фатма гүнж Османы эзэнт улс задран унахаас хоёр жилийн өмнө 1921 онд төржээ. Цөллөгт байсан гэр бүл нь түүнийг гурван настайд нь Францад авчирсан байлаа. Дараа нь Египетэд амьдарч байгаад хаан цустай гээд Египетийн жонон Мухаммед Абдель Монеймтай гэрлэжээ. 1952 оны хувьсгалын дараа тэд Европт цөлөгдөж байлаа. Фатма 1957 онд Османуудыг цагаатгасны дараа Туркт иржээ. Османы хаан ширээг залгамжлагч Эртугрул Осман Османоглу 2009 онд нас барсны дараа Фатма ганцаараа Османы залгамжлагч болон үлдсэн байв.

Дөрөвдүгээр сарын 5. Фердинанд Александр Порше, автомобилийн дизайнер, 76 нас

Эцэг эх нь түүнийг Porsche компанийг үндэслэгч өвөөгийнх нь нэрээр нэрлэсэн байв. Тэр нэр хүндтэй дизайны сургуулиас хөөгдсөний дараа гэр бүлийнхээ компанид ажиллаж эхэлжээ. Анхных болсон Porsche 911 загвараа тэр 1963 онд хийсэн юм. Фердинанд Александр  1972 онд өөрийн хувийн Porsche Design Studio бий болгосон байлаа. Түүний компанийн эрэгтэйчүүдийн асесуарууд нь наяад оны сүүлчээр Porsche компанийг хямралаас гаргахад нь тус болж байлаа. Домогт Porsche 911 загварын машин өнөөдөр ч үйлдвэрлэгдсээр байна.

Тавдугаар сарын 4. Адам Йоук, "Beastie Boys" рэп хамтлагийн гишүүн, 47 нас
 
Хип-хопийн түүхэн дэх хамгийн гол хамтлаг “Beastie Boys”-ийн цомог 40 сая хувиар зарагдсан юм. Уг хамтлагийг цагаан арьстан залуус үүсгэн байгуулжээ. Тэдний нэг болох Адам Йоук зуурдаар нас барснаар “Beastie Boys” ч мөн төгсөв.  

Тавдугаар сарын 9. Видал Сассун,  үсчин, 84 нас
 
"Розмарийн хүүхэд" киноны Мии Фэрроу дүр дээр ажилласан нь Сассуныг дэлхийд алдартай болгожээ. Түүнийг “хайчны тусламжтайгаар дэлхийг өөрчилсон рок од” хэмээн шүтэн бишрэгчид нь нэрлэдэг.

Тавдугаар сарын15 . Карлос Фуэнтес, мексик зохиолч, 83 нас
 
Карлос Фуэнтесийг Мексикийн хувьсгалын тухай  "Артемио Крусийн үхэл" (1962) роман нь дэлхийд нэртэй болсон юм. Тэрээр Мексикийн уран зохиолд шинэчлэл хийсэн хүний нэг гэгдэхээс гадна ХХ зууны латин Америкийн романы сэргээн цэцэглэлтэд үнэтэй хувь нэмээр оруулсан гавьяатай.

 
Тавдугаар сарын 17. Донна Саммер, дуучин, 63 нас

Донна Саммер бүхий л төрөл стилиэр дуулж байсан ч “Диско хатан хаан” хэмээн үнэлэгддэг. 1970-аад оны сүүлчээр тэр энэ төрөл жанраар уран бүтээлээ туурвих болж, насан өөд болтлоо үнэнч явжээ.

Зургадугаар сарын 5. Рэй Брэдбери, үргэлжилсэн үгийн зохиолч, 91 нас

"Фаренгейтаар 451 градус" гэх антиупопи романыг бүтээгч Рэя Брэдбери нь шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн төлөөлөгч гэгдэх авч тэр ангилалд багтахгүй зохиолч хүн билээ. Тэрээр 13 романаас гадна 400 гаруй өгүүллэг бичиж үлдээжээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл уран зохиолын идеализмаас гадна соён гийгүүлэгчийн идэвхээ харуулж ирэв. Боловсролыг шинэчлээгүй гэж Билл Клинтоныг, сарны хөтөлбөрийг зогсоосон гэж Барак Обамаг шүүмжилсээр байна.

Зургадугаар сарын 11. Теофило Стивенсон, олимпийн гурван удаагийн аварга, 60 нас

Стивенсон сонирхогчдын бокст 20 жилийг өнгөрөөхдөө 332 тулааны 310-т нь ялалт байгуулж байв. Тэрээр дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн гурван удаагийн аварга (1972, 1976, 1980) боксчин юм.


Долдугаар сарын 22. Богдан Ступка,  жүжигчин, 70 нас

 
Украинчууд түүний бүх он цагийн агуу украин хүмүүсийн 47-д түүнийг нэрлэв. Богдан Сильвестрович Ступка үндэснийхээ бараг бүх түүхэн хүмүүсийн дүрийг дэлгэцнээ бүтээжээ.

Наймдугаар сарын 13. Хелен Герли Браун, Cosmopolitan сэтгүүлийн ерөнхий редактор, 90 нас
 
1962 онд Хелен Герли Браун, 37 насандаа нөхөрт гараад “Секс ба нөхөрт гараагүй эмэгтэй” гэдэг номоо бичжээ. Уг номных нь амжилтаас үүдэн “Hearst Corporation”  түүнийг 1965 онд дуудан “Cosmopolitan” сэтгүүлийг сэргээх санал тавьсан байв. Уг сэтгүүлийн анхны эмэгтэй редактор тэрээр гялгар сэтгүүлүүдийн ертөнцөд хувьсгал хийж чаджээ. Нас бартлаа тэрээр уг сэтгүүлийн олон улсын 63 хувилбарыг удирдсаар явлаа.

Наймдугаар сарын 14. Сергей Капица, физик, шинжлэх ухааныг алдаршуулагч, 84 нас

Физикчийнхаа хувьд  Сергей Капица эцгийгээ гүйцэхгүй ч шинжлэх ухааныг алдаршуулагчийн хувьд түүнтэй эн зэрэгцэхээр хүн байхгүй.

 

Наймдугаар сарын 25. Нил Армстронг, саран дээр анхлан хөл тавьсан хүн, 82 нас

Нил Армстронг саран дээр буусан анхны хүн бөгөөд 1969 оны долдугаар сарын 16-д дэлхийн дагуул дээр анхлан хөл тавьсан гавьяа түүнд иржээ. Тэрээр “Миний бодлоор хүн бүр сэтгэлийнхээ гүнд намтрынхаа нэгэн хурц эгшний төлөө биш, хийж бүтээсэн бүгдийнх нь нийлбэрийн төлөө үнэлэгдэн магтуулахыг хүсч явдаг” гэж хэлсэн удаатай.

Есдүгээр сарын 3. Мун Сон Мён, Эв нэгдлийн шашныг үндэслэгч, 92 нас
 
Түүний 1954 онд бий болгосон орчин цагийн хамгийн алдартай шашныг бид  Мунийнх гэж нэрлэдэг. Тэрээр Эв нэгдлийн шашныг үндэслэснээсээ гадна Өмнөд Солонгосын анхны долларын тэрбумтан болсон амжилттай бизнесмен юм.

Аравдугаар сарын 5. Кит Кэмпбелл, биологич, 58 нас

Кит Кэмбелл л дэлхийд анхных болох Долли гэх  хонины эсийн хувилбарыг гарган авснаараа алдартай болсон эрдэмтэн юм. Эсийн хувилбарыг хийсэн нь Ян Уилмут уу эсвэл Кит Кэмпбелл үү гэсэн маргаан 2006 онд цэглэгдэж тэрээр бүх ажлын 66 хувийг хийсэн болжээ. Тэр өөрөө маргаанаас хол байсан ч нэгэн удаа “Хэн нэгэн өөрийгөө хувилах гээд байгааг мэдэхгүй юм. Уламжлалт аргаараа үржих нь хямд бөгөөд хөгжилтэй” гэж  хэлж байлаа.

