Роналдиньо тэмцээнд уралдаанд оролцохоор бус кинонд дүр бүтээхээр ийнхүү Энэтхэгт ирж байгаа юм. Тодруулбал, тэрбээр өөрт нь зориулан бүтээж буй “Харийнхны эсрэг Роналдиньо” хэмээх кинонд тоглохоор болжээ. Тэрбээр Английн хөлбөмбөгийн “Блэкбурн Руверс” багийн эзэд болон Энэтхэгийн саятан Балажи Рао, Венки нарын урилгаар Энэтхэгт очсон байна.
Роналдиньогийн тухай тус кино нь анимейшн хийцтэй байх бөгөөд Энэтхэгийн кино урлагийн томоохон студи, компаниуд хамтран ажиллах аж. Удахгүй зураг авалт нь эхлэх энэ кино 1996 онд дэлгэцнээ гарсан “Space Jam” кинотой төстэй байх тухай кино сонирхогчид хэдийнэ шуугих болжээ. Тиймээс ч уран бүтээлчдийн зүгээс Ронигийн нэр алдар, гайхамшигтай хууралт, хувийн чадвар зэргийг кинонд ашиглахыг хүсч буй гэнэ. Ронигийн хувьд өөрийн гайхамшигтай ур чадвараа харуулсан олон сурталчилгаа, богино хэмжээний кинонд тоглож байсан юм. Мөн түүний тухай баримтат кино ч олон байдаг боловч түүнд өөрт зориулж бичсэн уран сайхны кино байдаггүй билээ.
Ронигийн тамирчны хувьд амжилттай он жилүүд “АС Милан” болон “Барселона” клубт өнгөрсөн. Тэрбээр 2005, 2006 онд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч, 2002 онд шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргад түрүүлж байсан билээ.