Фото: AFP/ PRESIDENCIA
Кубын нийслэл Гавана хотод эмчилгээ хийлгэж байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал мэс дараах хүндрэлийн улмаас өмнөхийн адил амь насанд аюултай байгаа гэж тус орны дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэнийг даваа гаригт мэдээллийн агентлагууд дамжуулж байна.
Чавес одоо Кубад байгаа ба тэрбээр хорт хавдраа авахуулахаар дөрөв дэх удаагаа мэс засал хийлгээд буй билээ. “Ерөнхийлөгч Чавесийн биеийн байдал мэс заслын дараах хүндрэлийн улмаас эрүүл мэндэд нь эрсдэлтэй хэвээр байна” хэмээн Мадуро Гавана хотод очиж, Чавесийг эргэсний дараа хэлжээ.
Венесуэлийн олон нийт сүүлийн хоногуудад Чавесийн инагураци болох нэгдүгээр сарын 10-ны өдрийн талаар идэвхтэй ярилцах болов. 2019 он хүртэл ерөнхийлөгчөөр сонгогдсон Уго Чавес тангараг өргөх ёслолдоо амжин ирж чадахгүй гэж шинжээчид хэлж байгаа ба тангараг өргөх ёслолыг хойшлуулна эсвэл Гавана дахь Венесуэлийн Элчин сайдын яаманд Чавесийг тангараг өргүүлж магадгүй ажээ.