Аравдугаар сарын 15. Нородом Сианук, Камбожийн ван агсан, 89 нас

Камбожийн үндэсний эвлэрлийн бэлгэдэл болсон Нородом Сианук, 1941 онд хаан ширээнд суугаад биеийн эрүүл мэндийн байдлаас болон 2004 онд хаан ширээнээс татгалзсан байв. Түүний захиргааны үед 1953 онд Камбож тусгаар орон болсон ба өөрөө ерөнхий сайд, ерөнхийлөгч хийж үзжээ. Сүүлийн жилээ тэрээр Хятадад өнгөрөөжээ.

Аравдугаар сарын 18. Сильвиа Кристель, кино жүжигчин, 60 нас

Голланд гаралтай Сильвиа Кристель далаад онуудад Францын хамгийн алдартай од болсон юм. Өөрөө түүнийг олигтой гэж үздэггүй байсан ч  "Эммануэль" кино нь түүнийг алдаршуулсан юм. Амьдрал нь ээдрээтэй, өвчин зовлонтой дууссан юм. Тэрээр унтаж байхдаа амьсгаан хураасан бөгөөд түүнийг төрөлх Утрехт хотод нь нутаглуулжээ.

Арваннэгдүгээр сарын 1. Гаэ Ауленти, уран барилгач, 84 нас
 
Италийн уран барилгач, дизайнч Гаэ Ауленти нураах гэж байсан төмөр замын  буудлыг Францын хоёр дахь том музей болгосноороо нэрд гарчээ. Орсе музейгээс гадна Паристийн Помпидугийн нэрэмжиит  урлагийн орчин үеийн музей нь түүний гол бүтээлийн нэг юм.

Арваннэгдүгээр сарын 26. Жозеф Мюррей, мэс засалч, 93 нас
 
Жозеф Мюррей, анх удаа цус ойр биш хүмүүсийн хооронд эрхтэн шилжүүлэн суулгасан ба 1962 онд нас барсан донорын бөөрийг өвчтөнд шилжүүлэн суулгажээ.

Арванхоёрдугаар сарын 5. Оскар Нимейер, уран барилгач, 104 нас

Орчин цагийн агуу уран барилгач Оскар Нимейер урт амьдралдаа 600 байшин барига, нэг хотыг бүтээсэн байв. Нимейер Бразилийн нийслэл Бразилиа хотын эцэг гэгдэх хүн. Мөн түүний гол бүтээлийн нэг нь НҮБ-ын төв байр юм. Уран барилгач үзэл бодлоороо коммунист байв.

Арваннэгдүгээр сарын 11. Галина Вишневская, дуурийн дуучин, 86 нас
 
Галина Павловна Вишневская бурхнаас заяагдсан дуулах авьяастай хүн байв. Түүний байгалиас заяасан хоолой, эр зориг нь дэлхийн шилдэг театруудад дуулах урилга болдог байлаа. Түүнийг Солженыцинийг дэмжлээ гээд коммунист дэглэм хөөсөн ч авъаясыг нь бүдэгрүүлж чадаагүй билээ.
 

Арванхоёрдугаар сарын 11. Рави Шанкар,  ситара хөгжмийн гарамгай тоглогч, 92 нас

Рави Шанкар дэлхийн хэмжээнд хамгийн алдартай энэтхэг хөгжимчин байлаа. Ситара хөгжмийг гарамгай эзэмшсэн тэрээр уг хөгжмийн зэмсгийг дэлхийд нээж өгсөн юм.

Ш.МЯГМАР

            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж