Төөрөлдсөн ах дүүс Twitter-т уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Төөрөлдсөн ах дүүс Twitter-т уулзжээ

Twitter цахим хуудасны ачаар хөгжимчид, урлагийнхан хамтрагчаа олж, төрөл бүрийн салбарын хүмүүс санхүүгийн тусламж үзүүлэх чухал хүнээ олсон тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байлаа. Харин энэ удаад төөрөлдсөн ах дүүс олон жилийн дараа Twitter-ийн ачаар бие биенээ олсон азтай тохиолдол гарчээ.
Калифорн мужийн Сакраменто хотын “KTXL FOX40 News” мэдээллийн байгууллагад онлайн мэдээний продюсерээр ажилладаг Мэттью Кис гэгч эрт тохиосон санаандгүй, азтай явдлын талаар сонирхуулъя.
“Би үдэш бүр орондоо орохынхоо өмнө и-мейл, Twitter, Facebook-ээ шалгадаг зуршилтай. Харин нэг орой надад анзаарахгүй өнгөрөхийн аргагүй шуудан ирсэн байсан” хэмээн Кис ярьжээ. Нэгэн орой заншил болсон ёсоороо Мэттью Twitter рүү нэвтрэхэд түүнд Адам Смит гэгчээс “Танай ээжийг Жеки гэдэг үү?” гэсэн мессеж ирсэн байж. Ихэд гайхаж, бас сониуч зан нь хөдөлсөн Мэттью уг залуугийн бүртгэлээс зургийг нь харахад ихэд танил санагдсан байна. Тэрбээр “Үнэндээ бол Адам бид хоёр өмнө нь вэб форумд анх тааралдсан юм билээ. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид хоёр MSN болон Skype-ээр холбоотой байсан ч нэг хэсэг харилцаж, нэг хэсэг больж байсан. Гэхдээ бидний хэн хэн нь чухам хэзээ, яаж тааралдсанаа санахгүй байгаа юм” хэмээн ярьжээ. Энэхүү хачирхалтай хэргийн оньсыг тайлахын тулд Мэттью Skype-таа орж, Адам руу мессеж илгээсэн байна. Гэтэл Адам түүнд өөрийнх нь бага насны амьдралаас нь эхлээд сонин сайхан зүйл ярьж эхэлжээ. Энэ талаар Мэттью “Бусад хүмүүс битгий хэл би өөрөө ч тийм сайн мэддэггүй миний бага насны талаар Адам надад ярьж эхэлсэн. Би түүнд гар утасныхаа дугаарыг өгөөд над руу залгаарай гэж хэлсэн юм. Хэдэн минутын дараа тэр над руу залгаад, бид хоёр удаан ярилцсаны эцэст эргэлзээгүй ах, дүүс гэдгээ мэдэж авсан. Бид хоёр шөнөжингөө ярьж, буу халсан болохоор маргааш өдөр нь би ажлаасаа чөлөө аваад, өдөржин унтсан шүү” гэжээ.
Харин Адам Смит хэрхэн Мэттьюг өөрийнхөө ах гэдгийг олж мэдсэн юм бол?
Адамын аав нь өөрөөс нь гадна өөр нэг хүүхэдтэй гэдгийг хэдэн жилийн өмнө ээж нь түүнд хэлж өгчээ. Тэгэхдээ нэрний тухайд Кис гэхээс өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй аж. Харин Адам аав, ээж хоёроосоо ахынхаа талаар асууж, сураглан улмаар Twitter-т бүртгүүлсэн мэдээллийг нь хараад ээжийнх нь тухай асуусан байна.
Нэгэнт ах, дүүс гэдгээ мэдсэнээсээ хойш тэд FOX40 сувгаар ярилцлага өгсөн байна. Хачирхалтай нь, тэд тун ойрхон, ердөө 10 минутын зайтай газар л амьдардаг байсан аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж